Өнөөдөр:2024-05-20

Германд сурах боломж: Studienkolleg гэж юу вэ?

Сайн уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хамгийн анхны TomYo дахь блогт маань тавтай морилно уу. Намайг Энхбаатарын Номин гэдэг. Одоогоор Герман улсын Ааchen хотод сурч амьдардаг бөгөөд TomYo аппын ментор. Тиймээс улс орны маань ирээдүй болсон залуустаа Германд сурч, амьдрахдаа хуримтлуулсан туршлагаа хуваалцахаар блог бичихээр шийдлээ.


Энэ удаагийн дугаарт Германы их сургуульд бэлтгэх сургуулийг (Studienkolleg) ерөнхийд нь танилцуулах болно. 

Studienkolleg гэдэг нь Герман улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан их сургуулийн өмнөх бэлтгэл сургууль юм. Одоогийн байдлаар нийт 40 гаруй хувийн болон улсын Studienkolleg-иуд Герман улсад үйл ажиллагаа явуулдаг. Уг бэлтгэл сургуульд жилээс жилд элсэж орох хүсэлтэй хүүхдүүдийн тоо өсөж, тавигдах шаардлага болон элсэгч хоорондын өрсөлдөөн ихэссээр байна. 

Studienkolleg-д орох хамгийн эхний бөгөөд үндсэн шаардлага нь Герман хэлний B1-ээс B2 хэлний түвшинтэй байх явдал юм. (Ихэнх тохиолдолд их сургуулиуд Герман хэлний B2 түвшинтэй байхыг шаарддаг) Энэхүү коллеждоо амжилттай 2 семестр суралцсаны дараа FSP (Feststellungsprüfung) гэдэг шалгалтыг давснаар Германд их, дээд сургуульд сурах бүрэн боломжтой болно.

Studienkolleg-д бүртгүүлэхэд шаардагдах зүйлс:
  1. Герман хэлний В1/В2-ийн хэлний түвшинтэйг батлах сертификат (одоогоор Goethe, Telc, ÖSD, TestDaF, DSD гэх хэлний сертификатуудыг хүлээн зөвшөөрнө)
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (аль болох өндөр дүнтэй байх)
  3. ЭЕШ-ын дүнгийн батламж (аль болох өндөр оноотой байх, хүссэн мэргэжлийн чиглэлд тань хэрэгтэй бүх хичээлийн шалгалтаа өндөр дүнтэй өгсөн байх)
  4. Зарим Studienkolleg нэмэлт материал шаардах боломжтой (хүсэж байгаа Studienkolleg-ийнхоо вебсайт руу орж сайтар лавлана уу)
Studienkolleg-д санал болгодог ангиуд:

Studienkolleg нь хэдийгээр хэлийг тань сайжруулахад анхаарах болов ч бусад хэлний курстэй харьцуулахад мэргэжлийн тань дагуу 5 өөр ангилалд хувааж, мэргэжлийн хичээлүүдийг Герман хэл дээр орох болно.

Studienkolleg-д мэргэжлийн дагуу гүнзгийрэх ангиуд – Үзэх хичээлүүд
Universität¹-ийн Studienkolleg-с санал болгодог курсүүд:
  • М-Курс (анагаах ухаан болон эм зүйн чиглэлийн бүх мэргэжлүүд хамаарна): Герман хэл, биологи, физик, хими, математик
  • Т-Курс (математик-байгалийн ухаан,  техник инженерийн бүх мэргэжил): Герман хэл, мэдээлэл зүй, физик, хими, математик
  • W-Курс (эдийн засаг, нийгмийн ухааны бүх мэргэжил): Герман хэл, эдийн засаг, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, англи хэл, математик
  • G-Курс (хүмүүнлэгийн ухааны бүх мэргэжил болон Герман хэл судлаач): Герман хэл, англи хэл, түүх, газар зүй, мэдээлэл зүй, уран зохиол
  • S-Курс (герман хэлний бэлтгэл курс): Герман хэл

Fachhochschule²-ийн Studienkolleg-с санал болгодог курсүүд:

  • TI-Курс (техник инженерийн бүх мэргэжил): Герман хэл, мэдээлэл зүй, физик, хими, математик, зураг зүй
  • WW-Курс (эдийн засгийн бүх мэргэжил): Герман хэл, эдийн засаг, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, англи хэл, математик, статистик
  • GD-Курс (хүмүүнлэг урлагийн бүх мэргэжил): Герман хэл, англи хэл, түүх, газар зүй, мэдээлэл зүй, уран зохиол
  • SW-Курс (нийгмийн ухааны бүх мэргэжил): Герман хэл, англи хэл, түүх, эрх зүй, газар зүй, мэдээлэл зүй, уран зохиол
Хэзээ Studienkolleg-доо бүртгүүлэх вэ?

Studienkolleg-д бүртгүүлэхийн тулд тухайн Studienkolleg харьяалагдаж буй их сургууль руу Uni-assist³-аар дамжуулан шаардлагатай материалаа илгээн бүртгүүлнэ. Германд их сургуулиуд зуны семестрт 1 сарын 15 хүртэл, өвлийн семестрт 7 сарын 15 хүртэл материалаа хүлээж авдаг. Харин Studienkolleg-ийн хувьд их сургуулийн бүртгэлээс түрүүлж дуусдаг. Studienkolleg бүр харилцан адилгүй өөр өөр цагт материал авах хугацаагаа хаадаг тул эртнээс орохоор сонирхож буй Studienkolleg-ийн сайтаас лавлаж харахыг хүсье.

Studienkolleg-ийн элсэлтийн шалгалт (Aufnahmeprüfung)

Элсэлтийн шалгалт санасныг бодвол өрсөлдөөн маш өндөр болдог. Мөн Studienkolleg-оосоо хамаараад нэг курст, нэг семестрт дээд тал нь 15 хүүхэд авдаг. Харин уг шалгалтыг өгөхөөр зуу зуун хүүхдүүд Дэлхийн өнцөг булан бүрээс ирцгээдэг. Өрсөлдөгч нарын тоо ойролцоогоор семестр бүр 700-1000 хүүхэд байна. Шалгалтын хувьд бүх курст Герман хэл авна. Мөн нэмэлтээр W болон Т-Курст математик авдаг. Сүүлийн үед зарим Studienkolleg Англи хэлний шалгалт нэмж авдаг болсон. Гэхдээ Studienkolleg болгон өөрийн дүрэм журамтай байдаг тул ямар ч тохиолдолд их сургуулийнх нь сайтаас нэмэлт мэдээлэл авахыг зөвлөе.

Studienkolleg-ийн төлбөр

Герман улсын Studienkolleg-ууд их сургуультайгаа адилхан төлбөргүй байдаг. Харин бүгд Semesterbeitrag гэх төлбөрийг семестр болгон төлнө. Үүнд тус их сургуулийн оюутнуудад чиглэсэн үйл ажиллагааны хураамж болон семестрийн турш нийтийн тээвэр ашиглах боломжтой карт зэрэг багтана. Мужаасаа хамаараад 100-400 евро төлдөг. Харин хувийн хэвшлийн Studienkolleg-ууд жилийн 5000-с дээш еврогийн төлбөртэй байдаг.

Studienkolleg-оо төгсөөд хаана сурах боломжтой вэ?

Studienkolleg-ийн төгсөх шалгалт буюу FSP (Feststellungsprüfung) гэдэг шалгалтыг амжилттай давснаар Германы бүх мужид хүссэн их, дээд сургуульдаа Studienkolleg-д гүнзгийрэн суралцсан чиглэлийнхээ дагуу бүх мэргэжлээр элсэх боломжтой болно. Үүнд гүнзгийрэн суралцсан чиглэлээс өөр чиглэлд орж, мэргэжлээ солих боломжгүй байдаг тул эртнээс сайн бодож мэргэжлээ сонгоорой.

Энд Германд байдаг бүх Studienkolleg-ийг жагсаасан байгаа:

http://studienkollegs.de/Kontaktdaten.html

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эдгээр сайт руу ороорой:

http://studienkollegs.de/index.html

https://www.study-in-germany.de/de/

https://www.uni-assist.de/

Эдгээр мэдээлэл та бүхэнд тус болно гэж найдаж байна. Ахиад хэд хэдэн нийтлэл, блогууд оруулахаар төлөвлөж байгаа тул юуны талаар дэлгэрэнгүй мэдмээр байна, асуух зүйлс, санал хүсэлтээ энэхүү хаягаар чөлөөтэй илгээгээрэй. Та бүхний санал хүсэлтийн тусламжтай илүү чанартай блог гаргах болно. Хэрэв та Герман улсад сурч, амьдрах талаар илүү нарийн зөвлөгөө авахыг хүсвэл TomYo аппын ментор хэсгээс намайг олоорой.

Э.Номин

Эх сурвалж: Studienkollegs

¹ Бүх их дээд сургуулиуд хамаарна. Fachhochschule-тэй харьцуулахад хичээл нь онолд суурилсан байдаг. 

²  Бүх их дээд сургуулиуд хамаарна. Universität-тай харьцуулахад хичээл нь практик дадлага, бодит нөхцөл байдалд суурилсан байдаг. 

³ Германд сурах хүсэлтэй гадаад оюутнуудын сертификат, үнэмлэх, диплом нарыг үнэлэх, дүнгүүдийг тань Герман улсын дүнгийн системд оруулж дүйцүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

error: Энэхүү контент хамгаалагдсан!