Өнөөдөр:2024-05-20

Солонгос улсын ментор Мягмарсүрэнгийн зөвлөгөө

Саяхнаас content.tomyo.mn вэб сайт маань “Блог” хэмээх шинэ булангаа нээсэн билээ. Энэ нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжил талдаа өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болох хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Намайг Мягмарсүрэн гэдэг. TomYo аппын Солонгос улсын ментор. Солонгос улсад 4 дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд олон улсын боловсролын төв байгууллагад гадаад оюутанд туслах болон Монгол оюутны зөвлөх ажилтнаар ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн товч нийтлэлээр TomYo аппын Солонгос улсын ментор С. Мягмарсүрэнд ирдэг нийтлэг асуултын хариултыг танд хүргэж байна.

Солонгос улсад суралцах хүсэлтэй хүмүүст өгөх зөвлөгөө?

1. Юун түрүүнд Монголдоо байх хугацаанд Солонгос хэл болон тус улсын соёлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох. Ингэснээр соёлын шок болон хэлний бэрхшээлээс болж шантрах, сэтгэл санаагаар унах гэх мэт олон асуудлууд гарах нь бага байдаг.

 2. Монголдоо ТOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч үзэх хэрэгтэй. Та TOPIK-ийн 3 болон түүнээс дээш оноо авч чадвал Солонгосын ихэнх сургуульд материалаа шууд явуулж болох ба тэтгэлэгт хамрагдах боломж өндөр болно. Энэ нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

 3. Солонгос драма болон нэвтрүүлэг үзээрэй гэж зөвлөе. Солонгост ирээд нийгмийн харилцаанд орох үед ном дээрх шиг яриагаар ярихгүй. Тиймээс драма, нэвтрүүлгээс маш олон шинэ үг, шинэ зүйлсийг сурч болох юм. Хамгийн чухал нь чих онгойдог.

4. Цагийн ажил хийх боломж өндөр байдаг. Хэдий цагийн ажлын үнэлэмж өндөр ч түүнийгээ дагаад хийх ажил нь амар биш байх нь мэдээж. Гэхдээ TOPIC 3 болон түүнээс дээш оноотой бол долоо хоногт илүү урт цагаар ажиллах боломжтой. Солонгос хэлээр төвөггүй ярьдаг бол 24 цагийн дэлгүүр болон үйлчилгээ гэх мэт илүү амар ажил хийх боломж нь нээлттэй. Тиймээс ярианы дасгал сайн хийх нь чухал зүйл.

5. Суралцах гэж буй сургуулиа маш зөв сонгох хэрэгтэй. Сонирхож буй сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөр болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдийг судлах нь маш чухал. Учир нь Солонгосын их, дээд сургуулиудын төлбөр тухайн сургуулиасаа шалтгаалаад янз бүр байдаг. Тэтгэлэггүй бол жилд 17-20 сая төгрөгийн төлбөр төлөх хэрэг гарна. 

Солонгосын ихэнх хотууд өндөр хөгжилтэй учир аль ч хотод сурсан том ялгаа гарахгүй. Хэрэв Сөүлтэй ойрхон байхыг хүсвэл Сөүлд харьяалагддаг сургуулиудыг сонирхох нь зөв. Учир нь Сөүлээс метро, автобусаар 1-2 цаг явах нь ойрхон мэт санагддаг ч ирсний дараа 1 цаг хүртэл ямар үнэтэй, урт цаг болохыг мэдрээд харамсдаг үе зөндөө байдаг болохоор тэр шүү.

 6. Дотуур байранд амьдрах нь илүү зардал бага байдаг. (Хэрэв Дотуур байрны тэтгэлэг олгодог тохиолдолд)

Сургуулийн дотуур байрны төлбөр янз бүр байдаг. Хамгийн үнэтэй дотуур байр нь семестрийн (3 сар) 2 сая орчим төгрөг болно. Манай сургуулийн хувьд голч дүнгээсээ шалтгаалж дотуур байрны тэтгэлэг өгдөг тул гадуур байр түрээслэхээс илүү дотуур байранд амьдрах нь өртөг багатай байдаг. Хамгийн гол нь сурах хүсэлтэй, тэмүүлэлтэй байхад бүхнийг даваад гарна шүү.

Хаанаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?

http://studyinkorea.go.kr энэ сайтад Монгол хэлээр мэдээлэл байдаг. Гэхдээ Англи болон Солонгос хэлээр уншвал илүү их мэдээлэл олж авах боломжтой. Мөн TomYo аппаараа дамжуулж, илүү дэлгэрэнгүй, нарийн мэдээллийг надаас авч болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!