Өнөөдөр:2024-05-20

Хятад улсад бакалавраас шууд докторт суралцах боломж

Сайн байна уу? Намайг Баттулгын Амарсанаа гэдэг. Миний хувьд Хятадын Nanjing University-г бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоогоор Shanghai хотын Fudan University-д Хятад хэлний хэл бичгийн ухаанаар мастерын түвшинд суралцдаг.


blogger

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Дэлхийд 15-д, Азид нэгт эрэмбэлэгддэг Tsinghua University-д бакалавраас шууд докторын шатанд элсэх эрх авсан туршлагаасаа хуваалцаж, Хятад улсад шууд докторын зэрэг горилохын онцлог болон анхаарах зүйлс зэргийг зөвлөхөөр зорилоо.

Шууд докторын зэрэг горилох гэдэг нь бакалаврын зэрэгтэй хүн мастерын зэрэггүйгээр докторын хөтөлбөрт элсэхийг хэлнэ. Зарим шууд докторын хөтөлбөр эхний 2 орчим жилийн дараа мастерын зэрэг олгодог бол зарим нь хөтөлбөрөө амжилттай төгссөний дараа шууд докторын зэрэг олгоно. Хятад улсад энгийн докторын хөтөлбөрүүд 3-4 жил үргэлжилдэг ба шууд докторын хөтөлбөрүүд 4-5 жилийн хугацаатай байна.

Яг одоо TomYo апп дээр дараах хөтөлбөрүүд зарлагдсан байна. Та энд дарж аппаа татаад элсээрэй.

Хэрэв нэгэнт докторын зэрэг горилох зорилготой бол шууд докторын хөтөлбөр нь цаг хугацаа хэмнэх давуу талтай. Хятадад дийлэнх академик мастерын хөтөлбөрүүд 3 жил үргэлжилдэг учир шууд докторт элсвэл 2 жил хэмнэх боломжтой. Гэхдээ байж болох хамгийн том сул тал нь бакалаврын хөтөлбөрт суралцаж буй мөн суралцаж төгссөн залуу оюутнууд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлага дутмаг байх нь түгээмэл учраас олон жил докторын түвшний судалгаа хийх мэдлэг чадвар, хүсэл сонирхол, сэтгэл санааны бэлтгэлтэй үгүйгээ өөрсдөө төдийлөн сайн мэдэхгүй байж болох талтай.

Тиймээс “Доктор [таны нэр]” гэсэн зэргийн төлөө хуумгай, хийрхүү хандаж эсвэл ажлын талбарт гарахаас зугтаж шууд докторт элсэх нь том алдаа болно.

Миний судалж үзсэнээр Хятад улсад гадаад оюутнуудыг шууд докторын хөтөлбөрт элсэхийг зөвшөөрдөг хоёр л их сургууль бий: Tsinghua University1 ба Peking University2. Байгалийн ухаан ба инженерийн чиглэлээр аль аль нь нээлттэй боловч хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр зөвхөн Tsinghua University 2020 оноос эхэлж Хятаддаа анх удаа гадаад оюутнуудыг шууд докторт элсүүлж эхэлсэн.

Tsinghua University нь 2021 оны мастер, докторын элсэлтийн өргөдлийг 2020 оны 10 сарын 15-наас 12 сарын 15, 2021 оны 1 сарын 1-нээс 3 сарын 1 гэсэн хоёр үе шаттайгаар хүлээж авч байна. 

Tsinghua-гийн шууд докторт элсэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ?

Нийтлэг шаардлага нь 

  • Дэлхийн шилдэг 200 эсвэл өөрийн улсын шилдэг 5 эсвэл бакалаврын мэргэжлээр тань дэлхийд шилдэг 50 дотор эрэмбэлэгддэг их дээд сургуулиас бакалаврын зэргээ хүртсэн байх (Times Higher Education, QS, ARWU, US News зэрэг жагсаалтаас харж болно).

Бусад шаардлага нь салбар сургууль, мэргэжлээсээ хамаарах ба энд Tsinghua University-гийн дэлхийд нэгт жагсдаг3 цахилгаан болон электрон инженерчлэлийн (Electric and Electronic Engineering) мэргэжлээр жишээ авлаа:

  • Бакалаврын голч оноо 3.5-аас дээш эсвэл B+ дээш эсвэл 85-аас дээш байх;
  • Хятад хэлний түвшин тогтоох HSK4 шалгалтын 195-аас дээш оноотой байх;
  • Англи хэлний TOEFL-ийн 80-аас дээш эсвэл IELTS-ийн 6.5-аас дээш оноотой байх.

“MENTOR50” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Энд дарж аппаа татаарай.

Ямар материалууд бүрдүүлэх вэ?

  • Хөтөлбөрөөсөө хамаараад хувийн тодорхойлолт эсээ (personal statement), зорилго тодорхойлолт эсээ (statement of purpose), судалгааны санал (research plan/proposal) зэргийн аль нэгийг эсвэл бүгдийг нь бичиж ирүүлэх;
  • Зарим хөтөлбөрт writing sample буюу академик эсээ өгүүлэл (хэвлүүлж байсан эрдэм шинжилгээний ажил эсвэл семинарын эсээ өгүүлэл г.м.);
  • Бакалаврын диплом эсвэл докторын хөтөлбөрт элсэхээс өмнө төгсөж бакалаврын зэргээ хүртэх боломжтой гэсэн тодорхойлолт;
  • Дүнгийн хуудас;
  • Өөрийг тань шууд докторт суралцах чадвартай гэж илт тодорхойлсон дэд профессор ба түүнээс дээш цолтой хоёр багшийн захидал;
  • Элсэлтийн өргөдлийн хураамж 800 юань.

Ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

Хэрвээ таны бүрдүүлж явуулсан материал шаардлага хангавал академик ярилцлагад орно. Миний ярилцлага 45 минут үргэлжилсэн ба нарийн бичгээс гадна 4 профессор ярилцлага авсан. Мастерын ярилцлага нь ихэнхдээ аман шалгалтын хэлбэрээр явагддаг бол докторын ярилцлага нь харилцан яриа маягаар явагдана. Гол агуулга нь өөрийн тань хийж байсан судалгаа, докторт хийхээр төлөвлөж буй судалгааны тухай байна. 

Тэтгэлгийн ямар боломжууд байдаг вэ?

Tsinghua University нь зөвхөн хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг тэтгэлэгт өрсөлдөхийг зөвшөөрдөг учраас тэтгэлгийн өргөдлийг элсэлтийн өргөдөлтэй зэрэг явуулах шаардлагагүй. Гэхдээ та анх элсэлтийн өргөдөл гаргахаасаа өмнө таны сонирхсон мэргэжил, хөтөлбөрт ямар тэтгэлгийн боломж байгааг ЗААВАЛ судалж үзээрэй. Миний бие 2020 онд Tsinghua University-д гадаад хэл уран зохиол (харьцуулсан уран зохиол ба соёлын онол) чиглэлээр шууд докторт элсэх эрх авсан ч энэ чиглэлээр Tsinghua-д Хятад улсын засгийн газрын тэтгэлэг олгодоггүй, зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодгийг сүүлд нь мэдсэн гашуун туршлагатай.

Хятад улсын засгийн газрын тэтгэлгээс гадна, их сургуулийн тэтгэлэг (сургалтын төлбөрийн тэтгэлэг), зарим мэргэжлүүдэд Siemens Scholarship зэрэг тэтгэлгүүд байгаа4. Мөн та англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол докторт суралцах хугацаандаа сургуульдаа туслах багшаар ажиллаж сарын 2600 юанийн цалин авах боломжтой.

Tsinghua University-гийн мастер докторын элсэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг та албан ёсны сайтаас нь хараарай (gradadmission.tsinghua.edu.cn).

Төгсгөлд нь хэлэхэд, Tsinghua University-д шууд докторт элсэх шаардлага маш өндөр байдаг (2020 онд нийт 5 оюутан элсүүлснээс ганц нь хүмүүнлэгийн/нийгмийн ухааны чиглэлээр байсан) учраас та өөртөө хангалттай цаг хугацаа гаргаж туршлагаа нэмж, материалаа бүрдүүлж, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж зөвлөе. Танд амжилт хүсье!


Хэрэв та Хятад улсын их дээд сургууль сонголт, мэргэжил сонголт, бүх шатны элсэлт болон тэтгэлгийн тухай зөвлөгөө авахыг хүсвэл TomYo апп дээрх миний ментор хуудсанд өөрийн асуултаа үлдээгээрэй. Таны асуулт, миний хариулт бүх хүнд нээлттэй харагдана. 

Мөн та намайг өөр ямар сэдвээр нийтлэл бичээсэй гэж хүсэж байгаагаа миний сошиал хаягуудаар дамжуулж хэлэхийг урьж байна.

Facebook: facebook.com/amarsanaa.battulga/

Twitter: twitter.com/Amarsanaa

Эх сурвалжууд:

  1. gradadmission.tsinghua.edu.cn
  2. isd.pku.edu.cn
  3. usnews.com/education
  4. gradadmission.tsinghua.edu.cn/f/yzlxs
error: Энэхүү контент хамгаалагдсан!