Өнөөдөр:2024-05-20

Япон хэлний N1 түвшинд 2 жилийн дотор хүрсэн туршлагаас

“Гадаад хэл” булангийн энэ удаагийн дугаарт бие даан Япон хэл сурахад шаардагдах мэдээлэл өгөх зорилгоор Микатай ярилцлаа. Тэрбээр Япон улсын Мэргэжлийн Коллежид суралцдаг бөгөөд залууст өөрийн Youtube сувгаараа дамжуулан Япон хэл сурч, тус улсад боловсрол эзэмших талаар хэрэгцээт мэдээллийг түгээдэг билээ.

Таны Япон улсыг сонгон суралцахаар болсон шалтгаан юу вэ?

Ерөнхийдөө Япон улсын соёлд татагдсан болохоор тус улсыг сонгож, суралцах шийдвэрээ гаргасан. Харин үүнийгээ дагаад Япон хэлийг зайлшгүй сурах шаардлагатай болсон нь мэдээж. Миний хувьд Япон явахаасаа өмнө үсэг болон ойр зуурын дүрэм, үгнүүдээ үзэж эхэлсэн бөгөөд очсоныхоо дараа хэлний бэлтгэлд суралцаж эхэлсэн. Анх бие даан сурч эхэлсэнтэйгээ тооцвол тус хэлийг 2 жил гаруй сурч байна даа.

Шинэ жил ирэх гэж буйг тохиолдуулан TomYo аппын 1 сарын эрх 40 хувь хямдарлаа. Та MONTH40 купоноо ашиглаад эрхээ аваарай.

Та бүтэн 1 сарын турш 5 хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой болно.

Япон хэлийг бие даан суралцаж байгаа залуус юун дээр голчлон анхаарах шаардлагатай вэ?

Япон хэлний мэдлэггүй хүмүүс маань хамгийн түрүүнд Youtube-ийн анхан шатны хичээлүүд болон үсгийн хүснэгтээ ашиглавал сайн. Үүний дараа бага хэмжээний мэдлэг хуримтлуулчхаад онлайн эх сурвалжын тусламжтайгаар өөрийнхөө түвшинг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та үнэхээр чадна гэж бодвол сурах бичгээс эхлэн ажиллавал илүү үр дүнтэй.

Миний хувьд анхлан суралцагч байхдаа өдөрт тогтмол 3-4 цаг суудаг байсан. Гэвч олон цаг суухаас илүүтэйгээр хэр үр дүнтэй төвлөрч суралцаж байна вэ? Гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Япон хэл дээр онцгойлон анхаарах ёстой зүйл нь хоорондоо төстэй ханзнууд их байдаг тул төвлөрч суух нь хамгийн чухал. Зурлага төстэй боловч утга нь тэс ондоо ханзнууд их. Тиймээс өөрийгөө сатааруулах зүйлсээс аль болох холдоод бүх анхаарлаа хэл сурах дээрээ төвлөрүүлбэл таны бүтээмж нэмэгдэх болно. Гэвч хэтэрхий удаан нэг зүйлд төвлөрөхөд хүний тархи ядарч эхэлдэг. Тиймээс миний хувьд 20 минут хийгээд 3 минут амрах замаар суралцах дуртай.

Аливаа хэлийг сурах нэг том хүчин зүйл бол үг цээжлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ. Таны хувьд үгсийн сангаа сайжруулах ямар арга замуудыг зөвлөх вэ?

Хамгийн чухал нь давтамжаа ихэсгэх. Өдөрт тогтмол үг цээжлэх зорилготой болоод үүнийгээ өдөр бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үгээ өгүүлбэрт оруулж, цээжлээрэй. Миний хувьд үнэгүй бөгөөд баталгаатай мэдлэгийг олон хүнд хүргэх зорилгоор ugtseejleh_japanese хэмээх Инстаграм хаягийг хөтлөн явуулдаг. Өдөр бүр гурван шинэ үг нэмэгддэг бөгөөд олон удаагийн шалгуурыг хангасны эцэст зөв дуудлага болон өгүүлбэртэйгээ ордог.

Бие даан сурч байх явцад тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн даван туулсан бэ?

Монгол хэл дээрх сурах бичиг ховор ба орчуулгын зарим нэг ном нь алдаатай байдаг тул бодит эх сурвалж олоход хэцүү байсан. Үүнийг шийдэх нэгэн арга нь Японоор утгыг нь тайлах. Өөрийнх нь хэлээр утгыг нь мэдвэл Монголоор хайснаас илүү үр дүнтэй байсан шүү. 

“Minna no nihongo”
сурах бичиг

Харин Англи хэл дээр Minna no nihongo хэмээх сурах бичгийг би хүмүүст зөвлөх дуртай. Мөн Японы төв номын санд сууж, төрөл бүрийн материалуудыг ашигладаг байсан юм.

Япон улсад суралцахад хэлний түвшин хэд байх шаардлагатай байдаг вэ?

Хэлний сургуульд суралцах гэж байгаа тохиолдолд N5 буюу хамгийн доод түвшинд хүрсэн байх шаардлагатай. Харин мэргэжлийн коллеж, их сургуулиуд N3 түвшинтэй байхыг шаарддаг. Япон улсыг зорихоор сэтгэл шулуудсан залуус маань Монголдоо байх хугацаандаа чадах чинээгээрээ хэлээ сурчхаад ирээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь таны цаг хугацааг хэмнэхээс гадна цагийн ажил хэлний түвшингөөс хамааран олддог тул сурчхаад ирвэл илүү давуу талтай байдаг. 

Одоо Япон улсад хэл сурсан туршлага руу нь орцгооё. Эх нутагт нь багшаар заалган Япон хэл сурах ямар байсан бэ?

Хэлний бэлтгэлд хүнээр заалгаад сурна гэдэг хялбар сонсогддог боловч Япон хүнээр Япон хэл заалгана гэдэг төвөгтэй асуудал байсан л даа. Гэхдээ Япон багш нар их ойлгомжтой, сурагч нэг бүрийг ойлготол нь заадаг учраас тэр нь их тус дэм болсон. Ер нь аливаа хэлийг сайн сурах арга нь өдөр тутамдаа хэрэглэх гэдгийг бүгд мэднэ. Тиймээс эх оронд нь байгаагийн давуу тал нь тэр байсан юм болов уу?

Хэлний үндсэн чадварууд болох унших, бичих, сонсох мөн ярих чадваруудаа хэрхэн зэрэг хөгжүүлэх вэ?

Тууштай бөгөөд нүүрэмгий бай. Яриагаа сайжруулах ганцхан арга зам бол өдөр тутамдаа хэрэглэх. Алдаанаасаа айхгүй, өдөр тутамдаа хэрэглэж сониуч байх нь хамгийн чухал. Сонсох чадварын хувьд би телевиз, радио зэргийг асаагаад гэрээ цэвэрлэж байхдаа ч юм уу ойлгохгүй хэдий ч байнга сонсдог байсан. 

Харин бичих чадварыг сайжруулах олон арга зам бий. Хамгийн энгийн нь өдрийн тэмдэглэл хөтлөх. Мөн харилцан яриа зохиох. Тогтмол бичээд явбал тогтоогдож эргээд ярихдаа ч ашиглах боломжтой. Унших чадварын хувьд сурах бичиг, номууд дээр байдаг жижиг, том хэмжээний эхүүдийг уншаарай. Бүр хялбараас нь эхэлье гэвэл өөрийн мэддэг зүйлийг Япон хэл дээр унш. Жишээ нь үлгэр байж болно шүү.

Таны хувьд JLPT шалгалтын N1 түвшинтэй шүү дээ. Тус шалгалтад бэлдэх арга барилаасаа хуваалцана уу?

JLPT шалгалтын веб хуудас дээр өмнө жилийн материалууд байдаг. Тэдгээрийг сайн ажилласнаар шалгалтын бүтцийг мэдэх боломжтой. Хамгийн хэцүү бөгөөд ихэнх хүмүүсийн алддаг хэсэг бол уншлагын хэсэг юм. Уншлагын хэсгийг амжилттай давах аргыг энгийнээр хэлбэл гол санаануудыг нь түүж унших хэрэгтэй.

Таны Япон хэл сурахдаа ашигладаг онцлох утасны апп?

Хамгийн их ашигладаг онцлох аппууд бол Imiwa болон Shirabe Jisho юм. Imiwa-ийн хувьд ханзны зурлага харахад тохиромжтой төдийгүй оновчтой орчуулгатай. Shirabe Jisho-ийн хувьд ханзаа бичээд хайх боломжтой байдгаараа давуу талтай билээ. Мөн өгүүлбэрүүдийг нь цагт хувиргасан байдаг нь авууштай санагддаг.

Таны Япон хэлийг амжилттай сурсан гурван онцлох арга барил юу вэ?

Япон хэлний Монгол хэлнээс ялгаатай хэцүү тал нь ханз байдаг. Гэвч энэ нь даваад гарах боломжтой бэрхшээл. Харин авууштай тал нь дүрмийн хувьд Монгол хэлтэй ихээхэн төстэй бөгөөд энэ нь тус хэлийг сурах үйл явцыг хялбарчлах том боломж юм. Үнэхээр ханз сурахад хэцүү, шантармаар санагдсан үедээ үүнийгээ түр хойш нь тавиад бусад чадваруудаа сайжруулахдаа анхаараарай. Харин онцлох арга барилын хувьд:

  1. Сониуч байх,
  2. Анзааргатай байх,
  3. Эрэл хайгуулч байх. Эдгээр гурван хандлагуудыг өөртөө суулгасны дараагаар Япон хэл сурах аялал тань илүү амар болох болов уу.
Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!