Өнөөдөр:2024-05-20

АНУ-д сурсан туршлага маань олон өөрчлөлтийг бий болгосон

Alumni Voice нь боловсролоороо тэргүүлэх улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол залуусын тэтгэлэг авсан арга барил, алдаа дутагдал, заль мэх, шаардлагатай зүйлс гээд холбогдох бусад мэдээллийг хүргэх зорилготой онцлох булан юм.

Түүний АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурсан талаар илүү дэлгэрэнгүй энд дарж TomYo аппаас үзээрэй ?

Бид энэ удаагийн дугаараар Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч /alumni/ Б.Мөнхсоёлтой хийсэн сонирхолтой ярилцлагыг товчлон хүргэж байна. Тэрбээр тус хөтөлбөрт 2010-2011 оны хооронд хамрагдсан бөгөөд Нээлттэй Нийгэм Форум болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт эдийн засгийн чиглэлээр ажилласан. Одоо Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ-ын захирлын албыг хашиж байна.

Түүнтэй ярилцсанаар өөрийн карьераа цогцлоосны дараа ч өсөн дэвших боломж хэзээд байдаг гэдгийг ойлгох болно. Энэхүү нийтлэлээс залуус маань хүн бүрийн сайн мэддэггүй Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна.

Ярилцлага явагдсан газар: Vinyl Music Lounge

Сошиал хаягууд: Facebook, Twitter, Linkedin

Hubert Humphrey Fellowship хөтөлбөр гэж юу вэ? 

Hubert Humphrey Fellowship програм нь мэргэжлийн карьераа тодорхой хэмжээнд босгосон, таваас дээш жилийн ажлын туршлагатай салбарын манлайлагчдыг чадваржуулах зорилготой арван сарын турш үргэлжилдэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүмүүс карьераа ахисан түвшинд хүргэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн сүлжээ, харилцаа холбоогоо тэлэх зэрэг томоохон боломжуудыг олгодог.

Hubert Humphrey Fellowship-т хамрагдахын тулд англи хэлний түвшин ямар байх шаардлагатай вэ?

Миний хувьд хөтөлбөрт хамрагдсаны дараагаар тус хөтөлбөрийн шалгаруулах комисст ажилласан. Тэгэх явцдаа өргөдөл гаргасан хүмүүсийг англи хэлний бэлтгэл шаардлагатай ба шаардлагагүй гэсэн хоёр төрлөөр шалгаруулдаг болохыг мэдсэн юм. Тиймээс англи хэлний чадвар хангалттай түвшинд биш ч энэ хөтөлбөр үр шимээ өгч чадах хүн байвал хамрагдах боломжтой юм билээ.

Мэдээж анх өргөдөл материалаа өгөхдөө өөрийнхөө англи хэлний чадвартайг батлах хэрэгтэй. Харин хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн тохиолдолд албан ёсоор Америкийн Засгийн газраас TOEFL-ын шалгалт өгөх боломжоор хангадаг.

Мэдээж салбар бүртээ тодорхой хэмжээгээр амжилт гаргасан хүмүүс тэтгэлэгт өрсөлддөг тул өрсөлдөөн ихтэй байдаг байх. Тэднээс хэрхэн өөрийн эсээгээрээ онцгойрох вэ?

Эсээгээ бичихдээ одоогийн карьераа өөрийн зорилготой нягт уялдуулж, найруулга зүйн өндөр түвшинд бичихийн сацуу өөрийгөө зөв өнцгөөс илэрхийлэх нь хамгийн чухал юм. Ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, мэдлэг боловсрол, туршлагаа ахиулахыг зорьж буй хүн “яагаад?” гэдэг асуултад оновчтойгоор хариулах ёстой.

Тухайн үед би нийгмийн сайн сайхны төлөө бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Нээлттэй Нийгэм Форумд ажиллаж байсан. Тиймээс нийгэмд тулгарч буй асуудлуудыг бодитоор мэдэрсэн, тэдгээрийг өөрчлөхийн төлөө өөрийгөө дайчилж байгаа хүний хувьд эсээнийхээ агуулгыг тодорхойлох тийм ч хэцүү байгаагүй.

Залуусын гаргадаг нийтлэг алдаа нь нийгэмд буй нийтлэг асуудлуудыг ерөнхийлөн хөнддөг. Ингэснээр хувь хүний онцлогоо хангалттай сайн гаргаж чаддаггүй. Тиймээс өөрийн давуу тал, зорилгоо тодотгож, би хэн бэ? гэдгээ эсээндээ нарийн тусгаарай. Мөн эх орондоо буцаж ирээд тус хөтөлбөрийн ашиг тусыг хэрхэн гаргахаа илэрхийлэх нь чухал байдаг.

Өргөдлийн шатнаас шалгарсны дараагаар ярилцлагад ордог. Тэгвэл энэ хөтөлбөрийн ярилцлага хэрхэн явагддаг вэ?

Ярилцлагын ерөнхий бүтэц эсээтэй төстэй байна. Та хэн бэ?, та мэргэжлийн салбартаа ямар амжилт гаргасан бэ?, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулсан бэ? гэх мэт асуултууд тавина. Мөн таны ажиллаж буй байгууллагын үүрэг, зорилго, буцаж ирээд хийж бүтээх үйлс, зорилтын тухай асууна. Түүнчлэн ярьж буй зүйлээ бодитоор хэрэгжүүлж чадах чадварлаг хүн мөн үү? гэдгийг илрүүлэх кейс, даалгавраар баяжуулсан асуултуудад хариулдаг.

Америкт очоод суралцах сургуулиа хэрхэн сонгодог вэ? Америкийн Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?

Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь таны арван сарын турш суралцах сургууль аль хэдийн сонгогдчихсон байдаг. Тухайн хүний суралцах чиглэлээс хамааран өөр өөр сургуульд хуваарилна. Жишээ нь эдийн засгийн чиглэлээр суралцах хүмүүсийг Michigan State University, хот төлөвлөлтөөр суралцах хүмүүсийг Massachusetts Institute of Technology, сэтгүүл зүйн чиглэлийн хүмүүсийг The University of Arizona болон Maryland University, банк санхүүгийн чиглэлээр бол Boston University гэх мэт сургуулиуд хүлээн авна. Тиймээс сургууль сонголтын үйл явцыг алгасдаг.

Өсөн дэвжих боломжийг хангалттай олгодог тул хувь хүний хичээл зүтгэлээс бүх зүйлс хамаарна

Хөтөлбөрт хамрагдах үеийн туршлагаасаа хуваалцана уу?

Би Hubert Humphrey Fellowship програмыг маш сайхан хөтөлбөр гэж хүмүүст хэлэх дуртай. Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс зэрэг хамгаалахгүй боловч өөрийн чиглэлээр тодорхой хэмжээний академик хичээл үзэж, кредит цуглуулахыг шаарддаг. Суралцаж буй сургуулиасаа хамааран хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүст төрөл бүрийн семинарт оролцох боломжтой. Тухайлбал, миний суралцсан Michigan State University-гийн хувьд зөвхөн бидэнд зориулан долоо хоног бүр академик түвшний семинар ордог байлаа. Ингэхдээ олон төрлийн эсээ бичүүлнэ, том хэмжээний судалгааны ажил, ном уншиж тэднийгээ дүгнэж бичих, ярилцах, илтгэл тавих зэргээр хичээл ордог байлаа.

Үүнээс гадна тус хөтөлбөр гол зорилгынхоо хүрээнд өөрийн мэргэжлийн чиглэлээр хоёроос гурван хуралд оролцох боломж олгодог бөгөөд тэрхүү уулзалт, хурлаа өөрөө сонгоно. Энэ нь мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, олон улсын түвшинд харилцаа холбоогоо сайжруулах том боломж юм.

Энэ мэтчилэн өсөн дэвжих, мэргэжлийн хувьд ахих боломжийг хангалттай олгодог тул хувь хүний хичээл зүтгэлээс бүх зүйлс хамаарна. Хөтөлбөрийн хугацаагаа илүү үр өгөөжтэйгөөр ашиглаж чадвал ирээдүйдээ гайхалтай боломжийг бүтээж байна гэсэн үг юм шүү.

Хувь хүний хувьд хөтөлбөрт хамрагдсаны дараагаар танд ямар өөрчлөлт гарсан бэ? 

Миний бодлоор хүн өөрийн амьдрах, ажиллах орчноо боломжоороо сольдог байх хэрэгтэй. Учир нь хүн аливаад амархан дасан зохицдог тул хангалттай хугацаа өнгөрсний дараагаар өөрийгөө дайчлахаа больж, эрсдэл тээх чадвар нь буурч, улмаар өсөн дэвжих боломжоо хаадаг. Тийм ч учраас миний хувьд тодорхой хугацаанд орчноо сольж Америкт суралцсан туршлага маань багагүй өөрчлөлтийг бий болгосон.

Монголд ирсний дараагаар хөтөлбөрийн турш сурсан мэдсэнээ хуваалцах дуртай болсон бөгөөд өөртөө тавьсан шаардлагаа дээшлүүлж, илүү ихийг бүтээж чадна гэдэг итгэл төрсөн шүү. Мөн бусад Америкт төсгөгчидтэйгээ хамтраад гэр хорооллын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэх, хөдөө орон нутгийн дунд сургуулийн хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, англи хэлийг хэрхэн сурах талаар уулзалт, яриа хийх гэх мэт сайн дурын үйлст хамрагдах болсон.


Та тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан бүтэн ярилцлагыг видео хэлбэрээр TomYo аппаас үзэх боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!