Өнөөдөр:2024-05-20

Ц.Золбоо: Намайг энэ түвшинд хүрэхэд сайн дурын ажил тус болсон

Өнөөдрийн “Би Монгол оюутан” цуврал нийтлэлийн дугаарт маань University of Sydney-ийн оюутан Ц.Золбоо оролцлоо. Тэрээр гадаадад дээд боловсрол эзэмших хүсэлтэй залуустаа зориулж Дэлхийд боловсролоороо тэргүүлэгч Австрали улсад сурч, ажиллаж, амьдрахад шаардагдах бүхий л мэдээллийг хүргэхийг зорьсон юм.

“Золбоо нь одоогоор Sydney хот болон University of Sydney-ийн олон улсын оюутан хариуцсан төлөөлөгч бөгөөд ACFS Port Logistics гэх Австралийн компанид ажилладаг билээ.”

Таны хувьд анх яагаад Австрали улсыг сонгож суралцахаар шийдсэн бэ? Ахлах сургуульд байхдаа ямар бодол, төсөөлөлтэй хүүхэд байв?

Миний хувьд “Шинэ эхлэл” сургуулийг төгссөн бөгөөд ахлах сургуульд байх даа Англи эсвэл Австрали улсын аль нэгнийг сонгож суралцах хүсэлтэй байсан. Тэр ч утгаараа Англи, Австралид байдаг оюутнуудын блогыг уншиж, бичлэгийг нь үздэг байлаа. Харин эцэст нь 12-р ангид байхдаа нэлээдгүй судалгаа хийж, хүмүүсээс асуусны үндсэн дээр Австрали улсыг сонгож суралцахаар шийдсэн дээ. 

Сонгох болсон шалтгааны хувьд олон улсын оюутнуудад ээлтэй, хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой гэх мэт зүйлс нөлөөлсөн. Мөн аав маань бас сурах гээд гэр бүлээрээ хамт явж билээ.

Яагаад заавал санхүү, эдийн засгийн чиглэлийг сонгох болсон бэ?

Би эхний семистр дээ олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр хичээл судалж үздэг байсан. Учир нь 8, 9-р ангиасаа Улаан Загалмай нийгэмлэгт сайн дурын ажил хийж эхэлсэн болоод тэр. Тэгээд төгсөөд Улаан Загалмайд эсвэл НҮБ-д ажилд орно гэж бодож байлаа. Харин гэрийнхний зүгээс санхүү болон эдийн засгийн чиглэлээр сурахыг зөвлөж байв.

Австрали улсын нэг онцлууштай зүйл нь оюутнууд нь давхар мэргэжлээр сурах боломж нь чөлөөтэй байдаг. Тухайлбал IT-гаар сурдаг оюутан давхар түүхийн чиглэлээр мэргэших боломж нь нээлттэй гэсэн үг. Тэгээд миний хувьд олон улсын харилцааны хичээлийг сонгож суралцсан боловч үүнд сонирхолгүй гэдгээ мэдээд сүүлд санхүү, эдийн засаг болгож шилжүүлсэн.

Анх Австрали улсыг 2017 онд зорьж байсан гэсэн. Ямар замаар явж байж University of Sydney-д орох боломжийг өөртөө нээж чадав?

Миний Австралид сурахаар төлөвлөсөн байх үед анзаарсан нэг зүйл нь бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг бага өгдөг нь ажиглагдсан. Мөн энэ улсыг зорьж суралцах шаардлага нь хүртэл өндөр гэж ойлгож болно. Анх “Шинэ эхлэл” ахлах сургуулийг төгсөөд шууд University of Sydney-д элсэх нэлээн хүндрэлтэй байсан. Тэгээд сайтар судалсны эцэст University of Sydney-ийн Foundation program гэж хөтөлбөр байдаг гэдгийг олж мэдээд материалаа бүрдүүлээд тэнцэж байлаа.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

University of Sydney-ийн Foundation program хөтөлбөрийн талаар анх хаанаас олж мэдэж байсан бэ? Энэхүү хөтөлбөрийнхөө талаар танилцуулбал.

Би ахлах сургуулийн 11-р ангиасаа IELTS-д бэлдэж эхлээд “Ногоон Жэйд” сургалтын төвд явдаг байв. Тус сургалтын төв нь “Education Expo” гэх боловсролын үзэсгэлэнг жилдээ 2 удаа зохион байгуулдаг. Тухайн үед би тэрхүү арга хэмжээнд гадаадын сургуулиудыг төлөөлж ирсэн хүмүүст орчуулагч хийж, таараад University of Sydney-ийн Foundation program-ын 10,000 ам.долларын тэтгэлэг байдаг талаар мэдээлэлтэй болж байсан. Ер нь жил болгон ирэхдээ өөр өөр тэтгэлэгтэй ирдэг юм шиг санагддаг. Тэгээд өмнө ахлах сургуульд байхдаа Cambridge-ийн IGCSE гэх шалгалтыг өгч байсан болохоор тэр оноогоороо суралцаж болох юм байна гэдгийг мэдээд өргөдлөө явуулж билээ.

Foundation program хөтөлбөрийн хувьд залуусыг их сургуульд орохоос нь өмнө нэг жил бэлддэг коллеж гэж хэлж болно. Тухайлбал эдийн засгийн чиглэлээр суралцах сонирхолтой бол түүнийхээ суурь хичээлүүдийг үздэг гэсэн үг. Ер нь л ахлах сургууль шиг. Тэгээд тус хөтөлбөрт суралцсан оноогоороо University of Sydney-д орох боломжтой болдог.

Виз мэдүүлэхэд асуудал байсан уу?

Визийн хувьд University of Sydney-ээс хөтөлбөртөө тэнцэж, урилга ирсэн учир харьцангуй хурдан гарсан. Австрали улс руу суралцахаар виз мэдүүлэхэд гурван ангилал байдаг. Топ сургуульд тэнцсэн нь нэгдүгээр ангилал, дунд түвшний сургууль нь хоёр, арай доогуур түвшний их сургуулиуд нь гурав дугаар ангилал гэж хуваагддаг. Харин University of Sydney нь Дэлхийн топ сургууль болохоор нэгдүгээр ангилалд нь багтдаг тул виз асуудалгүй хурдан гарч байсан.

Бусад шаардлагын хувьд Австрали улсад очиж амьдрах чадвартай гэдгээ батлах гэх мэт зүйлс бий. Тэдгээр зүйлсээ бүрдүүлээд өгөхөд болно.

Одоо таны амьдралын хэв маяг талаас ярилцъя гэж бодлоо. Өглөө хэдэн цагт босдог вэ? Мөн өдрийг хэрхэн эхлүүлдэг талаараа манай уншигчдад сонирхуулбал.

Өглөөг ихэвчлэн эрч хүчтэй эхлүүлэх дуртай. Ер нь босоод гялс ороо хурааж, дуу тавиад 5 минут шүршүүрт ороод 10 минут дасгал хийх эсвэл бүжиглэдэг. Тэгээд шууд хувцсаа өмсөөд гардаг. 

Миний хувьд ер нь бүх хичээлээ 1-2 хоногт шахдаг. Яагаад гэвэл ажил хийдэг болохоор тэр. Манай сургуулийн эхний хичээл 8-аас ордог бөгөөд өмнөх семистрт өглөө 7 эсвэл 8 гэж босоод хичээлдээ явдаг байлаа. Харин одоогоор ихэнх хичээлээ үдээс хойш сонгосон тул өглөө 6-аас өдөр 13, 14 цаг хүртэл унтдаг. Учир нь орой 20:00-05:00 хүртэл ажилладаг болохоор өглөөгүүр ихэвчлэн унтаж таардаг. 

Өмнөх семистрт ажил маань орой 22:00-23:00 хооронд тардаг байсан болохоор өглөөний цагаар хичээлээ үздэг байсан. Одоогоор ихэнх хичээл маань 14:00-17:00 цагийн хооронд ордог.

Өглөөний цайндаа ихэвчлэн юу хэрэглэдэг вэ?

Миний Австралид ирээд нэг гайхсан зүйл нь ногоог түүхийгээр нь хэрэглэдэг явдал байсан. Тухайлбал Монголчуудын хоол хүнсэндээ ашигладаг улаан, ногоон чинжүү, өргөст хэмх гээд төрөл бүрийн ногоог жижиг жижиг хэрчээд popcorn шиг кино үзэж байхдаа идчих жишээтэй. Тиймээс өглөөдөө ногоо болон Super food гэж бүтээгдэхүүн хэрэглэдэг. 

Super food нь Австралид их алдартай бөгөөд хүний өдөр авах бүх шим тэжээлийг агуулсан бүтээгдэхүүн юм. Миний хувьд оройн цагаар ажил хийдэг болохоор биед хэрэгтэй витаминаа тус зүйлээс авдаг.

Сургуулиасаа хэр зайтай амьдардаг вэ?

Манай гэр University of Sydney-ээс нэг цагийн зайд байдаг. Тодруулбал гэрээсээ гараад 15 минут метронд суухаар алхана. Түүний дараагаар 30 минут метронд явж, буугаад дахин 15 минут сургууль руу алхана. Ер нь энд автобус болон нийтийн тээврийн өртөг өндөртэй. Жишээ нь автобус нь 1-2 буудал явахад 2-3 ав.доллар авдаг. Тиймээс үргэлж хөлд эвтэйхэн гутлаа өмсөөд алхахыг л хичээдэг дээ.

Тэгвэл University of Sydney-ийн талаар манай уншигчдад танилцуулж болох уу? Анх ороход ямар мэдрэмж төрж байсан бэ?

University of Sydney нь Дэлхийн топ 50 сургуулийн нэг бөгөөд анх надад таалагдсан зүйл нь кампус байсан. Бараг кампусын нэг талаас нөгөө рүү нь алхахад 20-30 минут болохоор том. Мөн тэр дотроо бүх зүйл нь байрладаг. Тухайлбал оюутнууд хоол идэх ресторан, кафе, кофе шоп, хичээлээ тараад пиво уугаад суух lounge, спорт цогцолбор, гадаад оюутнуудад дөнгөж ирээд шаардагдах утасны дугаар, банкны карт авах хэсэг, эмийн сан гээд бүх зүйл бий. Мөн манай сургууль Австралийн хамгийн эртний их сургууль тул барилга нь их өвөрмөц. Бүр Харри Поттер дээр гардаг сургуультай ижил гээд жуулчид маш их хэмжээгээр ирж сонирхдог.

Гадаад оюутан руу чиглэсэн үйл ажиллагаа хэр их зохион байгуулагддаг вэ?

Манай сургуульд одоогоор 200-300 орчим клубууд байдаг. Жишээлбэл хоол иддэг, нум сум харвадаг, DJ сонирхогчид гээд төрөл бүрийн клубууд бий. Тэр болгоныг удирддаг оюутнууд нь долоо хоног тутам үйл ажиллагаа зохион байгуулдаг. Ер нь оюутнууд ихэвчлэн 4-5 клубд ордог бол миний хувьд анх 15 клубд ороод эхний долоо хоногтоо ядаргаанд орж билээ. Сүүлдээ өдөр болгон өөрийгөө танилцуулж явахаасаа залхаад “Намайг зүгээр л Золбоо гэдэг” гэж хэлдэг болсон. Тэгээд ер нь сургууль дээр хичээлтэй явж байхад байнга л ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулагдаж харагддаг.

Хамгийн сонирхолтой нь шалгалтын үеэр сургуулийн зүгээс оюутнууддаа зориулж иог, бясалгал, стресс тайлахтай холбоотой арга хэмжээнүүдийг хийдэг. Мөн олон улсын оюутнууд гэрээ санах тохиолдол гардаг бөгөөд түүнтэй холбоотой судалгаа явуулахад гэрийн тэжээмэл амьтнаа хамгийн ихээр санагалздаг гэж гарсан. Гэтэл сургуулийн зүгээс нэг өдөр тэдгээр оюутнууддаа зориулаад хөөрхөн нохой, муур зэрэг амьтдыг авчирч тоглуулж байсан. Энэ мэтчилэн оюутнууд руу чиглэсэн сургууль гэж ойлгож болно.

Сургалтын системийн хувьд Монголоос өөр байдаг уу?

Ер нь бол оюутан төвтэй гэж ойлгож болох юм. Багш нар оюутнуудаас заасан зүйлээрээ шалгалт бараг аваад байдаггүй. Ерөнхий сэдвийн өгнө. Харин тэр талаар тухайн оюутан судалж асуудлыг шийдэхдээ хэрхэн ашиглаж байгаа, хувьдаа бүрэн судалсан байна уу гэдгийг нь шалгалтаар мэддэг. Мөн хамгийн онцлохоор зүйл нь оюуны өмчийг асар дээдэлдэг. 

Оюутан бие даалт, эсээндээ хүний хэлсэн үг, тодорхойлолт зэргийг оруулах шаардлагатай бол заавал эх сурвалж, цаашлаад хэддүгээр хуудсанд нь байсан, хэн гэдэг хүнийх гээд бүхий л мэдээллийг нь бичих шаардлагатай. Бүр яг хэлснээр бичихгүй өөрчилж бичихийг ч зөвлөдөг. Хэрэв эх сурвалжгүй бичвэл шүүхэд дуудагдаж, виз ээ цуцлуулах ч аюултай. Яг л дууг татах ёстой газраас нь татаж, киног үзэх ёстой газраас нь сарын төлбөрийг төлж үзэх ёстой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болно. Мөн заримдаа лекц дээр бидний суралцаж байгаа чиглэлээр томоохон компанид ажиллаж байгаа хүмүүсийг урьж яриулдаг.

Тэгвэл сургуулийнхаа номын сангийн талаар?

Манай University of Sydney нь маш олон номын сантай. Гэхдээ гол номын сангийнх нь хувьд ярихад Sydney хотдоо хамгийн том доо тооцогддог байгаа. Хэдий гаднаас нь харахад гурван давхар барилга шиг харагддаг ч дотогшоо оронгуут дахиад доошоо гурав давхар байдаг. Мөн 24 цаг ажилладаг бөгөөд ном гэхээсээ илүүтэй багаар ажиллах хичээлээ хийж суух зай талбай ихтэй. 

Дүүргэлтийн хувьд семистрын эхний хэдэн долоо хоногт ачаалалгүй байж байгаад бие даалтын хугацаа, шалгалт ойртоод ирэхээр суух ч газар байхгүй дүүрчихдэг. Тэр тохиолдолд гадаа зүлгэн дээр суугаад хичээлээ хийдэг дээ.

Тэтгэлэг хэр их зарлагддаг вэ?

Өмнө хэлсэнчлэн бакалаврын түвшний тэтгэлэг төдийлөн байдаггүй. Харин Монголчуудын ихээр ирж суралцдаг тэтгэлэг бол Australian Awards байх. Гэхдээ зөвхөн магистр, докторын түвшинд суралцагчдад зориулсан гэдгээрээ онцлог. Мөн Endeavour Scholarships гэж байдаг.

Монгол оюутнуудтайгаа хэр их тааралддаг вэ?

Сүүлийн үед Австрали улсад тэр дундаа Sydney хотод Монголчууд их болсон. Харин манай сургуулийн хувьд миний мэдэхийн бакалаврын түвшинд нэг оюутанг л таньдаг байсан. 

Тиймээс нэгнийгээ олоход хэцүү байсан болохоор би 2019 оны 11-р сарын 1-нд Монгол оюутнуудын нийгэмлэгийг бий болгосон. Мөн Австралид магистрын түвшинд тэтгэлгээр суралцдаг Монголчуудтайгаа хамтарч “Австралиас суралцахуй” гэсэн 140 гаруй хүмүүстэй уулзалтаа хийсэн. Харин сургуульд дээр нийгэмлэг байгуулснаас хойш Монгол оюутнууд маань нэмэгдэж орж ирээд одоо Монголчуудтайгаа ойр байгаа гэж ойлгож болно.

Хүссэн ур чадвараа TomYo аппын Skills хэсгээс сураарай.

Австрали улс амьдрах орчин, хүмүүсийн ааш зангийн хувьд ямар вэ?

Ер нь ард иргэд нь маш найрсаг бөгөөд сурч, ажиллахад таатай орчин бүрдсэн газар юм. Мөн миний хувьд өмнө нь ерөөсөө ялгаварлан гадуурхах хандлагад өртөж байгаагүй. Түүнчлэн ажилд хийгээд явахад бүх хүмүүс нэг түвшинд байдаг нь их таалагддаг. Тухайлбал АНУ шиг доктор, профессор гэж дууддаггүй. Эсрэгээрээ тэгж дуудахаар “Надад аягүй эвгүй байна. Намайг нэрээр минь дууд” гэдэг.

Ард иргэд маш энгийн санагддаг. Жишээ нь ямар нэгэн томоохон арга хэмжээнд өөрт эвтэйхэн энгийн чөлөөтэй jeans, подволктэй очдог гэдэг ч юм уу. Ийм энгийн байх нь надад их таалагдсан.

Амьжиргааны зардлын хувьд ямар байдаг вэ?

Австрали улс тэр дундаа Sydney хот бол амьжиргааны өртөг асар өндөртэй. Бараг топ 10-т багтах байх. Энд бүх зүйлийн төлбөр 1-2 долоо хоногоор бодогддог. Тухайлбал түрээсийн байр 1 долоо хоног нь хамгийн багадаа 150 ав.доллароос (260,000 төгрөг) эхлээд дунджаар 700 ав.доллар (1,200,000 төгрөг) хүрнэ. Оюутны байранд амьдарна гэвэл 200-400 ав.долларын хооронд байх боломжтой. Тиймээс оюутнууд ихэвчлэн нийлж байр түрээсэлдэг. Ажлын хөлс ч ялгаагүй 1-2 долоо хоногоор нь бодож өгдөг. Харин нэг авууштай зүйл нь цалин доод хэмжээгээрээ Австрали улс нь Дэлхийг тэргүүлдэг шиг санагдаж байна. Тухайлбал нэг цагийн хөлс нь 19.49-24 ав.долларын хооронд байдаг.

Гадуур хоол идэхэд дунджаар 10 ав.доллар буюу түүнээс дээш өсөөд явна. Махны хувьд Монгол нийлүүлдэг хүмүүсээс авдаг болохоор төдийлөн хүнд тусдаггүй. Харин талх нь 3-4 ав.доллар гээд янз бүр байдаг.

Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж нь хэр вэ?

Манай University of Sydney-ийн хувьд оюутнууд нь төгсөөд ажилд ордог хувиараа Дэлхийд 4-т ордог. Мөн сургууль дээрээ Career center гэсэн төвтэй. Тэр нь оюутнуудыг ажлын байранд ороход туслах бүхий л мэдээллээр нь үнэгүй хангадаг. Тухайлбал “Би ийм хичээл үзэж байгаа юм аа. Ямар чиглэлээр ажиллавал зүгээр вэ?” гэж асуухад зөвлөгөө өгч, хэрхэн CV-гээ бэлтгэх, ажлын ярилцлагад ороход нь сайтар бэлддэг. Тийм болохоор төгсөөд ажлын байргүй болно гэж айх хэрэг байхгүй гэсэн үг.

Сургуулийн зүгээс тогтмол ажлыг үзэсгэлэн зохион байгуулдаг бөгөөд маш олон компаниуд ирж оюутнуудыг ажиллахыг санал болгодог. Энэ үйл ажиллагаа зөвхөн оюутан шалгуулж ажилд орох биш ямар ажилд хүнийг авч байгаагаа тэр компани нь танилцуулах ёстой гэх соёлд суралцуулдаг юм шиг санагдсан.

Эцэст нь гадаадад суралцах сонирхолтой Монгол залуустаа хандаж хэлэхэд?

Өөрт олдсон бүх боломжуудыг ашиглах гэж хичээгээрэй. Хаа сайгүй боломж бий шүү. Надад заримдаа хүүхдүүд амжилттай Дэлхийн томоохон компанид ажиллаж байгаа мундаг хүмүүсийг хараад “За аргагүй дээ. Ийм том сургуулиуд төгссөн юм чинь ингэж явах нь ойлгомжтой” гээд боломжоос хойш суух хандлага ажиглагддаг. Тиймээс энэ сэтгэхүйгээ хаяж, урдах зүйлсээ тултал нь хийгээд нээлттэй байдлаар сэтгээсэй гэж хүсэж байна.

Миний зүгээс зөвлөх бас нэг зүйл нь сайн дурын ажил хийж үзээрэй. Учир нь намайг Австралид ирээд хичээлийнхээ хажуугаар 30-40 ав.долларын цалинтай ажилд ороход энэ зүйл минь тусалсан. Мөн Австрали улс сайн дурын ажил хийдэг хүмүүсийг маш их хүндэлдэг тул өөрт олдсон боломж бүрийг ашиглаарай.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!