Өнөөдөр:2024-05-20

Та өөрийнхөө жинхэнэ хувилбарыг олсон уу?

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Намайг Төмөрсүхийн Цэвэлмаа гэдэг. 2012 онд Солонгосын Hankyoung National University-д магистрын зэргээ хамгаалсан. Сүүлийн 8 жилийн турш ОУХХ-ын байгууллагын хүний нөөцийн албыг тэргүүлж, хувь хүн, байгууллагын амжилтын төлөвлөгөө гарган, зөвлөгөө өгдөг ‘Flow consultant’-аар ажиллаж байна. Надтай энэхүү сошиал хаягаар холбогдож болно.

Та яг хэн бэ? гэдэг асуултад итгэл төгс хариулах хүн маш ховор. Учир нь бид хаа нэгтэйгээс үргэлж өөрийгөө хайж явдаг. Жишээ нь хийх дуртай зүйлээ, надад л тохирох сайн ажлыг, надад л тохирох сайн хань ижлийг, эсвэл өөрийн авьяас чадварыг гэх мэт.

Энэ бас нийгэмд тогтсон байгаа “Өөрийгөө олох хэрэгтэй” гэдэг хэвшмэл ойлголттой холбоотой ч байж болох юм. Гэхдээ бид шинэ, илүү залуу, золбоолог нийгмийн бүтээлүүд байх хэрэгцээ тулгараад байна. Иймд залуус та бүхэн өөрсдийгөө олох гэж цагаа дэмий үрэх хэрэггүй. Харин үүний оронд өөрийгөө бүтээцгээ! Яаж гэж үү? Энэ их энгийн шүү.

1. Өөрийнхөө зорилгыг маш нарийвчлан тодорхойл

Амьдрал үнэхээр баялаг. Чи юуг хүснэ, юуг бодож, юунд тэмүүлнэ түүнийгээ л өөртөө татаж байдаг нь байгалийн таталцлын хууль юм. Тэгэхээр өөрийгөө ямар хүн байлгахыг хүсэж байгаа тэр дүр төрхөө оюун ухаандаа болон цаасан дээрээ буулган дүрсжүүлэх хэрэгтэй. 

2. Яагаад заавал энэ миний чин зорилго байх ёстойгоо дэвтэрт буулга

Хүн бүрд маш олон хүсэл мөрөөдлүүд байдаг. Гэвч яг одоо чамд тулгараад байгаа асуудлыг шийдэх, чамайг мэргэжил, ур чадвар, мэдлэг боловсролын хувьд яг одооны төвшингөөс нэг эсвэл нэлээд олон шат ахиулах тийм л зорилгоо сонгож ав.

3. Энэ зорилгодоо хүрэх ямар боломжууд байна гэдгээ жагсааж бич

Боломж бол газраар нэг байдаг зүйл. Гэхдээ яг л түүнийг авъя гэсэн хүн л хөдөлгөөн хийж, бөхийж гараа сунган авна. Бусад нь зүгээр л хараад эсвэл харахгүй өнгөрөөд явдаг. Тухтай суугаад сайн бодоод үз. Боломжгүй зүйл гэж байхгүй. 

4. Тулгарч болох хүндрэл, эрсдэлүүдээ жагсааж бич

Дардан замаар гүйсээр байгаад амжилтад хүрсэн хүн нэгээхэн ч үгүй биз. Бүтэлгүйтэл гэж байдаггүй. Харин сургамж гэж бий. Иймд ямар бэрхшээлтэй учирч болохоо тооцоолж, түүнд хариу өгч, хамгийн бага эрсдэл байхаар төлөвлө.

Та чадна гэж бодвол таны зөв. Та чадна. Харин та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Та чадахгүй

– Хенри Форд

5. Зорилгодоо хүрснээр таны мэдрэх аз жаргал ямар байхыг төсөөлж бич

Тэрхүү аз жаргал, баяр баяслын мэдрэмжийг яг бодитоор төсөөлөн, бодолдоо ургуулж, цаасан дээрээ буулгаад яг тэр цаг хугацаанд байгаагаар мэдэрч буйгаа бичээрэй. Танд болон таны эргэн тойрон, хайрт гэр бүлийнхэн чинь танаар хэрхэн бахархаж байна. Тэдний баярын нулимс таны зулайд дусаж, халуун хайраараа тэврэн байгаагаар төсөөлөөд үзээрэй.

6. Цаг хугацааг тодорхой зааж өг. Эргээд түүнийгээ хянах хуанли хөтөл

Зорилгодоо хүрэх зорилтуудынхаа хэзээ гүйцэтгэгдсэн байх талаар тодорхой цаг хугацааны хэмжүүр тавьж өгөх хэрэгтэй. Ингэснээр биелэлтээ харж, өөртөө итгэх итгэл ч нэмэгддэг. Үүнийг та өөрийгөө бүтээж байгаа төсөл гэж ойлго. Мэдээж эхлэлтэй бас төгсгөлтэй байх нь чухал.

7. Эерэг дадал, зуршил эерэг үр дүнд хөтөлдөг

Зорилгодоо амжилттай хүрэх эерэг дадал, зуршлуудыг бий болго. Одоо үед бидэнд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг мэдээлэл олж авах бүхий л бололцоо нээгдсэн байна. Үүний давуу талыг өөрийнхөө зорилготой уялдуулж, өдөр бүр хийдэг ямар нэгэн дадал, зуршлыг бүтээ.

8. Өөрийнхөө чөлөөт цагийг өөртөө хөрөнгө оруулалт болох зүйлд зарцуул

Ядуу хүмүүс өөрсдийн цагаа мөнгөөр худалддаг бол баячууд өөрсдийн цагаа өөрт нь эргээд хөрөнгө болох зүйлд л зарцуулдаг. Иймд Дэлхийн бүх хүнд оногдож буй ижил цаг хугацаагаа илүү баялаг бүтээх зүйлд зориулаарай. Үүнийг залуу байхдаа эрт ойлгох минь яалаа даа гэж хожим бүү харамсаарай.

Залуу минь, бүсгүй минь чи өөрийгөө хуурах хэрэггүй. Учир нь явах ёстой энэхүү амьдралын замаар чи л явах учраас өөр хэн нэгэнд найдах хэрэггүй. Өнөөдрөөс эхэлснээр чамд илүү их боломж нээгдэх болно.

error: Энэхүү контент хамгаалагдсан!