Дэлхийн ТОП сургуулиудын шилдэг магистрын хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс залуус элсэхээр хэдэн зуугаараа өрсөлддөг тул та тэр дундаас хэрхэн ялгарч, ямар давуу талаа харуулж орох вэ гэдэг асуулт үргэлж байсаар ирсэн. Тэгвэл уг асуултанд хариулт олоход тань туслах хэд хэдэн зүйлсийг энэ нийтлэлээрээ хүргэе.
Harvard-н бизнесийн сургууль ч бай Cambridge-н шинжлэх ухааны хөтөлбөрт магистр хамгаалах ч байсан эдгээр сургуулиудад хэрхэн орох вэ? гэдэг асуултын хариулт яг ижил бөгөөд “Зогсолтгүй
хичээ, хамгийн сайн элсэгч болох бэлтгэлээ ханга л” байх болно.
Учир нь ТОП сургуулиудын магистрын хөтөлбөрт элсэгч авах босго асар өндөр, ороод зэргээ эзэмшиж чадвал ирэх үнэ цэн, том хэмжээний нөлөөлөл таны амьдралд авчрах тул (Харвардын Их Сургуулийн MBA програмын төгсөгчид жилд 175 000$ цалинд шууд очдог) өрсөлдөөн их гэдэгт сэтгэлзүйгээ нэн тэргүүнд бэлдэх нь чухал.
ТОП сургуулийн магистрын хөтөлбөрт орох процесс үйл явц маш олон нюансыг агуулсан байдаг тул зөвхөн хар цагаан гэсэн дүрэм үүнд үйлчилдэггүй. Иймд мэдрэмж, бэлтгэл, сэтгэлзүйн сандралтайгаа ажиллах гэсэн хэд хэдэн зарчмыг заавал баримтлаад уг аяллаа эхлүүлээрэй. Хамгийн түрүүнд мэдээж бүрдүүлэх материал:
- GMAT, GRE эсвэл тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын оноо
- Бакалаврын зэргийн диплом болон дүнгийн хуулга
- IELTS-н оноо
- Мэргэжлийн түвшинд таныг тодорхойлж санал болгох 2 захиа
- 1 эсвэл хэд хэдэн эссе (таныг хувь хүн талаас чин болон мэргэжлийн мөн академик чиглэлийг тань багтаасан)
- Нэг нүүр танилцуулга
- Ажлын туршлага, бусад хийж байсан төсөл хөтөлбөрүүдийг багтаасан application
- Зарим сургуулиуд видео хэлбэрээр эссэ авдаг
Дээрх материалуудыг бүгдийг нь бүрдүүлж өгсний дараа таныг ярицлаганд дууддаг бөгөөд цөөн сургуулиудад урилга хүлээлгүй ярилцлага шууд өгөх боломжтой байдаг.
Шалгалтын оноо, хэлний бэлтгэл, бусад материалуудыг бид сайн бэлддэг ч тухайн сургуульд тэнцэх гол үзүүлэлт эссе байдаг тул хамгийн ихээр эргэлзээ төрүүлж хэрхэн бичих вэ гэж удаан хугацаанд төлөвлөдөг энэ том давааг давахад туслах хэдэн зөвлөгөөг тусгайлан доор дурьдая гэж бодлоо.
Сайн сургуулийн магистрын хөтөлбөрт амжилттай элсэхийн тулд бид заавал зохиолч шиг сайн бичих албагүй. Харин маш ойлгомжтой, нуршуу бус, гол санаагаа өгөгдсөн форматын дагуу илэрхийлэх суурь стандартаа барих хэрэгтэй юм. Эссэндээ доорх агуулгуудыг багтаавал их зүгээр:
- Яг хүнийхээ хувьд та хэн бэ гэдгээ бичих (хувийн түүх, туулсан замнал…)
- Магистрын зэргээ авсаны дараа хүрэх зорилго, уг зорилгод чинь магистрын зэрэг авах хэрхэн нөлөөлөх талаар
- Өөрийн хамрагдах хөтөлбөр болон бусад хамт суралцах оюутнуудад өгөх таны нөлөөлөл
- Карьерынхаа туршид таны олж авсан ололт болон уналтуудын талаар
Дээрх зүйлсийг эссендээ багтаах хэрэгтэй бөгөөд товчоор таны эссе үнэн бодит, энгийн, таны хэн гэдэг талаар товч оновчтойгоор өгүүлж байх ёстой. Таны эссег уншиж буй хүн мянга мянган чадварлаг хүмүүсийг эссег уншиж байгаа тул хэрхэн ялгарч анхаарал татах вэ гэдэг өнцгөө мөн сайн бодоорой.
Бүрдүүлэх материалуудаа амжилттай давсан бол түүний дараах хамгийн том даваа мэдээж ярилцлага. Ялангуяа гадаад оюутнуудад илүү сорилттой байж мэдэх энэ шатанд хэрхэн өөрийн
сэтгэлзүй, бэлтгэлээ хангах талаар хэд хэдэн зүйлсийг хуваалцья.
Хамгийн түрүүнд ТОП сургуулиуд ярилцлагын шатандтаа нийтлэг ямар асуулт асуудаг вэ гэдгийг нарийн судлах хэрэгтэй. Сургууль тус бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр боловч ерөнхийлөн авч үзвэл
- Таны гэр бүл, улс орны талаарх мэдээлэл
- Таны амьдралын зорилго тухайн зорилго тань элсэхээр горилж буй хөтөлбөртэй хэр нийцэж байгаа талаар
- Карьерын туршид олж авсан зүйлс, уналт бүтэлгүйтэл
Ихэнх ярилцлага дээр нэг чухал боломж олгогддог нь та тэднээс буцаж асуулт асуух боломжтой бөгөөд маш сонирхолтой асуулт асуух нь анхаарлыг нь татаж, ялгарах нэг өнцөг болдог.
Ингээд ярилцлагын шатаа давсаны дараа ТЭНЦСЭН, ТЭНЦЭЭГҮЙ, ХҮЛЭЭЛГЭНД ОРЛОО гэдэг 3 хариултын аль нэгийг бичсэн имэйл тан дээр ирэх болно. Юу ч болсон бай багадаа жил гаруй хугацаанд бэлдэх шаардлагатай, хатуу хэрнэ хамгийн гоё туршлага болсон үеүүдийг танд өгдөг болохоор хичээгээд эхлүүлнэ гэдэг том алхам юм. Танд амжилт хүсье.