Залуу хүн таны заавал унших “Хээрийн галуу” булангийн эхний дугаарыг хүргэж байна. Энэхүү булангаас та эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрийнхөө хүчээр аугаа зүйлсийг бүтээхээр зорин ажиллаж буй залуу үеийнхэнтэй танилцах болно.
Ингээд АНУ-д Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж одоогоор TomYo EdTech-ийн Медиа хариуцсан захирлаар ажиллаж буй Нямдоржийн Анандын хийж бүтээсэн, хийж бүтээх гэж буй зүйлстэй танилцъя.
Хийдэг ажлаа нэг өгүүлбэрт багтааж хамгийн бүтээлчээр илэрхийлээч?
Гадаадад суралцах хүсэлтэй залуусын туулах замыг нь товчлоход тусалдаг.
Ажилдаа явахдаа юу, юуг авч гардаг вэ?
Үүргэвч: Миний бүх хэрэгцээг эмх цэгцтэй, аюулгүй байлгадаг амин чухал зүйл нь миний үүргэвч. Дийлэнхдээ гадуур алхаж юм уу, скүүтэрээр явдаг учир олон цагаар үүрэхэд эвтэйхэн, борооны хамгаалалттай, камерны тасалгаатай цүнх сонгосон.
iPad: Cүүлийн үед хамгийн их ашиглаж байгаа хэрэгсэл болсон. iPadOS гарснаас хойш бүр ч ихээр ашиглаж нөүтбүүкээ бараг л ашиглахаа больж дэвтэр, үзэг ч авч явахаа байсан.
Түрийвч: Миний энэ түрийвчийг ээж, эхнэр маань дизайныг нь гарган, хийлгэж өгсөн. Байнга карт ашигладаг ч картууд нь ил харагдаад байдаггүй, классик түрийвчний загвартай байдаг нь их таалагддаг.
Скүүтер: Миний хамгийн хайртай хэрэгслүүдийн нэг. Ер нь ойрын хугацаанд хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалтын нэг гэж боддог шүү. Түгжирсэн хотын гудамжаар салхи сэнгэнүүлэн машинууд дундуур нь сүлжиж явсаар оффисын гадаа ирээд эвхээд өрөөндөө оруулах тэр л мэдрэмж хамгийн бэст.
Өнөөдрийн ажлын өдөр хэрхэн өнгөрч байна вэ?
5:45-6:45: Өглөө босоод өөрийгөө бэлдээд эхнэр хүүгээ унтаж байх зуур үнсчхээд ажилдаа гардаг.
7:00-10:15: Ажил дээр ирээд өглөөний цайгаа уучхаад тухайн өдрийн ажлын төлөвлөгөөг дарааллаар нь гаргаад хийж эхэлдэг. Жишээлбэл өнөөдөр л гэхэд Harvard, Columbia, Fashion Institute of Technology гэх мэт дэлхийн шилдэг их сургуулиудад хэрхэн тэнцсэн түүхээ маш дэлгэрэнгүй хүргэх “Road to…” булангийн форматыг гаргаж дууслаа. Та энэхүү буланг тун удахгүй TomYo апп дээрээс хүлээн авч үзэх боломжтой.
10:15-12:30: Багийн хурлаа хийчхээд өдрийн цайны цаг хүртэл чимээгүй цагаараа үргэлжлүүлэн менежментийн ажлуудаа хийж дуусгасан.
13:30-18:00: Контент бүтээх ажилдаа илүү төвлөрөн ажилласан. Жишээлбэл дөнгөж сая залуу хүн бүрд хэрэг болох зөвлөгөөнүүдийг богино хугацаанд хүргэдэг “100 секундийн зөвлөгөө” буланд орж хэрхэн олон цагийн нислэгийг амар, тухтай давах талаар туршлагаасаа хуваалцлаа.
Ажлын амжилтад нөлөөлдөг нэг зуршил?
Эхнэр, хүүгээ унтаж байх зуур ажилдаа гардаг учир өглөө бүр эхнэртээ захиа бичиж үлдээдэг.
Happy wife, happy life.
Яагаад гадаадад сурахаар болсон бэ?
Одоо бодох нээ дэлхийгээс суралцаж илүү ихийг таньж мэдэж чадвал өөрийгөө болон эх орныгоо Дэлхий гэх олон хуудастай номд хэрхэн багтаахаа ойлгох юм байна гэж бодож л гадаадад суралцсан юм байна лээ. Бас Диснэйлэнд үзэх гэж гадаадад сурсан ?
Сургуульдаа тэнцэхэд хэр хэцүү байсан бэ? Тухайн үед хэрхэн бэлдэж байв?
Сургуульдаа тэнцэх нь тийм ч хэцүү байсан санагддаггүй. Гагцхүү тухайн үед Монголын ЭЕШ, Оросын ЕГЭ, Америкийн SAT шалгалтуудад зэрэг бэлдэж нэмээд TOEFL-д бэлдэх нь л нилээн шахуу санагддаг байсан даа. TOEFL-д JET сургуулийн курсийг дүүргээд дараа нь хувиараа бэлдэж байгаад өгсөн. SAT шалгалтад бас л хувиараа бэлдсэн.
Дэлхийг олон хуудастай ном гэж төсөөлбөл Монгол гэх ганц хуудсаа уншаад л байвал тэр номыг уншсан ганц хуудсаараа төсөөлнө
Мөн мэдээлэлгүйгээсээ болж сургуулийн материалуудаа илгээхэд их хүндрэл тулгарч байсан. Тиймээс хэрэв гадаад руу явна гэж байгаа бол нэлээн хэдэн жилийн өмнөөс хэл болон шалгалтууддаа бэлдэж эхлээрэй. Жишээлбэл чи яг одоо ЕБС-д сурч байгаа бол 12-р анги төгсөх жилийнхээ өмнөх зунаас бэлдэж эхлээд 10,11 сар гэхэд материалуудаа илгээчихсэн байвал тун зүгээр шүү.
Яагаад АНУ-ыг сонгох болсон юм бэ?
Ер нь бол Диснэйлэнд үзэх мөрөөдлөөс эхтэй. Багадаа очиж үзэхийг мөрөөддөг байж байгаад сүүлдээ тэр нь дэлхийн хамгийн шилдэг ОУ харилцааны сургуульд сурах болж өөрчлөгдсөн. Америкт очоод сурчихвал 15 настай хүүд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой юм шиг санагдсан байх л даа.
Яагаад их сургуулийн боловсрол тэр дундаа Дэлхийн жишигт хүрсэн дээд боловсрол хэрэгтэй бэ?
Дэлхийн аль ч улсад очоод, ямар ч том байгууллагад ажилд орохдоо дипломоо ширээн дээр нь гаргаж ирээд тавьхад хэн ч эргэлзэхээргүй, бүгд хүлээн зөвшөөрөх тийм сургуулийг л төгсөж, мэдлэг чадваруудыг нь эзэмших нь чухал санагддаг.
Их сургуульд байхдаа авч байсан сонирхолтой хичээлийнхээ талаар дурдаач?
Их сургуулийн төгсөх семестр үзсэн “International Criminal Organizations” гэдэг хичээл дээр ОУ-ын гэмт хэргийн бүлгэмүүдийн талаар судалдаг хичээл үзсэн нь хамгийн сонирхолтой байсан. Энэ хичээлээр тэдгээр бүлэглэлүүд санхүүжилтээ хэрхэн олдог, нөлөөгөө хэрхэн тэлдэг, мөнгө яаж угааж, яаж улс төрийн төвшинд нөлөөлдөг гэх мэт олон талаас нь судалдаг. Хичээлийг 7 хоног бүр мөрдөн шалгахад ажиллаж байсан CIA, NSA, Interpol-ын тагнуулч, мөрдөгч болон салбар салбарын мэргэжилтнүүд ирж уулзалт хийдэг байсан нь мөн сонирхолтой байсан.
Хэрэв та Анандаас гадаадад сурах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт сэдвээр асуулт асуухын хүсвэл TomYo аппын ментор хэсгээс түүнийг олоорой.
Яагаад Монголд ирсэн бэ?
Хамгийн чухал шалтгаан бол эхнэр маань намайг төгсдөг жил зуны амралтаар ирэхдээ жирэмсэн байсан. Анхны төрөлт учир бид гэр бүлтэйгээ ойрхон, эх орондоо байхыг хүссэн. Дээрээс нь хүүхдийн анхны гурван жил эрүүл мэнд, дархлааны хувьд бүх амин чухал тогтолцоо нь бүрддэг хамгийн чухал жилүүд тул Монголынхоо байгал, ахуй соёлтой ойр өсөөсэй гэж бид хоёр хүссэн л дээ.
Харин дараах шалтгаан нь миний суралцаж байх явцдаа олж авсан ухааралтай илүү холбоотой. Америк шиг 300 гаруй сая хүн амтай том гүрэнд ажиллах гэдэг яагаад ч юм миний хувьд асар олон хулганы нэг л болж өглөөнөөс орой хүртэл амар жимэр ажиллаж суух юм шиг санагдсан. Харин Монгол минь хөгжиж байгаа орны хувьд хийх зүйл асар ихтэй, хийж үзээд алдах боломжтой газар шиг үргэлж санагддаг. Тиймээс л залуу байгаа дээрээ жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлийг угаас нь хийж болох газар л байхыг тэмүүлсэн.
Орох боломжтой олон салбар байсан байх. Яагаад заавал Эдтек буюу боловсролын технологи гэж?
Гадаадад суралцах явцад боловсрол гэх зүйл хувь хүн цаашлаад улс орны хувьд ямар их өөрчлөлт авчрах хүчтэйг ойлгосон болохоор боловсролд л хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэгт бат итгэсэн. Харин технологиор дамжуулж боловсролыг бусдад хүртээмжтэй, хямд, тэгш байдлаар хүргэж чадах юм байна гэж ойлгосон болохоор Эдтекийг сонгосон юм.
TomYo дээр ирээд хамгийн түрүүнд хийдэг нэг зүйл?
Ажилдаа голцуу хамгийн түрүүнд ирдэг болохоор кофены чанагч, усны шүүлтүүрээ асаагаад спикерээр хөгжмөө тавьж өглөөгөө эхлүүлдэг.
Өнгөрсөн сард TomYo-ийн хийсэн хамгийн том зүйл?
Өнгөрсөн тавдугаар сард амьдралдаа хийж байсан хамгийн том ажлуудын нэгийнх нь ард гарсандаа маш баяртай байгаа. TomYo-гийн залуус Монголдоо анх удаа дэлхийн жишигт хүрэхүйц, технологийн компанийн цахим нээлтийн арга хэмжээг Монгол ТВ, BRB-ийн залуусын хамтаар төлөвлөн гүйцэтгэсэн. Арга хэмжээний шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрд суугаа 200,000 орчим хүн үзэж, 2 цагийн дотор TomYo аппыг 10,000 гаруй удаа татаж энүүхэндээ л шинэ рекорд тогтоосон шүү.
TomYo дээр хамт ажилладаг залуусынхаа талаар?
TomYo-ийн хамгийн сайхан нь яах аргагүй баг хамт олон маань. Дандаа залуусаас бүрддэг учир шинэ санаа, эерэг энерги үргэлж л ундарч байдаг. 30 гаруй хүнтэй манай компанид 20 орчим нь Gen Z үеийнхэн буюу 18-22 насныхан байдаг гээд бод доо? Энэ бол залуус нийгэмдээ чиглэсэн ажил хийхийг хүсдэг, хийдгийн том жишээ юм.
Өөрийнхөө хоббигоороо Adobe-ийн зураг, видео бичлэг янзалдаг програм сураад, чадвараа хөгжүүлсээр манайд дизайнераар ажилладаг 12-р ангийн сурагч ч байна. Хамгийн гайхалтай нь 18-тай залуу, захирал гээд хэн ч байсан TomYo-д бүгд адил үнэ цэнтэй, эрх мэдэлтэй байдаг нь бидний бас нэг соёл билээ.
TomYo ямар залуусаар багаа зузаатгахыг хүсдэг вэ?
Юун түрүүнд бид хандлагыг хамгийн ихээр эрхэмлэдэг. Үргэлж дэвших, суралцах хүсэлтэй, бусадтайгаа хуваалцах чадвартай, шинэчлэлд нээлттэй, эерэг хандлагатай залуусыг бид эгнээндээ нэгтгэхийг хүсдэг. Дараа нь бид хийж байгаа зүйлдээ чадвартай бас тууштай байхыг хүсдэг. Хэдий чадвартай байлаа гээд өнөөдөр нь ирчхээд маргааш нь явчихдаг хүнийг бид урт хугацааны аялалд маань хань болно гэдэгт итгэдэггүй.
Товчхондоо, манай компанид орохын тулд чи заавал дипломтой эсвэл 10 жилийн туршлагатай байх хэрэггүй. Хамгийн чухал нь гоё зүйлийг хийнгээ өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, ажлаа жаргаж хийж чаддаг байхад бусад нь болно доо.
17 настай, хүсэл мөрөөдөл дүүрэн ч яахаа мэдэхгүй байгаа залууд TomYo яг ямар бодит үнэ цэн өгч байгаа вэ?
Монголын аль ч алслагдсан өнцөг булан байсан интернэттэй л бол TomYo хүн бүрд гадаад хэл сурах, гадаадад суралцахаар явах боломжийг тэгш хүргэж байгаа. Хэзээ ч суманд нь, багт нь байгаагүй гадаадад хэлний сургалтын төв, багш, зааж зөвлөх туршлагатай ментор нь манай аппд бий.
Та яг одоо TomYo аппын нэг сарын эрхийг худалдаж аваад ахин нэг сарыг бэлгэнд аваарай.
Таван жилийн дараах өөрийн карьераа яаж харж байна вэ?
Яадаг ч байсан TomYo маань томроод ахиад олон бүтээгдэхүүн гаргаж зөвхөн гадаадад суралцах гэлтгүй хүн бүрийн үсрэнгүй хөгжих талбар болчихсон байна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ өсөлттэй зэрэгцэн өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх шаардлагатай учир Мастертаа сурна гэж бодож байгаа.
Залуу хүний хувьд эх орондоо ямар өөрчлөлт авчрахыг хүсдэг вэ?
Би өөрөө багагүй хугацааг хайртай гэр бүл, эх орноосоо хол хээрийн галуу нисэн үл хүрэх хүний нутагт сайхан, муухай бүгдийг нь үзэж сурсан эрдэм, хуримтлуулсан туршлагаа эх орондоо өвөртлөн ирсэн. Ийм ч учраас хойч үеийнхэндээ миний туулсан зовлонг тойроод гарах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсдэг.
Ер нь боловсрол хөгжихөд дагаад бүх л зүйл сайжирдаг жамаар хэрэв бид чадварлаг боловсролтой залуусыг бэлдэж чадвал, дэлхийн топ сургуулиудыг эх орондоо бүтээж чадвал нэг л өдөр бид дэлхийгээс суралцах гэж тэмүүлэх бус, дэлхий биднээс суралцах гэж зорьж ирнэ гэдэгт итгэдэг.
Сэтгүүлчийн зурвас:
20-р зуунд Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээжээ. Яг л түүний хэлснээр өдгөө Монголд алс нутгаас эрдэм өвөртөлж ирсэн олон залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн зочин Ананд маань ч тэдний нэгт гарцаагүй тооцогдоно.
Уншигч танд ч мөн ихийг хийж бүтээх, эх орныхоо ирээдүйд бодит нөлөөгөө үзүүлэх урам зориг төрсөн гэдэгт найдаж байна.
Та салбар бүрийн шилдгүүдийн ур чадвараас суралцахыг хүсвэл яг одоо TomYo Skills-тэй танилцаарай.