Өнөөдөр:2024-05-20

iBT TOEFL шалгалтад өндөр оноо авахад тань туслах 10 зөвлөмж

Орчин үед залуус ихээр гадаад улсад суралцах зорилготойгоор Англи хэлний академик түвшний шалгалтууд болох IELTS, TOEFL-д бэлдэх болсон. Хэрэв та IELTS болон TOEFL-ийн талаар ямар ч мэдээлэлгүй бол энэхүү нийтлэлийг уншаарай. 

Энэ удаагийн нийтлэлээрээ TOEFL iBT шалгалтад хүссэн оноогоо авахад туслах 10 зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр 10 зөвлөгөө таныг хүссэн оноогоо авч гадаадын их, дээд сургуульд суралцахад гарцаагүй тусална гэдэгт итгэлтэй байна.

TomYo аппаас TOEFL-н шалгалтад бэлдэх хичээлүүдийг энд дарж хүлээн авч үзээрэй.


TOEFL гэж юу болох талаар бүрэн ойлголттой бай

TOEFL гэдэг нь (Test of English as a Foreign Language) гэсэн үгийн товчлол бөгөөд хамгийн өргөн тархсан, олон их сургуулиудад хүлээн зөвшөөрдөг, ETS хэмээх төвөөс эрхлэн гаргадаг англи хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь таны унших, бичих, сонсох, ярих гэсэн гадаадын их сургуульд суралцахад нэн шаардлагатай үндсэн дөрвөн чадварыг шалгадаг.

IBT TOEFL шалгалтын ерөнхий хэсгүүд:

Бүх хэсэг 30 оноотой бөгөөд нийтдээ та 120 оноо авах боломжтой учраас унана гэсэн ойлголт байдаггүй. Хэрвээ таны төрөлх хэл англи хэл биш л бол гадаадын их сургуулиуд таниас нэлээн өндөр оноо шаарддаг. Иймд та бэлдэж эхлэхээсээ өмнө сонгосон сургуулийнхаа босго оноог мэдэх хэрэгтэй.

Бэлтгэлтэй бай

Хэрвээ та энэ шалгалтыг өмнө нь өгч байгаагүй бол бүрэн бэлтгэгдэх хүртэл 6 сараас 1 жил хүртэлх хугацаа хэрэгтэй. Компютерийн ард шалгалт өгөхөөр суусан л бол танд энэхүү шалгалтын талаар бүхнийг мэддэг байх нь чухал. Унших, ярих, сонсох, бичих гээд бүх л хэсгийн асуултуудтай танил байхгүй л бол өндөр оноо авна гэдэг боломжгүй. Мөн та яг аль хэсэг дээр хэдэн оноо хэрэгтэй байгаагаа яг таг мэддэг байх хэрэгтэй яагаад гэвэл зарим их сургуулиуд ялгаатай хэсгүүдэд өөр өөр оноо шаарддаг.

Шалгалтад бор зүрхээрээ бэлдэх гэсний хэрэггүй ядаж л ганц дэвтэр гаргах хэрэгтэй. Дэвтэр байлаа ч танд багшлах хүн эсвэл сургалтын төв эсвэл тусгайлсан хичээл заавал шаардлагатай. Яагаад гэвэл хамтрагчтай байна гэдэг нь ядаж л таны дуудлага, бичих болон яриаг шалгаад өгөх хүн байна гэсэн үг. 

Өмнө нь энэхүү шалгалтыг өгч байсан найзтайгаа ярилц. Хэрхэн бэлдсэнийг нь асуу. Ямар оноо авсаныг нь ч асуу. Ойролцоох сургалтын төвүүдээр ор. Гэх мэтчилэн бүхий л чадах зүйлээ хийх хэрэгтэй.

Бүхнийг унш, бүхнийг сонс

Та TOEFL-ийн шалгалтад бэлтгэж байх үедээ зөвхөн өөрийн сонирхдог ном зохиолоо унших нь хангалтгүй. Та илүү өргөн хүрээгээр уншиж, сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл энэхүү шалгалт одон орноос эхлээд Америкийн түүх, сэтгэл судлал, биологи гээд бүх салбарын сэдэв сонсох болон унших хэсэгт орж ирдэг.

TOEFL нь Lexile хэмээн нэрлэгддэг компанитай хамтран ажилладаг бөгөөд хэрвээ та өмнө нь энэхүү шалгалтыг өгч байсан эсвэл хуулбарыг нь хийж байсан бол өөрийн унших хэсгийн оноогоо Lexile дээр бичиж улмаар энэхүү сайт таны түвшинд зориулсан номуудыг санал болгох болно.

Audible.com ямар ч төхөөрөмж дээр татаад сонсох боломжтой сонсдог номыг зардаг бөгөөд их сургуулийн түвшний The Great Courses гэж нэрлэгддэг лекц хичээлүүдийг сонсох боломжийг танд олгодог. Та шинжлэх ухаан, түүх, эдийн засаг, соёл урлаг, шашин гээд бүхний талаар сонсох боломжтой.

Үүнээс гадна BBC News, NPR, болон VOANews гэсэн интернет эх сурвалжууд байдаг бөгөөд та эдгээр цахим хуудаснуудаас .mp3-аар мэдээ болон лекцүүдийг олж сонсож болно.

Хэрэв та анхлан суралцагч бөгөөд дээр дурдагдсан цахим хуудаснуудаас унших болон сонсох дасгал хийхэд хэцүү байгаа бол санаа зовох зүйлгүй юм.

The English Teacher Melanie Podcast: Бүхий л түүхүүд нь маш энгийн бөгөөд өдөр тутмын амьдралд тохиолддог учраас ойлгоход дөхөм байдаг. Мөн бүлэг бүр багахан хэмжээний дуудлага засах хичээлтэй.

ESLPod: Олон төрлийн сэдвүүдийн тухай богино хэмжээний бичил эхтэй бүлгүүдтэй. Бичил эхүүд үгийн сан, холбоо үг болон зүйр үг багтаасан. Мөн нэмэлтээр хадмал хэлбэрийг хүлээн авч болно.

VOA Learning English: Энэхүү цахим хуудасны нийтлэлүүд сонингийн нийтлэлтэй адил боловч уншиж ойлгоход хялбархан, сонсоход илүү удаан болохоор амар байдаг.

Listen a Minute: Хэрэв та сонсож ойлгох тал дээр нэлээн асуудалтай бол энэхүү цахим хуудас танд туслах болно.

Тэмдэглэл хийхдээ мэргэжлийн бай

Энэ чадвар нь сонсох, ярих, бичих хэсэгт хамгийн их хэрэгтэй байдаг.

Сонсох боломжтой дасгалуудыг та зөвхөн нэг л удаа сонсох боломжтой байдаг. Та үүнийг дунд нь зогсоож эсвэл ойлготлоо дахин давтаж чадахгүй. Сонсох хэсэг бол та сонссон асуултандаа хариулах, бичих хэсэг бол сонссон мэдээлэлдээ тулгуурлан эссэгээ бичих хэрэг гардаг учраас танд тэмдэглэл хийх чадвар маш их хэрэгтэй. Ингэж чадвал та мөрөөдлийн оноондоо хүрэх болно.

Энэхүү чадварыг та өөрийн болгохын тулд маш их бэлтгэл хэрэгтэй.

Зөвхөн сонссоноо эсвэл ойлгож буй үгсээ бичих нь тийм ч зөв сонголт биш. Дараа нь энэхүү лекцийг сонсоход ахин сэргээж санаж байхад шаардлагатай зүйлсийг л тэмдэглэ. Зарим үг үсгийг товчлох өөрийн гэсэн аргатай болох хэрэгтэй.

NPR and VOA гэсэн 2 цахим хуудаснаас та лекц сонсохынхоо хажуугаар тэмдэглэл хөтлөх боломжтой бөгөөд хамгийн гайхалтай нь уг лекц дууссаны дараа ахин сонсож хянах боломжтой юм.

Дараагийн гайхалтай цахим хуудас бол бидний сайн мэдэх TED-ийн албан ёсны цахим хуудас болох Ted Talks юм. Энэхүү цахим хуудас өөртөө маш олон төрлийн сэдвүүдийн тухай илтгэлүүдийг агуулсан байдаг бөгөөд нэг илтгэл хэдхэн минутаас 30 хүртэлх минут үргэлжилдэг.

Хэрвээ эдгээр гурван цахим хуудасны сонсох дасгалууд хэтэрхий урт байвал Listen a Minute–г туршаад үзээрэй

Шалгалтын үеэр танд 3 ширхэг цаас өгөх бөгөөд таныг гараа өргөсөн тохиолдолд нэмэлтээр цаас өгдөг боловч энэ нь таны багахан цагаас авдаг тул анх өгсөн 3 цаасан дээрээ тэмдэглэлээ эмх цэгцтэй байдлаар хийх хэрэгтэй байдаг. Мөн 3 цаасаа нэг дасгал дээр л бүгдийг дуусгахаас болгоомжлоорой.

Дуудлагаа тод, гаргацтай байлгахыг хичээ

TOEFL-ийн шалгалтан дээр таны дуудлага төгс байх шаардлагагүй ч хүнд ойлгогдохоор, чанга бас тод байх ёстой.

Ярих хэсэг дараах гурван зүйлийг харгалзан авч үздэг.

  1. Хэрхэн хариулах болон санаагаа хэр зэрэг илэрхийлж буй байдал
  2. Хэрэглэж буй дүрэм болон үгс
  3. Яаж сонсогдож буй байдал

Дуудлагаа засахын тулд та заавал таныг зөв буруу дуудаж буй эсэхийг хянах хэн нэгэнтэй хамтрах хэрэгтэй. Хэрэв та бор амиараа бэлдэхээр шийдсэн бол дуу хураагч төхөөрөмжийг ашиглахыг санал болгож байна.

TomYo апп дээр Баярсайхан ахын дуудлага засах хичээлүүд байгаа шүү. Хэрэв та үзэхийг хүсвэл TomYo аппаа татаарай.

QWERTY keyboard-ийг өөрийн болго

TOEFL-ийн шалгалтын хамгийн сүүлийн хэсэг болох Бичих хэсэгт та бүхэн гар утас, компьютерын нийтлэг гар болох QWERTY keyboard-ийг хэрэглэх болно. Сонирхуулахад энэхүү гарын зүүн дээд булангийн эхний 7 үсэг нь QWERTY  гэсэн дараалалтай байдаг байна. QWERTY keyboard-ийг хэдий сайн эзэмшинэ төдий чинээгээрээ цаг хэмнэнэ. Энэ бол QWERTY keyboard-ийн нийтлэг загвар.

Харахгүйгээр бичиж сур

Ихэнх хүмүүс хараад дарах гэсэн дүрмийг баримталж бичдэг. Энэ нь та бичих товчлуураа хайж олоод дараа нь түүн дээрээ дарахыг хэлж буй хэрэг юм. Харахгүй бичих нь цагийг маш их хэмнэдэг бөгөөд ялангуяа TOEFL мэтийн цаг багатай шалгалтад ихээхэн тус болдог. Гэхдээ үүнийг сурахын тулд танд нэлээн их бэлтгэл хэрэгтэй.  Мөн ямар хуруу аль аль товчин дээр дарахыг сурах хэрэгтэй.

Үүний дараагаар та энэхүү 2 цахим хуудсан дээр дадлага хийж болно.

Powertyping.com

Sense-lang.org

Англи хэл дээр хэрхэн эсээ бичихийг сур

Өмнөх хэсэгт хэлсэнчлэн хамгийн сүүлийн хэсэг бол бичих хэсэг байдаг. Бичих хэсэгт 2 төрлийн даалгавар байдаг бөгөөд хамгийн сүүлийн хэсэг нь 300 үгтэй эссэг 30 минутанд багтаан бичих хэрэгтэй болдог. Сайн эсээ бичихийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй.

1. Эссэний албан ёсны хэлбэрийг сур

Бэлтгэл хийж байх үедээ цаганд анхаарлаа хандуулах хэрэггүй. Сайн эссэ бичихийг л хичээ. Нэгэнт та сайн эсээ бичдэг болсон бол одоо цагтай ажиллах хэрэгтэй. 30 минутад багтааж гайхалтай сайн эссэ бичдэг болтлоо бэлдэх шаардлагатай.

2. Эсээний ерөнхий загвар

Эхлэл хэсэг- энэхүү цогцолбор таныг эссэгээрээ дамжуулж юуны тухай өгүүлэх болон таны бодлыг илтгэнэ.

Гол хэсэг- өөрийн санаагаа батлан, дэмжих 2-3 цогцолбор.

Нэг цогцолборт нэг л санааг гаргах хэрэгтэй бөгөөд эхний нэг өгүүлбэр уг цогцолбор юуны талаар өгүүлж байгааг бүрэн илтгэх хэрэгтэй. Мөн таны санаа ойлгомжтой илэрхийлэгдсэн байх нь чухал.

Төгсгөл хэсэг- энэхүү цогцолбор таны эссэний ерөнхий санааг хураангуйлсан байх хэрэгтэй.

Өндөр оноо авах аргуудаас дурдвал:

Асуусан асуултанд л хариул. Ерөнхийдөө асуултын хэд хэдэн төрлүүд байдаг. Хэрвээ асуултанд сонголтоо хий гэсэн байвал зөвхөн сонголтоо л хийх хэрэгтэй болохоос 2 зүйлийн сайн мууг ярих хэрэггүй. Асуултанд зөв буруу гэсэн зүйл байдаггүй учраас асуултандаа хэр хариулснаас шалтгаалж л оноо өгдөг. Мөн шууд л компьютер дээрээ бичиж эхэл цаасан дээр бичээд түүнийгээ хуулах гэж байгаа бол цагийн гарз. Эцэст нь тодорхой бас энгийн байлга.

Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл

Энэ бол хамгийн шилдэг зөвлөгөө юм. Зарим сурагчид буудах арга эсвэл хуурах ямар нэгэн аргыг хайдаг. Гэхдээ өндөр оноо авах хамгийн том арга бол тасралтгүй бэлтгэл юм.

Тайван бай

Энэ магадгүй энгийн ч гэсэн маш хэрэгтэй зөвлөгөө. Ихэнх хүмүүс шалгалтын өдөр сандралтай байдаг. Сандрал бүхнийг сүйрүүлдэг. Иймээс сэтгэл санааны хувьд тайван, тогтвортой байх хэрэгтэй.

Шалгалтын өмнөх өдөр

Хэрвээ боломжтой бол шалгалт болох газартаа очоод үзэх хэрэгтэй танай гэрээс хэр хол зайтай эсвэл аль замаар явах зэргээ судалсан нь дээр. Замын түгжрэл болон төөрснөөс болж амжиж ирж чадахгүй тохиолдол байдаг. Ном сонингоо цааш тавиад зүгээр л амар. Сайн нойртой байх нь чухал.

Шалгалтын өдөр

Юуны өмнө гэрээсээ гарахын өмнө тархиа багахан хэмжээгээр ажиллуулах хэрэгтэй. Хэцүү зүйлээр бус нийтлэл унших, дуу хөгжим сонсох гэх мэт хөнгөн зүйлсээр халааж өг.

Шалгалтын үеэр

Гүнзгий амьсгаа ав. Шалгалтын туршид амьсгалаа нэгэн жигд байлгахыг хичээ. Сонсох болон ярих дасгалын дунд 10 минутын завсарлагаа байдаг учраас энэхүү цагийг угаалгын өрөө орох, ус уух, дасгал хөдөлгөөн хийж биеийн чилээгээ гаргах гэх мэт зүйлд зориул. Хэрвээ ямар нэгэн мэдэхгүй асуулт ирээд хариулж чадахгүй байлаа гэж бодъё. Үүнд бүү санаа зов дараагийн асуултыг яг л шинээр шалгалт өгч байгаа мэтээр хийх хэрэгтэй. Та үүний тулд л өдийг хүртэл бэлтгэл хийсэн. Ахиад сануулъя та энэ шалгалтыг даваад гарч чадах л болно.

Сүүлийн зөвлөгөө

Таныг хэлэхээс нааш хэн  ч таны оноог мэдэхгүй. Та орохоор төлөвлөж буй сургууль таныг хэдэн удаа өгснийг мэдэхгүй тэд зөвхөн хэлсэн оноог тань л мэдэх болно. Иймд анхны оролдлогоороо бага оноо авлаа гэж санаа зоволтгүй. Дахиад оролдоод үзэх боломж үргэлж байдгийг санах хэрэгтэй. Ихэнх сурагч анхны оролдлогоороо хүссэн оноогоо авдаггүй. Гэхдээ энэ нь бүгд гэсэн үг биш шүү.

Шалгалт нүд ирмэхийн зуур л өнгөрдөг

Зарим шалгалтын төвүүд том хэмжээтэй бөгөөд нэг зэрэг маш олон хүмүүс ярих тул анхаарал сарних зүйл нэлээд олон байдаг. Магадгүй таныг сонсох хэсгээ хийж байхад хэн нэгэн ярих хэсгээ хийж эсвэл таныг эссэгээ бичиж байхад хажуудах хүн чинь сонсох хэсгээ хийж ч болно. Ингээд та сайн хичээж дэлхийн шилдэг их сургуульд гуйж биш гуядаж ороорой.

Гэрэл зургийг monkhoo601


TomYo аппаас TOEFL-н шалгалтад бэлдэх хичээлүүдийг энд дарж хүлээн авч үзээрэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!