Өнөөдөр:2024-05-20

Герман хэл сурч байгаа хүн бүрийн заавал үзэх 10 кино

Аливаа хэлийг үр дүнтэй сурах хамгийн сонирхолтой арга бол тухайн хэл дээр кино үзэх явдал юм. Үүнтэй адил Герман хэл сурахыг хүссэн хүмүүстээ зориулж Герман хэл дээрх үзвэл зохих 10 киног танилцуулж байна. Тус 10 кино танд тухайн орны соёл, харилцан яриа, академик үг хэллэг зэргийг зааж, харуулах болно. Тиймээс өөрийн цээжилсэн үг, өгүүлбэрээ хэрхэн олон янзаар ашиглах, ямар дуудлагатай хэлэх зэрэг чадвараа кино үзэж сураарай.

Герман киног хэрхэн өөрт ашигтайгаар үзэх вэ?

1-р алхам: Хадмал орчуулгыг орхих

Өөрийн сонгосон киногоо хамгийн түрүүнд хадмал орчуулгагүйгээр үзэхийг зөвлөе. Учир нь үг, хэллэгийг шууд сурч эхлэхээс өмнө киноны зохиол, үйл явдлыг илүү ойлгоход тусална. 

2-р алхам: Хадмал орчуулгатай үзэх

Хоёр дахь удаадаа үзэхдээ хадмал орчуулгатай үзэх хэрэгтэй. Тэгвэл эхний удаа үзэхдээ ойлгоогүй хэлц үг, өгүүлбэр зэргийг илүү ойлгох боломжтой.

3-р алхам: Герман хадмалтай үзэх

Герман киног Монгол хадмалаар орчуулсан кино ховор тул Англи хадмалтайгаар үзэхийг зөвлөж байна. Зөвхөн сонсох дасгал хийхээс гадна, тухайн үгсийг хэрхэн зөв бичихийг мэдэх боломжтой. Доорх кинонууд бол бидний зүгээс санал болгож буй Герман хэл сурахад тань туслах хамгийн тохиромжтой кинонууд билээ.

1. Run Lola Run (Lola rennt) (1998)

Найз залуугийнхаа амийг аврахын тулд 20 минутанд 100,000 евро цуглуулах хэрэгтэй болсон бүсгүй хэрхэн амь өрсөн тэмцэхийг тус киноноос харах боломжтой. Энгийн, уламжлалт харилцан яриа ихтэй учир Герман хэлний анхлан суралцагчдын үзэх ёстой хамгийн эхний кино байх болов уу. 

2. Downfall (Der Untergang) (2004)

Гитлер амьдралынхаа сүүлийн арван хоногт юу бодож, юу хийж өнгөрүүлсэн талаар өгүүлэх энэхүү кино танд олон төрлийн сэтгэл хөдлөлийг өгөх билээ. Мөн түүний сайн ба муу талуудыг мэдрэхээс илүүтэй тэр ч бас хүн гэдэг ойлголтыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь Австри аялга сурахыг хүсэж буй хэн бүхний заавал үзэх кино билээ.

3. Goodbye, Lenin! (2003)

Алексын ээж 1989 онд коммад орон зургаан жилийн турш ухаангүй байх үед ямар ямар үйл явдлууд өрнөснийг харуулах инээдмийн төрлийн кино юм. Үгийн сонголт, хэллэг зэргээс харгалзан үзэхэд ахисан түвшний суралцагчдад илүү тохиромжтой.

4. Nowhere in Africa (Nirgendwo in Afrika) (2001)

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Еврей үндэстэн хэрхэн аж төрж байсан талаар сонирхож байвал энэхүү киног санал болгож байна. Нацист Германаас Зүүн Африк руу дүрвэж буй Еврей гэр бүлийн тухай тус кинонд харуулна. Киноны дүрүүд цэвэр Германаар хоорондоо харилцдаг тул Герман хэл сурахад үр дүнтэй байх болно.

5. The Lives of Others (Das Leben der Anderen) (2006)

Оскарын шагнал хүртсэн тус кинонд дайны үед тагнуулчаар ажиллаж байсан залуугийн түүхийг өгүүлнэ. Зарим өгүүлбэр нь хэтэрхий урт, төвөгтэй учир хадмалаар үзвэл ойлгомжтой байх болно.

6. Das Experiment (The Experiment) (2001)

1971 оны “Станфордын шоронгийн туршилт”-аас сэдэвлэн бүтээсэн хэсэг бүлэг судлаачдын тухай өгүүлэх кино билээ. 20 залууг шоронгийн хоригдол болон харгалзагчийн дүрд тоглуулан туршилт хийдэг. Үүнээс гарах үр дүн таныг цочирдуулах болно.

7. The White Ribbon (Das weiße Band) (2009)

1910-аад онд Германы жижиг тосгоны иргэд хэрхэн аж төрж байсан талаар өгүүлнэ. Зарим хүмүүст киноны зохиол хэтэрхий хүнд мэт санагдах магадлалтай. Гэвч үзсэндээ хэзээ ч харамсахгүй кино билээ. Жүжигчид удаанаар ойлгомжтой ярьдаг тул ойлгож, дуурайхад амар байх болов уу.

8. Keinohrhasen (Rabbit Without Ears) (2007)

Инээдмийн романтик төрлийн кино үзэхийг хүсэж байгаа бол тус киног танд санал болгож байна. Гол дүрийн эрэгтэй асуудалд орон 300 цаг олон нийтийн ажил хийх ёстой болдог. Харин тэр үеэр багадаа хөрш байсан бүсгүйтэй таарч, хамт ажиллах хугацаандаа дотносож, үйл явдал цаашаа өрнөдөг. Харилцан яриа нь өдөр тутмын, энгийн учир ойлгоход амархан бөгөөд сурч авах хэллэг ихтэй.

9. Soul Kitchen (2009)

Санхүүгийн асуудалтай тулгарсан Зино эрүүл мэндийн даатгалгүй атлаа дискний гэмтэл авснаар үйл явдал үргэлжлэх болно. Киноны зарим хэсэгт эрүүл мэндийн болон санхүүгийн талаар хүнд хэллэгүүд гардаг тул анхлан суралцагчдад хүндрэлтэй байж магадгүй. Гэвч үгсийн санд тань хэрэгтэй үг хэллэгүүд их гарна. 

10. Absolute Giganten (Gigantic) (1999)

Галзуу гурван найзын нэг нь амьдарч буй Хамбург хотоо үүрд орхих болно. Гэвч явахаасаа өмнө нэгэн галзуу үдшийг хэрхэн өнгөрөөсөн тухай киноноос хүлээн авч үзээрэй. Жинхэнэ нөхөрлөлийн талаар өгүүлсэн тус кинонд ойлгоход хүндрэлтэй үг хэллэг байхгүй тул анхлан суралцагчид үзвэл тохиромжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!