TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.

Сайн байна уу, Намайг Очгэрэлийн Золгэрэл гэдэг. Би ОХУ-ын Novosibirsk State University of Architecture and Civil Engineering-д барилгын инженер (Civil engineering) мэргэжлээр суралцдаг. Миний бие TomYo дахь анхны блогоо оруулж байгаадаа таатай байна. Цаашид ОХУ-д сурч, амьдрахыг зорьсон үеийн залуустаа зориулсан хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөхийг зорих болно.
Энэхүү блогоороо дамжуулан та бүхэндээ ОХУ-ын Засгийн газрын буюу Монголчуудын нэрлэж заншсан Путиний тэтгэлэг гэж юу болох, тавигдах шаардлагууд, үе шатууд хийгээд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол зэргийг өөрийн туршлага дээрээсээ үндэслэн сонирхуулъя.
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг гэж юу вэ?
Жил бүр ОХУ-ын “Россотрудничество” холбооны агентлагаас ОХУ-д суралцахыг хүсэгч, горилогчдын дунд Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Ихэвчлэн жил бүрийн нэг эсвэл тодорхой сард зарлагдаж, үндсэн 2-3 үе шаттай явагдана.
Энэхүү сонгон шалгаруултад Монгол улсын иргэн, Монгол улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох боломжтой ба Орос хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай. Тухайн жилийнхээ ирж буй квот буюу тэтгэлгийн хэмжээ нь холбооны агентлагаас хамаараад өөр өөр байдаг ба мэргэжил тус бүрд тогтоосон тоогоор олгогддог.
Миний бие 2015 онд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байхад ойролцоогоор нийт 350 орчим квот ирж байсан. Сургууль бүрээс хамаараад стипендын (сар бүр олгох мөнгө) хэмжээ ялгаатай ба сард дунджаар 1800 орчим рубль буюу ойролцоогоор 72000 төгрөг авна. Мөн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлдөг. Харин оюутны байр болон ирж, очих зардлыг суралцагч өөрөөсөө гаргадаг онцлогтой.

ОХУ-д сурч байх явцдаа хамрагдаж болох уу?
ОХУ-д сурч буй хэлний дамжааны сонсогчид мөн 1-2 курсийн оюутнууд хамрагдаж болно. Би ОХУ-д эхний жил хэлний бэлтгэлд Орос хэл судалж байх хугацаандаа энэхүү хөтөлбөрт бүртгүүлсэн. Хэрэв та ОХУ-д сурч буй хугацаандаа оролцохыг зорьж буй бол хичээлийн жилийн дундуур буюу тухайн жилийн зарлагдсан хугацаанд ойролцоогоор сар эсвэл сар хагас орчмын чөлөө авч Монголд өөрийн биеэр ирэх шаардлагатай. Учир нь материал бүрдүүлэх явц, шалгалтууд зэргийг Монголд байрлах Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-д очиж бичгийн хэлбэрээр өгдөг.

Ямар мэргэжлүүдээр сонгон суралцах боломжтой вэ?
Энэхүү хөтөлбөр нь бусад улсын засгийн газрын тэтгэлгийг бодвол хамгийн өргөн цар хүрээтэй, олон төрлийн чиглэлээр зарлагддаг. Үүнд ихэвчлэн Техникийн, Хүмүүнлэгийн, Химийн, Төмөр замын, Урлагийн, бусад тусгай чиглэлийн мэргэжлүүд, Орос хэлний зуны сургалтууд багтдаг. Горилогчид Бакалавр, Магистр, Аспирант, Доктор гэх мэт түвшинд сонгон өргөдлөө өгөх боломжтой юм. Монголчуудын их тоогоор сонгодог чиглэл нь техникийн талын мэргэжлүүд байдаг учир бусад чиглэлээ бодвол арай илүү тоогоор хуваарилагддаг.

Суралцах хот хэрхэн сонгогддог вэ?
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хамгийн том давуу тал нь суралцах хотоо өөрөө сонгодог давуу тал юм. Эхний шатанд материал бүрдүүлэх явцад суралцахыг зорьж буй 6 сургуулийг бичихийг хүсэх ба хэрэв тэнцсэн тохиолдолд хамгийн эхэнд заасан сургууль руу хүсэлтийг илгээдэг. Тухайн мөчид тодорхойлсон сургуульд элсэгчдийн тоо дүүрсэн байвал хүсэлт дараагийн заасан сургууль руу очно.
ОХУ-ын их сургуулиудын талаарх мэдээллийг дараах холбоосуудаар авч болох ба мөн жил бүр Монголын Шинжлэх ухаан, Соёлын төвд зохион байгуулагддаг “Оросын боловсролын үзэсгэлэн”-д очиж сонирхох боломжтой юм.

Хөтөлбөр горилогчдод тавигдах үндсэн шаардлагууд:
- Монгол улсын боловсролын стандартаар тодорхойлсон “А” эсвэл “B” үнэлгээтэй, харин ОХУ-ын боловсролын стандартаар “5” эсвэл “4” үнэлгээтэй төгсөгч байх. Зарим үед сонгосон мэргэжилд хамааралгүй 1-2 хичээлийн “C” буюу “3” үнэлгээтэй дүнг зөвшөөрдөг
- Орос хэлний анхан эсвэл тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай (бүртгэл хийлгэх явцад ихэнх анкет, бичиг баримт, өөрийгөө тодорхойлсон танилцуулга зэргийг Орос хэл дээр бичиж бөглөдөг)
- Бакалаврт суралцах бол 21 нас хүртэлх, магистр, докторт суралцах бол 35 хүртэлх настай байвал зохимжтой.

Сонгон шалгаруулах 1-р үе шат
Хамгийн эхний шат бол бүртгэлийн үе шат.
Элсэлтийн бүртгэл эхлэх тухай мэдээллийг та дараах цахим хуудаснуудаас авах боломжтой.
- Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам http://www.mongolia.mid.ru/
- Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газар (РЦНК) http://mng.rs.gov.ru/
- Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, http://www.meds.gov.mn/frontpage
Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаны дараа горилогчид http://russia.study/ edu.rs.gov.ru. цахим мэдээллийн системд орж бүртгүүлэн тодорхой заасан анкетыг бөглөх шаардлагатай.

Бүртгүүлэх явцдаа холбогдохыг анкетыг үнэн, бүрэн зөв гүйцэд бөглөх, анкетад цээж зураг наасан байх, гадаад паспортыг сканердаж хавсаргах хэрэгтэй. Үүний дараагаар Монгол дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-д заавал өөрийн биеэр дараах материалуудыг бүрдүүлж очно. Үүнд:
- Гадаад паспортын хуулбар;
- Бүрэн дунд боловсролын аттестатын хуулбар;
- Захирлын гарын үсэг, тамга бүхий тодорхойлолт;
- Магистр, аспирант, доктор зэрэг хөтөлбөрийн горилогч бол дипломын хуулбар;
- Олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн гэрчилгээний хуулбар, сүүлийн 2 жилийн хугацаанд гаргасан амжилтын талаарх мэдээлэл
Жич: Дээрх бичиг баримтуудыг орос хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай.
Сонгон шалгаруулах 2-р үе шат
Энэ шат нь бичгийн хэлбэрээр явагдана. Миний бие техник, инженерийн мэргэжлийг сонгож тухайн шатны математикийн шалгалтыг өгч байсан. Шалгалтад Орос болон Монгол хэл дээр бичигдсэн тест хэлбэрээр 20 орчим ерөнхий алгебрын, геометрийн, интеграл, тэгшитгэл хосолсон ЭЕШ-ын жишиг даалгаваруудтай төстэй бодлогууд орж ирж байсан.
Сүүлийн шатанд Орос хэлний ганцаарчилсан ярилцлага 20-30 минут орчмын хугацаатай авагдсан болно. Хэрэв таны Орос хэлний мэдлэг зохих хэмжээнээс тааруу, бусад үзүүлэлтүүд сайн байгаа тохиолдолд ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл дамжаанд 1 жилийн хугацаатай суралцуулж, үргэлжлүүлэн сонгосон мэргэжлээрээ суралцах тэтгэлэг олгодог байгаа. Харин химийн чиглэлээр сурахыг зорьж байгаа бол математикийн, химийн шалгалтуудад харин хүмүүнлэгийн чиглэлээр бол Орос хэлний аман шалгалтад түлхүүлэн бэлдэхийг зөвлөж байна.
Анхны блог маань танд бага ч гэсэн тус хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн блогоор ОХУ-д сурч, амьдрах, Орос хэл зэрэг сэдвээр туршлагаа хуваалцах болно.
Үндсэн эх сурвалжууд: