Та Солонгос хэлийг илүү сонирхолтой, үр бүтээлтэй аргаар сурахыг хүсэж байна уу? Тэгвэл хүнд сурах бичиг, дүрмийн номоо түр хойш нь тавиад энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Солонгосчууд өөрийн гэсэн содон бичгийн хэлбэртэй учраас уншаад ойлгох чадварыг эзэмших нь Солонгос хэл сурах аяллын тань чухал хэсэг юм. Тиймээс бид Солонгос хэл дээрх бүхий л түвшний суралцагчдад зориулан дараах 5 номыг санал болгож байна.

1. Punch (완득이) – Kim Ryeo Ryeong
Өсвөр насны хүүгийн сонирхолтой амьдралын тухай өгүүлэх энэхүү Комик номд хүмүүсийн харилцан яриа харьцангуй ихтэй. Тиймээс уншихад сонирхолтой, хялбар байж болох юм. Тус номын үйл явдал дээр суурилсан кино 2011 онд дэлгэцнээ гарсан байдаг. Магадгүй танд уншихад бага зэрэг хүнд санагдвал киног нь үзсэний дараа номоо дэлгээд үзээрэй.

2. Penguin Loves Mev (펭귄 러브스 메브)
Англи залуутай гэрлэсэн Солонгос бүсгүйн бичсэн ном. Тэд өөрсдийн өдөр тутмын амьдралыг зурж ном болгон гаргадаг. Энэ номыг зөвхөн Солонгос хэл сурч байгаа хүмүүст зориулсан юм байх даа гэж бодохоор амархан, энгийн үг, өгүүлбэртэй. Тиймээс ойлгоход их хялбар байх болов уу. Бичиглэлийн хэлбэр нь амархан тул өгүүлбэр тус бүрийг цээжлэн ашиглахад үр дүнтэй байдаг хэмээн уншигчид дүгнэжээ.

3. Wide and Shallow Knowledge For Intelligent Conversations (지대넓얕)
Магадгүй та номын гарчгаас ямар төрлийн ном болохыг мэдэж чадна биз. Энэхүү номонд түүх, эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүхий л талын суурь мэдлэгийг маш энгийнээр тайлбарласан юм. Мөн Солонгостоо хамгийн их борлуулалттай номын тоонд зүй ёсоор багтдаг. Харин дээр дурдсан бүтээлүүдээс ялгаатай нь дундаас ахисан түвшний суралцагчдад илүү тохиромжтой юм.

4. The Shower (소나기) – Hwang Soon Won
Хүчтэй илэрхийлэлтэй анхны хайрын гунигт түүхийг өгүүлэх тус номыг Солонгос хэл сурч буй хүн бүрийн заавал унших номын тоонд оруулдаг. Өгүүлэмж нь энгийн бөгөөд амархнаар дүрсэлсэн тул ойлгоход хялбар аж.

5. Please Look After Mom ( 엄마를 부탁해)- Shin Kyung Sook
2009 онд хэвлэлтэд гарснаасаа хойш 10 сарын дотор сая хувь борлогдсон алдартай ном юм. Нэгэн гэр бүлийн ээж алга болсноор ар гэрийнхэн нь түүнийг хайх шаардлагатай болдог. Тэрхүү явцдаа ээжийнхээ өнгөрсөн амьдрал, туулсан зүйлсийг ойлгодог. Тиймдээ ч энэхүү бүтээлийг “Ээжтэй хүн бүрийн заавал унших ном” хэмээн тодорхойлжээ. Хуудас ихтэй, хурц бичиглэлийн хэлбэртэй тул дундаас ахисан түвшний сурагчдад уншихыг зөвлөж байна.
Бонус:
Солонгос улс өөрийн гэсэн өнгө төрхтэй комик номуудаараа алдартай. Хэрвээ та гар утас, таблет ашиглан унших чадвараа сайжруулахыг хүсвэл Naver Comic-оор зочлон олон төрлийн комикуудыг Солонгос хэл дээр уншаарай.
Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.
