Өнөөдөр:2024-05-20

Английн Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн миний түүх

Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын тэтгэлэг авсан арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гэх мэт мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм.

Chevening нь Дэлхийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж нэг жилийн хугацаанд Англи улсад магистрын зэрэг эзэмших боломжоор хангадаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Гол онцлогийн хувьд бүх зардлыг 100 хувь даадаг аж. Мөн тус тэтгэлэг Монгол улсад хэрэгжиж эхэлснээс хойш нийт 120 гаруй оюутан Монгол оюутан хамрагджээ.

Хамгийн онцлууштай нь Chevening төгсөгчдийн холбоо нь Дэлхийд өндөр нэр хүндтэй байдаг гэнэ. Учир нь залуус тус тэтгэлгийг хүртэхийн тулд өндөр шалгуурыг давдаг. Тиймээс бид мянга мянган залуусаас өөрийн онцлог, чадвараараа ялгарч чадсан төгсөгчийн дуу хоолойг танд хүргэж байна.

SocialPay үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аян үргэлжилж байна.

Alumni Voice булангийн энэ удаагийн дугаарт 2017-2019 оны хооронд Chevening тэтгэлгээр The University of Sussex-д Олон улсын хүний эрхийн хуульч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн С.Мойлтмааг онцлов. Тэрбээр одоогоор НҮБ-ын Хүүхдийн Cангийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. 

Ярилцлага хийсэн газар: Cozy Club Ulaanbaatar

Сошиал хаягууд: Facebook, LinkedIn

Яагаад Chevening буюу Англи улсын Засгийн газрын тэтгэлгийг сонгон өргөдлөө илгээхээр шийдсэн бэ?

Тухайн үед Англи улс гэхээр санаанд багтдаггүй байсан. Ялангуяа тэтгэлэг авна гэдэг төсөөлөлгүй, бараг л боломжгүй мэт санагддаг байлаа. Гэвч өөрөө өргөдлөө өгсний дараагаар харин ч илүү боломжтой мэт итгэл төрсөн.

Chevening-ийг сонгосон шалтгааны хувьд нэг жилийн хугацаанд магистрын зэргээ авах боломжтой нь таалагдсан гэж ойлгож болно. Ялангуяа энэ нөхцөл нь гэр бүлтэй хүмүүст илүү тохиромжтой санагдсан. Тэгээд л сонгож материалаа өгөхөөр шийдсэн дээ.

Тэтгэлэг ямар шат дараалалтайгаар явагддаг вэ?

Нийтдээ 11-р сараас 5-р сар хүртэл гурван үе шаттай шалгаруулалтад явагддаг. Юун түрүүнд өргөдөл бөглөнө. Ингэхдээ дөрвөн эсээ бичих шаардлагатай. Үүнд манлайллын чадвар, харилцаа холбооны чадвар, Англи улсыг сонгосон шалтгаан мөн Монголдоо ирсний дараах зорилго гэсэн агуулгуудын хүрээнд нийт 2000 үгтэй бичих шаардлага тавигддаг юм. 

Үнэхээр цаг зарцуулж чадсан хүнийг бурхан шагнадаг

Чамгүй олон эсээ бичиж, өөрийгөө олон талаас нь харуулах шаардлагатай юм байна. Та эсээгээ амжилттай бичих арга, зөвлөгөөнөөс хуваалцана уу?

Эсээнд дурдах баримтууд тань зөвхөн таныг өөрчилсөн, сайжруулсан биш хэн нэгэнд нөлөөлсөн байх хэрэгтэй гэх зарчмыг баримтлаарай. Таны бүтээсэн ажлын үр шимийг хэн, хэрхэн, ямар байдлаар хүртэж байна вэ? гэдэг нь их чухал юм. 

Үнэхээр цаг зарцуулж чадсан хүнийг бурхан шагнадаг. Тэр ч утгаараа эсээгээ бичихдээ чанартай цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Төлөвлөгөө боловсруулж, түүндээ зориулан мэдээлэл цуглуулан бусдаар хянуулах гэх мэтээр эсээндээ зүрх сэтгэлээ зориулахыг зөвлөе. Нэг ёсондоо бүхэл бүтэн судалгааны ажил гэж ойлгож болно шүү. 

Хамгийн чухал нь өөрийгөө хайрцаглахгүй байх. Хэн нэгний бичсэн эсээг унших, олон хүнээс зөвлөгөө авах нь таны сэтгэн бодох чадварыг хайрцаглачихдаг. Үнэхээр болохгүй байгаа мэт санагдвал бүгдийг нь устгаад дахин шинээр эхлээрэй гэж зөвлөе. 

Өргөдлийн чухал материал болох тодорхойлох захидал авахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Таны эсээ, өргөдөл болон тодорхойлох захидал гурав нягт уялдаатай байх хэрэгтэй. Жишээлбэл, ажил олгогчоос авч буй захидалд таны эсээндээ дурдсан ололт амжилтыг тань тусгаагүй байвал асуудалтай бөгөөд өргөдлийн комисс нэг бол таныг худлаа ярьсан гэж дүгнэнэ. Үгүй бол цохон тэмдэглэгдмээргүй зүйл байсан гэж ойлгох нь бий. 

Өргөдлийн үе шатыг хангасны дараагаар ярилцлагад ордог шүү дээ. Та ярилцлагадаа хэрхэн бэлдэж байв?

Chevening тэтгэлгийн хувьд ярилцлагад бэлдэх үе шат их амархан юм шиг санагддаг юм. Учир нь өргөдлийн шатанд бичүүлсэн дөрвөн эсээний асуултууд л ярилцлагад орж ирдэг. Гэвч би тэрийг нилээн хойно олж мэдсэн учраас орж ирэх магадлалтай зуу зуун асуултуудыг бэлдэж байсан. Ярилцагад орохдоо аль болох энгийн, өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг ойлгомжтойгоор тайлбарлахад хангалттай. 

Гэвч тухайн үед би өөрийгөө тэнцэхгүй гэж бодсон. Учир нь миний англи хэлний түвшин тааруу, надаас илүү англи хэлийг эзэмшсэн хүмүүс их байсан юм. Тийм боловч ярилцлагад тэнцсэнийхээ дараа энэхүү тэтгэлэг зөвхөн англи хэлний дээд түвшний мэдлэгтэй хүмүүст олгогддоггүй гэдгийг ухаарсан.

Тэтгэлгийн сүүлийн шатанд тэнцсэн мэдээгээ хэрхэн хүлээж авсан бэ?

Мэдээж баяртай байсан боловч хамгийн хачирхалтай нь тэр баяр баясал удаан үргэлжлээгүй. Очиж сурна гэдэг илүү том даваа хүлээж байсан тул айдаст автдаг юм билээ. 

Амьдарч байсан хот болон сургуулийнхаа тухай бидэнтэй хуваалцана уу? 

Миний хувьд Brighton хотын The University of Sussex-д Олон улсын хүний эрхийн хуульч мэргэжлээр суралцсан. Brighton хотын хувьд Англи улсдаа болон Дэлхийд хүний эрхийг дээдэлдэг, орчин үеийн хот гэдгээрээ алдартай. Мэдээж анх очиход итгэж өгөхгүй, гоё мэдрэмж авч байсан ч хамгийн түрүүнд тулгарсан асуудал бол амьдрах байраа олж, ахуй амьдралаа төвхнүүлэх байсан. Очсон эхний сар маань орчиндоо дасах гэж явсаар өнгөрсөн юм.

Сургуулийн хувьд Англи улсдаа хамгийн олон ЛГБТ болон олон үндэстний оюутан суралцдаг, их чөлөөтэй. Хүний эрхээр сурч байгаа хүний хувьд эрх чөлөөг мэдэрсэн орчинд суралцана гэдэг их гайхалтай туршлага байсан л даа. Илүү итгэл үнэмшил төрж, ийм л нийгмийг цогцлоох хэрэгтэй гэсэн бодол буусан билээ. 

Боловсролын чанараараа тэргүүлэгч улсад суралцахын хамгийн том давуу тал нь юу вэ?

Олон зуун жилийн турш тогтсон боловсролын системтэй тул ашиглаж байгаа хөтөлбөр, арга барил нь сурагчиддаа чанартай мэдлэгийг өгч чаддаг. Харин хичээлийн агуулга, мэдээ мэдээлэл нь үнэхээр шинэлэг байсанд анх хичээлдээ суугаад их цочирдсон. Жишээлбэл өнөөдрийн Олон улсын Эрх зүйн хичээл дээр өчигдөр болсон сөргөлдөөний тухай хэлэлцүүлэг, дүн шинжилгээ хийдэг гэдэг ч юм уу. Мөн хичээлийн нэг өдрийн семинарын сэдэв зөвхөн Фейсбүүкийн талаар хэлэлцэж байсан. Би хэзээ ч Англи улсад очоод Фейсбүүкийн талаар хичээл үзнэ гэдэг төсөөлөлгүй байсан. 

Мэдээж гаднын улсад хоёрдогч хэлээр магистрын хичээл судална гэдэг амаргүй даваа. Та өөрийнхөө туршлагаас хичээлүүдээ амжилттай давах зөвлөгөө өгнө үү?

Яг адилхан даалгаврыг Англи хүн нэг цагийн дотор дуусгаж байхад чи гурван цагийн дотор хийнэ гэсэн үг. Амархан зүйл гэж би хэлэхгүй. Гэхдээ огт бүтэшгүй зүйл ч бас биш шүү дээ. Ерөөсөө л сахилга бат. Надад өмнө нь энэхүү тэтгэлгээр явчхаад ирсэн хүн хэлэхдээ “Өөрийгөө ажил хийж байна л гэж бод. Монголд өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан хэмнэлээрээ очоод чи суралцах хэрэгтэй” гэдгийг маш хатуу захиж байсан. Тиймээс өөр өөртөө үнэнч, сахилга баттай байгаарай.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!