Өнөөдөр:2024-05-20

Герман хэлийг найман сарын хугацаанд сурсан Э.Жавхлангийн туршлагаас

Энэ удаагийн нийтлэлээрээ Герман улсад суралцах, Герман хэлийг бие даан сурахад шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор Герман хэлний В2 түвшинд найман сарын дотор хүрч чадсан, Берлиний Техникийн Их Сургуулийн төгсөгч Э.Жавхлангийн туршлагаас хуваалцлаа. Тэрээр сургуулиа Эрчим Хүчний Инженер мэргэжлээр төгссөн бөгөөд магистрын зэргээ хамгаалахаар дахин сурч байгаа билээ. 

Яагаад Герман улсыг сонгож, суралцахаар болсон бэ?

Өмнө нь би Хятадад амьдардаг байсан учраас АНУ эсвэл Хятадад сурна гэж боддог байлаа. Гэхдээ манай гэр бүлийнхэн Германтай холбоотой бизнес эрхэлдэг байсан учраас мэдээлэл, соёлтой нь ойрхон өссөн. Мөн тус улсын их дээд сургуулиуд нь Дэлхийн боловсролыг үнэ төлбөргүй өгөх боломжийг олгодог нь Германыг сонгох гол түлхэц болсон гэж боддог. Харин мэргэжлийн хувьд Герман улсын эдийн засгийн цөм нь машин, үйлдвэрлэлийн технологи, химийн үйлдвэр гэсэн гурван зүйл дээр төвлөрдөг гэдгийг мэдээд химийн үйлдвэрлэлийг сонгосон.

Таны Герман хэлний В2 түвшинд хурдан хугацаанд хүрэхэд нөлөөлсөн арга барил?

Би Герман улс руу огт хэлний мэдлэггүй явсан учраас бүхнийг эхнээс нь сурсан. Эхлээд хэлний бэлтгэлд сурсан. Хэлний бэлтгэлийн хичээл нь өдөрт 2-3 цаг л ордог байсан учраас бодит байдал дээр хэлний сургалт хангалттай сайн нөлөөлж чадаагүй. Үүний дараагаар нэг жил коллежид сурсан нь Герман хэлийг илүү эрчимтэй, академик түвшинд сурах боломжийг олгосон гэхэд болно. Яг тэр үеэр хоёр Герман оюутантай хамт байр түрээсэлсэн нь надад их эерэгээр нөлөөлсөн. Учир нь өглөө сэрснээс эхлүүлээд унтах хүртэл зөвхөн Герман хүмүүстэй, Герман хэлээр харилцдаг байлаа. Товчхондоо хэнээс ч ичилгүйгээр бусадтай ярилцдаг болсноор хэлний чадвар маань илүү сайжирсан.

Анхан шатнаас нь суралцаж байгаа хүний хувьд В2 түвшинд 11-12 сарын дотор сурдаг. Миний хувьд сургуулийн маань өргөдлийн хугацаа ойртсон тул хичээлээ шахаад өглөө, оройны ангиар зэрэг суралцаж, цаг хугацаандаа амжин өргөдлөө явуулж чадсан. 

Герман хэл өөрөө их хатуу, хэцүү хэл. Зарим зүйл нь хүнтэй ярилцаад, ном уншаад цээжлэгддэггүй. Тиймээс залуустаа зөвлөхөд сууриа маш сайн тавьж, цээжлэх хэрэгтэй бүхнээ сайн давтах хэрэгтэй. 

Герман хэлний мэдлэггүй ч Герман явах хүсэлтэй залуучуудад өгөх зөвлөгөө тань юу вэ?

Бүх зүйл боломжтой. Миний хувьд огт Герман хэлний мэдлэггүй 17 настай хүүхэд саарал, бүүдгэр өвөл хүний нутагт ганцаараа ирсэн. Герман оюутнуудаас суралцах хамгийн том зүйл нь тэд сурах арга барил сайтай. Хийх зүйлээ бага багаар өдөр болгон хийсээр л байдаг. Зугаацаж, цэнгэх үедээ цэнгэдэг ч хичээлээ хэзээ ч алдагдуулдаггүй. Тиймээс тэдэнтэй өрсөлдөхийн тулд Монголд байх хугацаандаа сурах арга барилаа тодорхойлчхоод явбал цаг хугацаа, мөнгөнд их хэмнэлттэй. Юунаас ч битгий ай. 

Техникийн Их Сургуулийн талаар хуваалцвал? 

Би өөрийн мэдэрсэн туршлагаа өөр өөр өнцгөөс хуваалцая гэж бодож байна. Эхнийх нь манай сургуулийн хамгийн том онцлог нь академик түвшинд явц болон ирцийн дүн гэж байдаггүй, оюутан бүтэн улирлын турш хичээлдээ суухгүй ч байсан болно. Хамгийн гол нь тухайн хичээлийнхээ шалгалтанд тэнцэх ёстой. Тэгж байж хичээлээ хаалгадаг байсан. Тиймээс шалгалтандаа тэнцэхийн тулд хүний тархи өөрөө ажиллаж, илүү бие даах чадвар суудаг юм байна лээ. Мөн профессорууд нь ихэнхдээ туршлагатай, чадварлаг учраас тэднээс сурах их зүйл бий. Сургуулийн хувьд улсаас санхүүжилт сайтай учраас тоног төхөөрөмж хангалттай байдаг. Тиймдээ ч Дэлхийд өрсөлдөж чадахуйц шилдэг сургуулийн тоонд ордог билээ.

Оюутан хүний талаас харвал манай сургуулийн нийт залуусын 20-30 хувь нь гадаад оюутнууд байдаг. Хичээлүүд нь хүнд, шүүлтүүр ихтэй. Түүнчлэн хоорондын уялдаа холбоо ихтэй учраас өмнөх хичээлээ сайн ойлгож чадвал дараа долоо хоногт үзэх хичээл дээрээ толгой эргэхгүй амар байдаг гэж ойлгож болно.

Сургуульдаа тэнцэхийн тулд ямар шалгалт өгсөн бэ? 

Герман улс руу бакалаврын зэрэгт явах нэг шаардлага нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуульд нэг жил суралцсан байх ёстой байдаг. Харин өөрийн сонгосон сургуульдаа тэнцэхийн тулд тухайн сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх шаардлагатай. Тэр нь сурч байгаа мэргэжлээс шалтгаалан өөр өөр байна. Миний хувьд Герман хэл болон Математикаар өгч байсан.

Их Сургуулийн давуу тал болон сул тал?

Хамгийн том давуу тал нь ур чадвар сайтай багш нартай. Ихэвчлэн Харвард, Стенфорд, MIT төгссөн профессорууд байдаг болохоор тухайн сургуульд нь сурч чадахгүй ч, тэр хэмжээний мэдлэгийг багш нараасаа олж авдаг. Харин хэцүү тал нь байрны асуудал. Нэг бол хэтэрхий үнэтэй эсвэл бичиг баримт шаарддаг. Харин оюутнуудын байрны асуудлыг шийдэж өгдөг байгууллагад хандан өөрийн хүсэлт, шаардлагуудыг тавин хямдхан байр олох боломжтой байдаг. Мөн оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээний газруудад хөнгөлөлт эдлэх боломжтой.

Таны Герман улсад суралцаад олж авсан хамгийн том сургамж юу вэ?

Миний өнцгөөс харахад, хувийн төлөвлөгөө сайтай, нэг сурснаа дахин бататгадаг болсон. Герман хүмүүс цаг сайн барьдаг, цэвэрч өөрсдийн гэсэн орон зайтай, бусдын орон зайг мөн хүндэтгэж чаддаг хүмүүс. Тиймээс “алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг шиг өөрөө дагаад тэрхүү зан чанарт уусчихдаг юм байна. 

Багш нар анх хичээл орохдоо, 3-4 сарын өмнөөс шалгалтынхаа хуваарийг хэлдэг. Тиймээс хамгийн чухал нь цаг зав, эрч хүчээ зөв төлөвлөх. 

Залууст өгөх хамгийн том зөвлөгөө?

Зөвхөн Германд ч гэлтгүй, гадаадад сурахаар төлөвлөж байгаа бол хамгийн гол нь хувийн зохион байгуулалт сайтай байж, бусдын цаг хугацааг хүндэтгэж, хэлийг нь сайтар сураарай гэж зөвлөмөөр байна.

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.


TomYo.mn нь сар бүр Дэлхийн нэг хэлийг сонгон авч тухайн хэлний онцлог, суралцах арга барил, шалгалтын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх билээ. Тиймээс энэ сарыг Герман хэлний сараар сонгосон тул тус хэлийг суралцахад шаардагдах бүх төрлийн дэлгэрэнгүй мэдээллийг “Гадаад хэл” булангаас унших боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!