Өнөөдөр:2024-05-20

Момоко: Анх гэр бүлийнхээ саналаас зөрж Солонгосыг зорьж байлаа

Энэ удаагийн дугаараараа бид Солонгос залуусын мөрөөдөл болсон “Тэнгэрийн их сургуулиуд”-ын нэг болох Korea University-гийн оюутан Момокотой ярилцлаа. Тэрээр гадаадад сурах хүсэлтэй Монгол залуустаа зориулж Солонгост сурч, ажиллах орчин, амьжиргааны зардал, соёл, хүмүүсийн зан ааш, хөгжлийн түвшин гэх мэт томоохон сэдвүүдийн талаар өөрийн үзэл бодлоо тайлбарласан юм.

“Момокогийн хувьд анх 2017 онд Korea University-д элссэн бөгөөд одоогоор бизнесийн салбар сургуулийн 3-р түвшний оюутан билээ. Korea University нь Солонгосын хамгийн шилдэг гурван их сургуулийн нэг бөгөөд Дэлхийд 83-т жагсдаг элит түвшний сургууль юм”


“МENTOR50” ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Таныг Солонгос хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.

Ярилцлагаа энгийн зүйлсээс эхэлцгээе. Анх яагаад Солонгос явж суръя гэж шийдсэн бэ? Хэдэн онд суралцахаар Солонгос улсыг зорьж байв?

Би Боловсролын яамны Кембриджийн лаборатори сургуулийг 2016 оны хавар төгссөн. Тухайн үед манай сургуулийн хүүхэд болгон Америкт сурна гэсэн зорилготой байсан гэж болно. Мөн гэр бүлийнхэн маань хүртэл ижил бодолтой байв. Гэвч надад эсрэгээрээ Солонгос улсын соёл, боловсрол гээд бүх зүйл нь таалагдсан. Тиймдээ ч гэр бүлийнхээ саналаас зөрж, 2016 оны 11-р сарын сүүлээр Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцахаар зорьсон юм.

Түүнээс хойш 6 сарын хугацаатай хэлний бэлтгэлээ амжилттай дуусгаж, 5-р сард Солонгосын гурван их сургуульд элсэх хүсэлтээ явуулсан. Харин бүгдэд нь тэнцсэн хариугаа 2017 оны 6 сард авч байлаа. Тэгээд түүн дотроос бизнесийн чиглэлээрээ хамгийн алдартай нь болох Korea University-г сонгож, 2017 оны 9 сараас хичээлдээ орж байсан түүхтэй.

Хичээлтэй байх үедээ өдөрт хэдэн цагт босдог вэ? Ер нь өглөөг ямар хэмнэлээр эхлүүлдэг вэ?

Миний хувьд тухайн семистрийн хичээлийн хуваариасаа хамаараад унтах, сэрэх цагаа тодорхойлдог. Солонгост их сургуулиудын хичээл хамгийн эртдээ 9 цагаас эхэлдэг. Би 1-р курст байхдаа өглөөний 7:30-д сэрээд цайгаа уугаад сургууль руугаа явдаг байлаа. Харин сүүлийн жилд ихэвчлэн өглөөг үр бүтээлтэй ашиглах зорилгоор хичээлүүдээ 10:30 эсвэл 12-оос сонгох болсон. Тухайлбал би өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга ус уудаг. Энэ нь эрүүл мэндийн талаасаа биед хэрэгтэй. Түүний дараагаар утсаа аваад өөрт хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг уншина.

Эцэст нь гоё дуу тавиад дасгалаа хийнэ. Учир нь надад өдөр бүрийг дасгал хийж эхлүүлэх нь их эрч, хүчийг өгдөг. Мөн нүүрээ будахад төдийлөн цаг зарцуулдаггүй. Тэгээд усанд ороод, өглөөний цайгаа уугаад хичээлдээ явдаг.

Та өглөөний цайндаа ихэвчлэн юу иддэг вэ?

Би хуурай идэх юм, авакода хоёрт маш их дуртай. Манай гэрийн хөргөгчинд ихэвчлэн бакери зэрэг төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүнүүд байдаг. Ер нь өглөөд ихэвчлэн авакода, шарсан өндөг гэх мэт уураг ихтэй хүнс хэрэглэхийг илүүд үздэг.

Сургуулийнхаа оюутны байранд байдаг уу? Сургуулиасаа хэр хол амьдардаг вэ?

Гадаад оюутнуудын дотуур байранд би нэг семистр амьдарч үзсэн. Тэгээд түүний дараа сургуулийнхаа ойролцоо хэд хэд нүүж байлаа. Одоогоор өглөө гэрээсээ гараад сургууль руугаа алхахад 15 минутын зайтай газар амьдарч байна. Ер нь өглөө, орой болгон алхдаг. Нийтийн тээвэр төдийлөн ашиглаад байдаггүй.

Миний мэдэхээр Солонгос залуус дотроо Seoul National University, Korea University, Yonsei University гурвыг “SKY universities” гэж нэрлэдэг. Ингэж нэрлэх болсон шалтгааныг тайлбарлавал?

Энэхүү гурван сургуулийн хувьд Солонгос улсын топ 3 их сургууль юм. Мөн Дэлхийн шилдэг 100-д багтдаг. Түүнчлэн жил бүр нийлээд нийт ахлах сургууль төгсөгчдийн ердөө 1 хувийг л элсүүлдэг гэдгээрээ шалгуур өндөртэйд тооцогддог. Тэр ч утгаараа тус улсын хүүхэд бүр нь “Тэнгэрийн сургуулиуд”-ын аль нэгт нь орох гэж амиа тавьдаг гэхэд болно. Мөн хүүхдүүдийн дунд ахлах сургуулийн төгсөх шалгалт дээрээ алдаагүй ажилласан бол Seoul National University, нэг алдвал Korea University, хоёр алдвал Yonsei University-д ордог гэсэн яриа ч бий.

Тэгвэл та өөрийн суралцдаг Korea University-гийн тухай болон дотоод уур амьсгалын талаар бидэнд сонирхуулбал?

Мэдээж түрүүн ярьсанчлан Солонгосын шилдэг боловсролыг амжилттай эзэмшээд ороод ирсэн хамгийн шилдэг залуустай нь хамт суралцаж байгаа болохоор өрсөлдөөн ихтэй. Заримдаа хоцрогдох, хурдыг нь гүйцэхгүй байх бэрхшээлүүдтэй нүүр тулгардаг. Гэхдээ энэ бүгдийг асуудал бус боломж хэмээн харж өөрийгөө улам дайчлах нь чухал. Тухайлбал нэг лекцийн танхимд 60 гаруй оюутан байхад бүгд асар их мэдлэг, мэдээлэлтэй гэдэг нь мэдэгддэг. Тиймээс өөрийгөө цаг минут тутам сайжруулахгүй бол болохгүй гэсэн өрсөлдөгч сэтгэлзүйтэй байх нь надад таалагддаг.

Сургуулийн дотоод уур амьсгалын хувьд би өмнө нь хэлний бэлтгэлээр Seoul National University-д суралцаж байсан болохоор эдгээр сургуулиудыг сайн мэднэ. Korea University-гийн бусдаасаа ялгарах нэг зүйл нь Олон улсын оюутнууд их байдаг. Ялангуяа тэдгээр гадаад оюутнуудын ихэнх нь бизнесийн чиглэлээр суралцдаг болохоор бусад сургуулийг бодоход харьцангуй дотно найрсаг уур амьсгалтай. Мөн гадаад, Солонгос оюутнуудыг ойртуулах арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг.

Сургалтын системийн хувьд ямар вэ? Монголоос хэр өөр вэ?

Миний хувьд Korea University-гийн Дэлхийн бусад улсын сургалтын системээс ялгарах нэг онцлог нь үнэлгээний зарчим гэж бодож байна. Учир нь таны авч байгаа дүн бусад оюутнууд ямар байхаас шууд хамаарна. Тодруулбал шалгалт дээрээ 90А авлаа гэж бодоход тантай ижил дүнтэй оюутан олон байх тусам таны дүнгийн үнэлгээ унана гэж ойлгох хэрэгтэй. 

Тиймээс бусдаасаа илүү гарах гэсэн өрсөлдөөн ихэсдэг. Шалгалт дээр хуулж байгаа хүүхдийг харсан хэн ч бай шалгалт авч буй багшид мэдэгдэнэ. Миний бодлоор Монголд шалгалт дээр хуулах эсвэл багийн бие даалтыг нэг нь хийх гэх мэт тохиолдлууд нийтлэг үзэгдэл болсон зүйл. Харин энд бол эсэргээрээ үнэхээр тэр сэдвийг нь судалж мэдэхгүй л бол шалгалтаа давах боломжгүй.

Гадаад оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа хэр их зохион байгуулагддаг вэ?

Ямар ч байсан семистр болгон гадаад оюутнуудын өдөрлөг зохион байгуулагддаг. Энэ нь улс болгоны оюутнууд кампус дээрээ асруудаа барьж, үндэснийхээ хоолыг бусдадаа танилцуулдаг. Мөн дундаа том тайз зассан байдаг бөгөөд үндэсний бүжиг гэх мэт зүйлсээ бусад орны залуустаа сонирхуулсан бүтэн өдрийн үйл ажиллагаа болдог гэж ойлгож болно. Түүнчлэн семистр болгон Yonsei University болон Korea University-гийн хооронд 2-3 өдрийн томоохон тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Их сургуулийн зүгээс жил болгоны хавар өөрсдийн festival-ыг зохионо. Үүнд нь ихэвчлэн Солонгосын K-pop одууд, дуучид, амьд хөгжмийн хамтлагууд оролцдог.

Сургуулийнхаа номын сангийн талаар манай уншигчдад танилцуулбал?

Энэ тухай ярьвал үнэхээр сонирхолтой. Миний хувьд Монголд сурч байхдаа номын санд төдийлөн суудаггүй байлаа. Ихэвчлэн кофе шоп эсвэл гэртээ очиж хичээлээ хийнэ. Харин Солонгост ирээд нэг сурсан зүйл нь номын санг утгаар нь ашиглах явдал байсан. Одоогоор миний амьдралын ихэнх хувь нь сургуулийн номын санд л өнгөрдөг.

Манай сургуулийн хувьд салбар сургуулиудын кампус болгон дотроо хэд хэдэн номын сантай. Тухайлбал шөнө 23 цаг хүртэл ажилладаг төв номын сан, салбар сургуулийн номын сан, 24 цагийн номын сан гэж ангилагдана. Харин оюутан бүр нэвтрэхдээ оюутны картаа ашиглах бөгөөд суудлаа захиалж, 2-3 цагаар сунгаад суух системээр ажилладаг. Заримдаа семистрийн дунд үе, шалгалтын үеэр суудал олдох нь ховор. Тийм учраас тэр үеэр ихэнх оюутнууд өглөө эрт очдог.

Гэрийн даалгавар болон бие дааж хийх ажил хэр их өгдөг вэ?

Багш нар оюутнууддаа ихэвчлэн бие дааж хийх ажил ихээр өгдөг. Тухайлбал оролт болгон дээр илтгэл, судалгааны ажлаа танилцуулах хичээл ч байдаг.  Харин зарим нь нэг семистрт хоёр том төсөл дээр ажиллуулах жишээтэй. Бас семистр болгон багаар хувааж томоохон кэйс дээр ажиллуулдаг.

Тэтгэлэг хэр их олддог вэ? Солонгосын топ 3-т засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж байдаг уу?

Солонгосын засгийн газраас жил болгон зарладаг Korean Government Scholarship Program (KGSP) гэсэн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Энэхүү тэтгэлэг нь 1 жилийн хэлний бэлтгэл болон 4 жилийн сургалтын төлбөрийг нь бүтэн даадаг гэдгээрээ онцлог. Харин сургуулиудын зүгээс төдийлөн тэтгэлэг зарлаад байдаггүй. Мөн уугуул оюутнууддаа хүртэл тэтгэлэг олгодоггүй гэж ойлгож болно. Хэрэв Солонгост сурах хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй хүүхдүүд дээрх хөтөлбөрийг судлаад материалаа өгөөд үзээрэй.

Сургуулиудын төлбөрийн хувьд мэргэжлээсээ хамаараад 2.5-5 сая воны хооронд хэлбэлздэг.

Солонгос улс амьдрах орчны хувьд ямар вэ? Монголоос анх удаа очиж байгаа оюутан ганцаараа сурч, амьдрахад хэр тохиромжтой вэ?

Би анх Солонгос улсад ирэхэд сурах хүсэлдээ хөтлөгдсөн, мэдээлэлгүй, таньдаг хамаатан садангүй хүүхэд л байсан. Тэр ч бүү хэл метроны картаа хаанаас авахаа ч мэдэхгүй явснаа нуух юун. Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд гурван өөр газар амьдрахад мэдээж хүнд хэцүү үеүд тохиолдсон. Гэхдээ энэ бүхэн нь надад хичээл, том сургамж болоод үлдсэн нь ойлгомжтой.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл 7700-3336 дугаараар ажлын цагаар холбогдоно уу.

Монголчуудын хувьд Солонгос улсын амьдрах орчинг бусад улсаас жаахан доогуур үнэлдэг байж магадгүй. Яахав амьдрахад тийм ч тухтай биш ч надад лав сонирхолтой санагддаг. Учир нь Солонгос улсын хурдтай амьдралын хэмнэл нь миний хэв маягт тохирдог болохоор тэр. Бас нэг онцлох зүйл нь оюутнуудын харилцааны соёл. Тухайлбал дээд курсийн оюутнууд үргэлж хэрэгтэй үед туслахад бэлэн, эелдгээр харилцдаг. Харин эсрэгээрээ доод курсийнхан хүндэлдэг гэдэг ч юм уу. Энэ харилцаа нь миний амьдралын хэв маяг, орчинг улам таатай болгож өгдөг. Гэхдээ мэдээж том улс юм хойно боловсролгүй, харилцааны соёлгүй хүмүүс бий. 

Зарим Солонгос яваад ирсэн хүмүүс Солонгост гадуур явахаар ерөөсөө хүүхдүүд харагддаггүй. Хүнтэй ч төдийлөн их таараад байдаггүй гэж ярьдаг. Энэ нь хотынхоо байршлаас хамаарч байна уу?

Мэдээж хамгийн түрүүнд хаана амьдарч байгаагаасаа хамаарна. Гэхдээ Солонгос хүүхдүүдийн хувьд багаасаа сургууль, цэцэрлэг дээрээ дугуйлан, клубд хичээллэж, түрүүний ярьсан завгүй хэмнэлдээ орсон байдаг. Нэмээд хэлэхэд хүүхдүүдийн утасны хэрэглээ маш өндөр түвшинд байдаг болохоор төдийлөн гадаа тоглож, гадуур явж харагдахгүй тохиолдол бий. Мөн ард иргэдийнх нь хувьд ч адил ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг.

Ганцаараа сурч, амьдарч байгаа оюутны хувьд амьжиргааны зардал ямар байдаг вэ?

Бараг хүн бүхэн мэднэ байх. Солонгост асар олон Монголчууд ажиллаж, амьдардаг. Үүний нэг шалтгаан нь хөдөлмөр эрхлээд амьдрахад хамгийн тохиромжтой орон гэж ойлгож болно. Мэдээж бараа бүтээгдэхүүний өртөг нь Монголоос өндөр. Гэхдээ хамгийн их мөнгө зарцуулагддаг зүйл нь байрны түрээс. Асар жижиг газар нутаг дээр 51 гаруй сая хүн амьдарч байгаа болохоор тэр биз.

Миний хувьд байрны төлбөр, хүнс, сургалтын төлбөр, хэрэглээний зардал гэх мэт зүйлсэд мөнгө зарцуулдаг. Хэрэв ганцаараа сурч, амьдарна гэвэл хүнсний хэрэглээгээ зохицуулаад амьдрах боломжтой. Би ихэвчлэн хүнсээ бөөндөж авдаг. Учир нь ингэх нь илүү хямд тусна. Өмнө ярьсан хамгийн санаа зовоосон зүйл болох амьдрах байрандаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь тухтай байр олоогүй, ирээд удаагүй, ганцаараа байгаа оюутанд их хүндрэл тулгарна.

Үнийн дүнгийн хувьд сонирхуулбал? Жишээ нь мах ямар үнэтэй байдаг вэ?

Солонгост амьдарч байгаа Монгол хүн бүр мэдэх байх. Энд махны үнэ тэнгэрт тулсан гэж хэлж болно. Гэхдээ яг 1 кг нь тэд гээд хэлж мэдэхгүй байна. (1 кг нь 18-20 мянган вон) Тийм учраас хямдаар нь Австрали мах, тахианы мах хоолондоо ашигладаг. Мөн бүтэн сарын хүнсний ногоо гэх мэт өргөн хэрэглээний зүйлсдээ нийт 200-250 мянган вон зарлагадна.

Би сүүлийн гурван жил байр түрээсэлж амьдрахдаа тухгүй байр, ганцаардлын зовлонг сайн ойлгосон. Тэр ч утгаараа одоо байгаа байраараа маш тухтайг сонгосон. Миний одоогоор амьдарч буй байрны түрээс сарын 560,000 вон (1,300,000 төг) болдог. Гэхдээ гадуур зөндөө 100-300 мянган воны нэг өрөө байрнууд бий.

Сурч байх хугацаандаа ажиллах боломж байдаг уу? Солонгост цагийн ажлын нэг цагийн хөлс нь хэд орчим байдаг вэ?

Солонгост өнгөрсөн 2019 он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээшлүүлэх хууль батлагдсан. Тухайлбал хамгийн багаар үнэлэгддэг ажлууд болох Convenience Stores буюу CU, CircleK гэх мэт дэлгүүрүүдэд цагийн ажил хийдэг хүн өмнө нь нэг цагийн 6500 воноос эхэлж үнэлэгддэг байсан бол одоо 7500 болсон байх жишээтэй.

Миний хувьд цагийн 10,000 воны цалинтай ажил хийдэг байсан. Нэг удаа гарахдаа оройны 21:30-аас өглөөний 07:30 хүртэл ажилладаг. Ажлын олдоц сайн учраас хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой. Гол нь цагийн менежментээ сайн зохицуулахгүй бол ядрах, хичээлдээ сууж чадахгүй байх тохиолдлууд гардаг.

Мэргэжлийн чиглэлээрээ сурч байх хугацаандаа ямар нэгэн компанид дадлага хийх, ажиллах боломж байдаг уу?

Манай чиглэлийн хувьд 4-р курсээс компаниудад дадлага хийх боломж нь нээгддэг. Учир нь ихэнх хичээлээ үзээд дуусгасан байдаг болохоор тэр. Гэхдээ оюутнууд өөрсдөө компаниуд дээр очиж ярилцах бус компаниуд сургуульд тодорхой хуваарь өгөөд оюутнуудыг шалгаж авдаг. Мөн сургуулиа төлөөлөөд гадаадад дадлага хийгээд ирэх багц хөтөлбөр ч бий.

Солонгос улс цаг агаарын хувьд ямар вэ?

Цаг агаарын хувьд жаахан асуудалтай бөгөөд Монголыг бодвол дулаахан. Гэхдээ далайтай ойр учир хэдий -5 градустай байсан ч -20-д байгаа юм шиг дааруулдаг. Хамгийн сонирхолтой нь өвлийн улирал нь надад хүйтэн санагдаж байхад Солонгос хүмүүс энэ нөлөөг мэдэрдэггүй. Тэр нь өвлийн улиралд зузаан куртикний доор тавчик, кеттэй явж байгаагаас нь анзаарагдана. Харин зуны улиралдаа Монголоос илүү халдаг. 

Халууны улирал нь 6, 7 сар бөгөөд манай хичээл 6 сарын дундуур амардаг. Тэгэхээр яг хичээл амрахын сүүлийн өдрүүдэд оюутнууд хичээлээ хийгээд суухад хүндрэлтэй болно. Мөн борооны улирал гэж бий. Ихэвчлэн 8, 9, 10 сард их хэмжээний бороо ордог.

Таны бодлоор Солонгос улсад сурч, амьдрах сул тал?

Миний бодлоор сул талд өмнө дурдсан цаг агаарын байдал орох байх. Мөн эрүүл мэнд болон хоол хүнсний талдаа асуудалтай. Тухайлбал миний биеийн дархлаа Солонгост ирснээс хойш суларсан. Түүнээсээ үүдээд сүүлийн гурван өвлийн турш ханиадтай хэцүүхэн байлаа. Мөн Солонгосчуудын амьдралын хэмнэл нь хүний биеийг бага багаар эрүүл бус болгодог юм шиг санагдсан. Тэр ч утгаараа би эрүүл байхын тулд өглөө болгон дасгал хийдэг. 

Солонгос хүмүүсийн хувьд ходоодны хорт хавдраараа Дэлхийд тэргүүлдэг ард түмэн. Энэ нь тэдний хоол болон амьдралын буруу хэвшилтэй нь холбоотой. Миний хувьд өмнө нь шөнийн цагаар ажил хийдэг байснаас үүдээд ходоод өвддөг болсон. Бас идэж байгаа хоол нь хэт халуун ногоотой гэдэг ч юм уу биед жаахан сөрөг нөлөө үзүүлэх гээд байдаг талтай. Тэр ч бүү хэл өдөр болгон гоймон идэж амьдардаг оюутантай ч таарч байлаа.

Тэгвэл давуу талуудын тухайд?

Дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай адил асар олон боломж бий. Дээрээс нь энэ улсын соёл нь хүнийг сахилга баттай, цагийн менежменттэй болгодог. Тухайлбал бүх зүйл цагийн хуваарийн дагуу хэрэгждэг болохоор миний амьдралыг илүү хөнгөвчилдөг гэж ойлгож болно. Бас хүмүүсийн харилцааны соёл, зан авирыг нь магтмаар байна. Миний энэ улсаас сурсан дараагийн чухал зүйл бол харилцааны өндөр соёл гэж боддог. Бараг Монголд явж байхдаа хүмүүстэй бөхийж мэндлэх хэмжээний хэвшил болсон.

Эцэст нь би зөвхөн Солонгос улсын гэлтгүй сургуулиасаа олон улсын соёл уламжлалыг сурдаг. Учир нь олон гадаад оюутнууд суралцдаг болохоор хичээл дээрээ баг болж, найзална. Улмаар бие биенээсээ их зүйлийг суралцах боломж нээгдэнэ.

Монголд суралцаж буй оюутан, залуустаа хандаж хэлэх үг?

Нийт залуустаа хандаж хэлэхэд ямарваа нэгэн хэцүү зүйлээс болж хэзээ ч битгий зорилго, мөрөөдлөө орхиорой. Тухтай бүсээсээ гар. Өөрийгөө үргэлж сорь. Тэр болгон чинь чамайг хөгжүүлж, дараагийн түвшинд хүргэх болно. Тиймээс аливаа ажлаас чадахгүй гэж хойш суулгүйгээр шууд нүүр тулж, байгаарай гэж хэлье даа.

error: Энэхүү контент хамгаалагдсан!