Өнөөдөр:2024-05-20

Ц.Даваасүрэн: Хэлний мэдлэгтэй байхад хаана ч асуудалгүй сурна

“Би Монгол оюутан” цувралын энэ удаагийн дугаарт Хятадын шилдэг их сургуульд сурч буй Монгол оюутны амьдралын хэв маяг, их сургуулийнх нь талаар мэдээлэл авахаар Shanghai University-гийн оюутан Ц. Даваасүрэнтэй ярилцав.

Та өглөө хэдэн цагт сэрдэг вэ? Мөн өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?

Миний хувьд  долоон хоногийн дөрвөн өдөр өглөөний цагаар хичээлгүй байдаг болохоор 9 цаг гэж босдог. Харин хичээлтэй өдрөө 7 цагт сэрдэг. Түүний дараагаар нүүр, амаа угаагаад кофегоо ууснаар өдөр маань эхэллээ гэж хэлж болно. Ер нь маш энгийн байх дуртай.

Оюутнууд сургуульдаа ихэвчлэн юугаар явдаг вэ?

Шанхай Их сургуулийн кампуст оюутнууд ихэвчлэн дугуй, скүүтер ашигладаг. Би сургууль руугаа 25 минут явахаар байвал дугуй унах замыг сонгодог. Заримдаа алхах тохиолдол ч бий. Харин дугуйтай хоёр кампусын гол замаар явж байх үед Улаанбаатарын түгжээ шиг дугуйн түгжээ үүсдэг. Магадгүй сонсоод итгэхгүй байх. Анх яг түгжрэх үйл явц л сонирхолтой санагддаг байсан. Одоо ч дассан гэхэд болно.

Шанхай хот сурч, амьдрах орчны хувьд ямар вэ? Амьдралын хэв маягийн талаар?

Амьдралын хэв маягийн хувьд маш хурдан хэмнэлтэй байдаг. Учир нь энд хэн хурдан хийх ёстой зүйлсээ хийнэ, тэр хүн бусдаас түрүүлж алхана. Мэдээж Шанхай нь Хятадын тансаг зэрэглэлийн хот тул амьдрах, сурч боловсрох орчин нь тохилог, тааламжтай. Мөн Хятад хүмүүсийн дунд тодорхой цаг, хугацааг өнгөрүүлсний дараагаар тэдний соёл өдрийн хэмнэлд уусаж өдөр унтах, тогтсон цагт хооллох нь дадал болдог гэж хэлж болно. Түүнчлэн Хятад хүмүүс дугуй, скүүтэр зэрэг зүйлсийг маш идэвхтэй ашигладаг.

Амьжиргааны зардлын хувьд ямар байдаг вэ?

Шанхай бол Хятадын хамгийн хэрэглээ өндөртэй хот юм. Учир нь энд ахуйн хэрэглээний бараанаас эхлээд хүнс, хэрэглээний зүйлс нь бусад хотуудаасаа харьцангуй үнэтэй байдаг.

Гадаад болон Монгол оюутнуудын хувьд сар болгон тэтгэмж авдаг. Тодруулбал Бакалаврын түвшний оюутнуудын хувьд 1500 юань, Магистрын түвшний оюутан 3000 юань, Доктор 3500 юань гэх мэт.

Миний туршлагаас үзэхэд тухайн оюутан сардаа хувцсанд мөнгө үрэлгүйгээр хүнс ахуйн хэрэглээний зүйлсдээ мөнгө зарцуулбал 1500-2000 юань орчим болдог. Учир нь хичээлийн хэрэгсэл, тог цахилгаан, өрөөндөө ус захиалах, утасны төлбөрөөс (сарын 100 юань байдаг) эхлээд мөнгө үрэгдэх зүйлс асар олон бий.

Талх болон махны үнэ хэдтэй байдаг вэ?

Мэдээж өмнө хэлсэнчлэн бусад хотуудыг бодвол харьцангуй үнэтэй. Талхны хувьд 10 юаниас эхэлнэ. Харин тахиа, гахайн мах нь хамгийн хямд бөгөөд 1 кг нь 60 юань гэх мэт байдаг. 

Монгол оюутны хувьд сурахынхаа хажуугаар ажиллах боломж байдаг уу?

Миний мэдэхээр хэд хэдэн сурахынхаа хажуугаар ажил хийдэг оюутнууд бий. Гэхдээ энэ зүйлс нь хуулиараа хориотой байгаад зогсохгүй их хичээлийн хажуугаар ажиллах нь хүндрэлтэй байдаг. Тиймээс БНХАУ-д суралцах хүсэлтэй залуус байвал ажил бус хичээлдээ анхаараад төгсвөл тустай.

Соёлын ялгаатай байдлын талаар сонирхуулбал?

Соёлын ялгаатай талын тухайд Хятад хүмүүс биднийг бодвол цагийн хуваарь гээч зүйлийг төгс мөрддөг. Учир нь энэ их хүний өрсөлдөөн дундаас гарч ирэх наад захын шалгуур нь юм. 

Тэгвэл баяр наадам хэр их зохион байгуулагддаг вэ?

Монгол улстай харьцуулахад харьцангуй олон баяр тэмдэглэдэг. Мөн тэдгээр тэмдэглэлт баяраараа тодорхой хэдэн хоног амарна. Тухайлбал Хятад улс тунхагласны баяраар 5 хоног, цагаан сараар 5-7 хоног амрах жишээтэй. Ер нь өргөн дэлгэр тэмдэглэж, гадаад оюутнууд руу зориулсан арга хэмжээ их зохион байгуулагддаг нь таалагддаг.

Тиймээс БНХАУ-д тэр тусмаа Шанхайд суралцах гэж байгаа оюутны хувьд соёлын арга хэмжээнд олонтаа оролцож тухайн орны хэв маяг, уламжлалыг өөрийн ирэхгүй мэдрэх байх.

Хятад хүмүүс ааш зангийн хувьд ямар байдаг вэ?

Монголчуудын дунд “Хятад хүмүүс нус, шүлсээ хамаагүй хаядаг. Энэ нь тэдний дадал, зуршил болсон зүйл. Мөн Монголын талаар үргэлж тааламжгүй үзэл бодолтой явдаг” гэх яриа байдаг. Гэхдээ энэ нь 100 хувь худал зүйл биш. Мэдээж үнэний ортой. Миний хувьд ч гэсэн тийм хандлагатай хүмүүстэй олон удаа таарч байсан. Харин боловсролтой, соёлтой газрын хятад хүмүүст энэ хандлага байдаггүй. Яг л манай улстай адил ийм нөхцөлд боловсролын ялгаа гээч зүйл яригдана.

Шанхай хот нь хятадын хамгийн өндөр хөгжилтэй дээд зэрэглэлийн хот учраас эндхийн хүмүүсээс тийм ёс суртахуунгүй хандлага олж харна гэдэг ховор тохиолдол. Тиймээс хүмүүсийн хандлага нь 100 хувь орчноосоо хамааралтай гэж ойлгож болно.

Хөгжлийн түвшний хувьд хэр хэмжээнд үнэлэх вэ?

Миний өнцгөөс Шанхай хот Бээжингээс илүү өндөр хөгжилтэй гэж боддог. Учир нь амьдрах орчин, агаарын бохирдол гэх мэт маш олон асуудлууд Бээжинд бий. Харин Шанхай хотын хувьд цагдаагийн машин, такси зэрэг нь сүүлийн үеийн Бенз байх жишээтэй. Түгжрэл гээч зүйл элбэг тохиолддоггүй. Мөн үзвэр үйлчилгээний өвөрмөц зүйлс олон байдаг гэдгийг залуус маань надаар хэлүүлэлтгүй гадарлах байх.

Хятадын бүх хотод нийтийн тээврийн карт гэж байсан хэдий ч одоо утсаар бүх асуудлыг шийддэг болсон. Үүнд WeChat, Alipay зэрэг томоохон аппууд багтана. Мөн метро, такси, автобус, усан онгоц зэргээр үйлчлүүлж болох учраас хөгжлийн түвшнийг залуус маань ерөнхийдөө мэдэж байгаа.

Тэгвэл Хятадад сурах давуу талын талаар манай уншигчдад сонирхуулбал?

Орчин үеийн залуусын ихэнх хувь нь гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй байх болжээ. Мэдээж энэ хүсэл тэмүүлэлтэй байх нь хамгийн зөв. Гэхдээ тухайн улсынхаа талаар судалж давуу болон сул талуудыг нь сайтар ойлгосон байх шаардлагатай. 

Хятадын их сургуульд сурах давуу талын хувьд сургалтын систем нь монгол улсаас өөр бөгөөд илүү практик дээр суурилсан гэж ойлгож болно. Тухайлбал оюутнуудыг орчин үеийн технологи дээр суурилсан анги танхимууд болон багаж хэрэгсэл гээд шаардлагатай зүйлсээр нь хангаж өгдөг. Мөн оюутан дадлагаар өөр хот руу явах үед байраар хангаж өгөх гэх мэт сайшаалтай талууд олон байдаг.

Харин сул талын тухайд?

Сул талын тухайд хүн ямар нөхцөл байдал, мэдлэг, чадвартай очиж байгаагаас хамаарах зүйлс бий. Жишээлбэл ганцаардах, хэлний мэдлэг дутуугаас болж хичээлийн дарамтад орох гэх мэт. Хамгийн гол зүйл нь хэлний мэдлэгийн асуудал. Хэрэв та Хятадад сурах төлөвлөгөөтэй бол хэлний мэдлэгээ асуудалгүй болгосныхоо дараа сурах нь зүйтэй. Энэ нь танд хичээлээ хурдан ойлгоход тусалж, дарамтаас хол байлгаж өгнө.

Гадаадад сурах хүсэлтэй залуустаа зориулж цаг гарган хэрэгтэй мэдээллийг хүргэсэнд баярлалаа.

Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.


Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!