Өнөөдөр:2024-05-20

Г.Мөнх-Улс: Сурах аргаа олохгүй бол амжилтад хүрэхэд хэцүү

За энэ удаагийн “Би Монгол оюутан” цуврал нийтлэлийн гурав дах зочноор Герман улсад сурч, ажилладаг, University of Potsdam-ын оюутан Г. Мөнх-Улстай ярилцлаа. Тэрээр залуустаа зориулж, Герман улсын талаарх өөрийн бодол, үнэлэмжээ тухайн нөхцөл байдалд байгаа хүний үүднээс үнэн бодитойгоор тайлбарласан юм. 

Тиймээс та гадаадад тэр дундаа Дэлхийн боловсролыг үнэгүй олгогч Герман улсад суралцахаар сонирхож, судалж байгаа бол энэхүү нийтлэл танд бодитоор тусална гэдэгт итгэлтэй байна.

“Мөнх-Улсын хувьд Монголд АШУҮИС-д суралцаж байгаад 2015 оноос ХБНГУ-ыг зорьж, тэндээ сурч, ажиллахаар шийдсэн байна. Одоогоор University of Potsdam-д Бизнес болон IT чиглэлээр давхар суралцаж байгаа билээ”

Аппаа энд дарж татаад 5 хэлний бүх түвшний хичээлээ үзээрэй.

Та өглөө хэдэн цагт сэрдэг вэ? Мөн өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?

Миний хувьд өглөө сэрдэг тогтсон цаг гэж байдаггүй. Яахав ирээдүйд тийм болно гэж найдаж байна. Харин үндсэн баримталдаг зүйл нь хичээлдээ явахаасаа 2 цагийн өмнө босдог. Учир нь сургуулиасаа ойролцоогоор нэг цагийн зайд буюу Герман улсын нийслэл Берлин хотод амьдардаг болохоор зайлшгүй 2 цагийн өмнө босох шаардлагатай байдаг.

Өглөө бүрийг би ус ууж эхлүүлдэг. Магадгүй өмнө нь АШУҮИС-д суралцсантай минь холбоотой байх. Хэдий бусад шиг кофе уугаад дуу сонсдоггүй ч гэсэн энгийн минималист хэмнэл надад таалагддаг гэж ойлгож болно. 

Өглөөний цайндаа ихэвчлэн зайдас, хиам, бяслаг, талх гээд хүн бүхний мэдэх Германы алдартай хүнсүүдийг хэрэглэдэг.

Сургуульдаа юугаар явдаг вэ? Явах замд тань сонирхолтой юу таардаг вэ?

Түрүүн хэлсэнчлэн би сургуулиасаа бүхэл бүтэн нэг цагийн зайд амьдардаг. Уншигчиддаа төсөөлүүлбэл Берлинийг Улаанбаатар хотоор, Потсдамыг Зуунмод гэж ойлговол дөхөм  байна байх. Харин сургуульдаа явахдаа галт тэргээр явдаг. Тухайн галт тэрэг нь Берлинийг бүтэн тойроод явах маршруттай байдаг болохоор сонирхолтой зүйл гэхээсээ илүүтэй битүү ой модон дунд л өглөө бүрийн нэг цагаа эхлүүлдэгдээ. Энэ нь ч надад гайхалтай санагддаг.

Их сургуулийнхаа тухай болон дотоод уур амьсгалын талаар?

Миний сурдаг University of Potsdam нь бусад сургуулиудтайгаа харьцуулахад залуу сургуульд тооцогддог. Хуучин боловсролын жижиг институт гэж явж байсан бол 1991 оноос эхэлж их сургууль болсон түүхтэй. Одоогийн байдлаар Берлин, Потсдамын заагт, Потсдамын төвд, захад гээд нийтдээ гурван газар кампустай. Мөн 20,500 гаруй оюутан суралцдаг бөгөөд тэдний суралцах тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг.

Дотоод уур амьсгалын хувьд залуучууд нь намрын улиралд Монголын их сургуулиуд шиг тайван байж байгаад шалгалтын үеэр бужигнадаг. Тэр үеэр номын сангаас зай завсар олох тун хэцүү. Олон улсын оюутнууд их байдаг ч нэгнийгээ гадуурхах, үндэс угсаагаар ялгаварлах явдал тохиолддоггүй. Ерөнхийдөө бол ёс суртахууны өндөр төлөвшил бүрдсэн, ой мод ихтэй, Монголоор бол лагер дээрээ ирсэн юм шиг тийм тайван, нам гүм орчинд хичээллэдэг гэх үүдээ.

Герман улсын сургалтын системийн талаар дурдвал? Практик уу эсвэл Монгол шиг онол дээр суурилдаг уу?

Герман их сургуулиудын хувьд мэргэжил чиглэлээсээ хамаараад өөр өөр байдаг байх.

Миний University of Potsdam-ыг сонгосон шалтгаан нь Практик дээр суурилдаг сургалтын систем нь байсан. Ихэвчлэн практик дээр үү, онол дээр үү гэдэг нь мэргэжлийн чиглэлээс нь хамаарна. Жишээлбэл бизнесийн чиглэлээр сурдаг оюутан яаж дадлага хийх вэ гэдэг нь ойлгомжгүй гэдэг ч юм уу. Учир нь тэр хүнд хичээлээ уншаад ойлгох нь дадлага болдог болохоор тэр. Манай сургуулийн хувьд онолоор арга аргачлалаа заана түүнийгээ долоо хоногийн дараа компьютерын лабораторид орж практик дээр туршиж үздэг.

Гадаад оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа хэр их зохион байгуулагддаг вэ? Монгол оюутнууд хэр их байдаг вэ?

Монгол залуучууд Германд харьцангуй их байдаг. Яахав манай сургуульд хэдхэн байдаг ч гадуур Берлинд явж байх үед зөндөө тааралддаг. Ер нь залуус Германд их ирж сурдаг юм шиг санагдсан. Харин сургуулиас гадаад оюутнууд руу чиглэсэн соёлын өдөрлөг, тэмдэглэлт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Гэхдээ төдийлөн их биш.

Гэрийн даалгавар хэр их өгдөг вэ?

Гэрийн даалгаврыг оюутнуудад их хэмжээгээр өгдөг. Мөн мэдэхгүй зүйл гарвал багш, профессоруудаасаа очоод асуух боломж нь нээлттэй байдаг. Яг үүн дээр л том, жижиг сургуулийн ялгаа гардаг. Учир том сургууль их оюутантай болохоор багш нар нь хүн бүртэй тулж ярих нөхцөл бүрддэггүй сул талтай. Түүнчлэн хичээл нь ихэвчлэн оюутан өөрөө бие дааж явахаар заадаг. Тухайлбал Монголд бүтэн семистр заадаг хичээлийг энд хоёр лекц ороод бусдын өөрөө хий гэх жишээтэй. Аягүй шахуу гэж ойлгож болно.

Сургуулийнхаа номын сангийн талаар бидэнд танилцуулж болох уу?

University of Potsdam-ын номын сангийн хувьд бусад сургуулийнхтай л ижил гэж хэлж болно. Нээх тийм онцгой зүйлс байхгүй. Яг л оюутны сурах тайван орчныг бүрдүүлсэн. Гаднаас нь харах юм бол морины жүчээ шиг урт харагддаг. Дүүргэлтийн хувьд ихэнхдээ 70-80 хувьтай байх нь элбэг.

Амьжиргааны зардлын хувьд ямар байдаг вэ?

Оюутнуудын хувьд семистр болгон 250-400 орчим евро сургуульдаа төлдөг. Энэ нь номын сан, ном ашигласны төлбөр, семистрийн турш нийтийн тээвэр ашиглах билетэд зарцуулагдаад явна гэсэн үг. 

Яг хувь хүний зардал талаас үзэх юм бол байрны түрээс, даатгал, дугаар гээд тогтмол зардлуудтай. Байрны түрээс нь нэг сарын 400-600 түүнээс дээш еврогийн үнэтэй байдаг. Амьжиргааны хоол хүнс, бусад хэрэглэл нь ерөнхийдөө Монголтой адил гэж ойлгож болно. Нээх зөрөхгүй дээ.

Яахав нарийн, нандин зүйл авна гэвэл үнэтэйлдээ. Жишээлбэл чанартай мах авна гэвэл 1 кг нь 20 евро хавьцаа байдаг. Харин оюутнууд бидний хувьд 500 гр-ийн татсан махыг 3 еврогоор худалдаж авдаг. Мөн талхыг ихэвчлэн шинээр нь хэрэглэдэг бөгөөд Монголын зарим талх шиг олон ширхэгтэй бус 8 ширхэгтэй жижиг талхыг 1.5-аас 2 еврогоор авч хэрэглэдэг.

Танд хэрэглэх дуртай Герман бүтээгдэхүүнүүд байдаг уу?

Миний хувьд ихэвчлэн Club Mate, Fritz Cola гэсэн хоёр ундааг уудаг. Ялангуяа Club Mate-ийг илүүтэй хэрэглэнэ. Учир нь коффейнтэй учраас нойр сэргээдэг тул оюутнууд авах сонирхолтой байдаг. Fritz Cola-гын хувьд Германы Хамбург хотоос гаралтай маш амттай ундаа болохоор уух дуртай.

Ажил хийх боломж хэр байдаг вэ? Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг үү?

Германы нэг онцлогтой зүйл нь оюутнууд нь сурч байх хугацаандаа өөрийн чиглэлээр том, жижиг компаниудад ажиллах боломж нь нээлттэй байдаг. Тэрхүү компаниуд нь хүртэл залуусыг ихээр хайдаг болохоор ажил олох асуудалгүй. Нэг ёсондоо чи сурч байгаа чиглэлээрээ хүссэн компанидаа цалинтай ажиллах боломжтой гэж ойлгож болно. Гэхдээ цаанаас тогтоосон цагийн хязгаартайгаар ажилладаг.

Өөр нэг арга нь цагийн ажил. Цагийн ажлыг ихэвчлэн бакалаврын түвшний бага курсийн залуус хийдэг. Учир нь мэргэжлийн чухал хичээлүүдээ хараахан үзэж эхлээгүй байдаг болохоор боломж нь нээгдээгүй гэж ойлгож болно. Тиймээс мэдлэг, мэдээлэл нь нэмэгдээд явах тусам компаниудад мэргэжлээрээ ажлаад явах нь илүүтэй.

Цалин хөлсний хувьд хуулиндаа нэг цагийн хамгийн бага үнэлгээ нь 9.2-15 еврогийн хооронд (ойролцоогоор 27,000-45,000 төгрөг) байдаг. Нэмэх нь долоо хоногт 20 цаг гэж бодохоор сард 80 цаг болно. Тэгэхээр хамгийн багадаа сардаа 736 евро олно гэсэн үг. ( 2,160,000 төгрөг) Гэвч оюутнуудыг нээх өндөр үнэлдэггүй. Өөрсдөө ярьж тохироод ажилладаг болохоор яг тэдээс тэд орчмын хооронд авдаг гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ амьжиргаагаа аваад явахад асуудалгүй.

Таны бодлоор Германд суралцах сул тал юу вэ?

Юуны өмнө давуу тал нь сул талаасаа олон гэдгийг залуустаа хэлэх нь зүйтэй байх. Харин сул талын хувьд Германы цаг агаарын байдал нь үнэхээр таалагддаггүй. Заримдаа нар үзээгүй 3, 4 долоо хоног явсан байх жишээтэй. Мөн маш чийглэг болохоор хэдий агаарын температур бага ч хүйтэн байдаг. Тэгэхээр цаг агаарын хувьд жаахан асуудалтай гэж ойлгож болно. Түүнчлэн татвар их өндөр. Тухайлбал хүмүүс ажилласан цалингийнхаа 14-45 хувийг татварт өгдөг. 

Гэхдээ энэ нь асуудал гэхээсээ илүүтэй тийм хэмжээний аюулгүй, сайхан нийгмийг бүрдүүлэхэд зарцуулагдах болохоор танд тийм том гарз гэж ойлгож болохгүй. Мөн төрөлх нутгаасаа хол ганцаараа байх нь эхэндээ жаахан сэтгэлзүйн хямралд орох талтай байдаг. Бас байрлалаасаа хамаараад хүмүүсийн ааш зан өөр. Тодруулбал Баруун Германд амьдарч буй хүмүүс нь Зүүн Германаа бодвол арай соёлтой. Учир нь Зүүн Герман нь 1949-1990 оны хооронд коммунист дэглэмтэй тусдаа улс байсан болохоор хэт үндсэрхэг тул гадны залуусыг гадуурхах тал ажиглагддаг.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Тэгвэл давуу талын талаар юу гэж бодож байна?

Давуу талын хувьд дээд боловсрол нь бүх төвшиндөө үнэ төлбөргүй. Гэхдээ саяхнаас Германы 16 мужийн нэг нь олон улсын оюутнуудаас нэг семистрийн 1,500 еврогийн төлбөр авахаар болсон. Их сургуулиуд нь Дэлхийн чанартай боловсролыг олгох бүх нөхцөлөөр хангасан. Нэмэх нь дээр дурдсан ажил хийх боломж, өсөж хөгжих боломжтой. Мөн Шенгений визтэй учир амралтуудаараа Шенгений улсад хамаарах Европын орнуудаар аялж болно гээд дурдаад байвал маш их зүйл гарч ирнэ.

Герман болон Монгол оюутны ялгаа юу байна вэ?

Миний хамгийн сайн ажигласан, ойлгосон зүйл бол сахилга бат. Би залуусаасаа асуумаар байна. Чамд Made in Germany гэсэн үгийг харахаар юу бодогддог вэ? гэж. Надад хамгийн түрүүнд баталгаа, чанар л мэдрэгддэг. Харин тийм баталгаатай, сайн зүйл гаргахын тулд хүн бүр нь сахилга баттай, хариуцлагатай байх ёстой. Энэ зан чанарыг Герман хүүхдүүд багаасаа сураад явдаг.

Яг энэ зан чанар ихэнх Герман залууст суусан. Би яг өөрийгөө сахилга батгүй хүн гэдгээ Германд ирээд ойлгосон. Энд сурч байгаа залуус бүгд бүхнийг төлөвлөж цаг тухайд нь хийгээд явдаг. Яахав манай зарим Монгол залуус сахилга баттайлдаа. Гэхдээ би нийтэд нь харахад ийм зан чанар Монгол залуучуудад хэрэгтэй гэж бодож байна. Мөн Герман залуус цагийг зөв боловсон өнгөрүүлдэг. Жишээлбэл, бараг хүүхэд бүр нь усанд сэлж чадна. Тийм ч учраас усан бассейн хаа сайгүй байдаг байх. Учир нь сэлэлтийн хичээл бага ангиас эхэлж ордог. 

Монголд суралцаж буй оюутан, залуустаа хандаж хэлэх үг?

Эцэст нь залуустаа хандаж хэлэхэд “Яаж сурах”-ыг сурахгүй бол чи хэзээ ч сурч чадахгүй. Гагцхүү бүх зүйлийг бие дааж сураарай. Харин тэр үед сахилга бат, хариуцлагатай байдал хэрэг болно шүү гэж хэлмээр байна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!