Өнөөдөр:2025-04-28

21-р зууны хамгийн эрэлттэй оюуны чадварууд

Монгол хэлний толь бичигт “Сэжиглэх” гэдэг үгийн утгыг дараах байдлаар тайлбарлажээ:

  • Аливаа үйлдлийн зөв бурууг тогтооход энэ тийм болов уу гэж төсөөлөн тааварлах, хардах
  • Муу муухай юмнаас жигшиж дургүй хүрэх

Товчхондоо, сэжиглэх гэдэг нь хүн өдөр тутмын хувийн болон нийгмийн амьдралдаа зөв, оновчтой шийдвэр гаргахын тулд тухайн зүйл яг юу вэ, мөн чанар нь юу юм, эм үү, хор уу гэх мэт ямар үр дагавартай байх вэ зэрэг олон мэдээллүүдийг боловсруулан, өөрт тохирох зөв замыг сонгоход тусалдаг ач холбогдолтой оюуны үйл юм.

Та салбар бүрийн шилдгүүдийн ур чадвараас суралцахыг хүсвэл яг одоо TomYo Skills-тэй танилцаарай.

Зэрлэг байгаль дээрх амьтдыг төсөөлөөд бодъё. Амьд үлдэж, үр удмаа үлдээх нь тэдний тэргүүн зорилт. Нэгэнт байгал дээр хүчтэй нь хүчгүйгээ гэсэн хууль үйлчлэх учир амьд үлдэж, бусдын өгөөш болохгүйн тулд амьтад маш өндөр сонор сэрэмжтэй байх ба бүх мэдрэгчүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх ёстой. Аюул дан ганц, хүчтэйгээс ирэхгүй. Урхи, занга, зүсээ хувилгасан аюул хаа сайгүй нуугдах тул сэжиглэх чадвар дээд хэмжээнд хөгжсөн байх шаардлагатай. Эс бөгөөс бусдын идэш болох, урхинд унах, хуурагдах, хордож үхэх зэрэг эцсийн үр дүн хүлээж байгаа.

Модонд ургасан амтат жимсийг идтэл хор байвал яах вэ? Сайхан үнэр ялгаруулсан амьтан, ургамал үнэндээ махчин байвал яах вэ? Тиймээс бусдын өгөөш болохгүйн тулд сэжиглэх шаардлага зайлшгүй үүсчээ. Сэжиглэх нь эволюцын явцад амьтад суралцаж, олж авсан хосгүй чадвар аж.

Хүн бас л нэг эст биетээс үүсэж, хэдэн зуун сая жилийн эволюцын явцад өнөөдрийн төрхийг олж, амьтны аймгийн нэг бүрэлдэхүүн болж чадсан нь сэжиглэх чадварт сайн суралцсаны баталгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Суралцах суралцахдаа бусад амьтадтай харьцуулахад дан ганц гаднын аюулаас сэргийлэх, амьд үлдэх, үр удмаа үлдээх зэрэг байгаль-биологийн хэрэгцээг давж, өөрийгөө таньж мэдэх, хүрээлэн буй орчноо таньж мэдэхийг эрмэлздэг. Таньж мэдээд зогсохгүй, тэр мэдсэн нь баталгаатай, үнэн зөв үү гэж эргэлзэх, хардах зэргээр мэдсэнээ улам бататгах, буруугаа залруулж улам сайжруулсаар мэдлэг (улс, хот, физик, хими, математик, мөнгө, мэргэжил, үнэ цэнэ, зөв буруу, сайн муу, сайхан муухай г.м) бүтээх төвшинд хүрэхэд сэжиглэх процесс тулгуур нь болж өгчээ. Тиймдээ ч сэжиглэх нь хүн төрөлхтний бүх мэдлэгийн тулгуур багана, оюуны дархлааны манаач байдаг аж.

Та блогоо байршуулж, мэдлэгээ хуваалцмаар байна уу? Тэгвэл яг одоо энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хүний амьдралд аюул дан ганц гаднаас биш тухайн хүнээс өөрөөс нь ирэх тохиолдол элбэг учир хүн өөртөө эргэлзэх шаардлагатай. Энэ нь бидний бусад амьтадтай харьцуулахад сэжиглэх чадварыг илүү эзэмшиж, хөгжүүлж чадсаны бас нэг илрэл юм.

Сэжиглэх нь олон хэлбэрээр явагддаг аж. Хамгийн энгийн нь юу вэ, яагаад вэ, яаж вэ, би хэн бэ зэрэг танин мэдэхүйн асуултуудаас эхэлдэг. Мэдсэн нь үнэн, баталгаатай эсэхийг мэдэхийн тулд олон янзын туршилтууд хийх нь сэжиглэхийн нэг хэлбэр. Хүний хараа, сонсгол зэрэг 5 мэдрэхүй төгс биш алдаатай учир тухайн мэдрэхүйн эрхтнээр дамжин орж ирэх мэдээллүүд алдаатай байх бүрэн боломжтой. Бид алдаж сонсох, буруу харах магадлал тун өндөр тул зөвхөн харсан сонссоноо баталгаатай гэж андуурсан тохиолдолд ямар их алдаа гаргаж болох талаар Даниел Каннеман “Thinking, Fast and Slow” номдоо онцолсон. Мөн олон тохиолдолд эцсийн, баталгаатай, яг тэр гээд дүгнэлт хийхэд мэдээлэл дутуу болон алдаатай байх магадлал өндөр байдаг.

Тиймээс хүн зөвхөн сонссон, харсан эсвэл өөрийн үзэж туулснаа баталгаатай мэдчихлээ гэж дүгнэлт өгөх маш том алдаа шүү гэдгийг хүн төрөлхтөн аль эрт ухаарчээ. Эртний Грекчүүдийн боловсролын тулгуур болох “Know Thyself” буюу өөрийгөө танин мэд гэсэн нь дээрхи бүрэн мэдчихлээ гэж итгэлтэй болох хүртлээ өөрийгөө сэжиглэх, эргэлзэх, өөртөө байнга асуулт тавьж байх хэрэгтэй гэсэн санааг хэлсэн хэрэг биз.

“Өөртөө эргэлзэх гэдэг нь өөрийн мэдрэхүйнүүдээр дамжин орж ирсэн мэдээлэл бүрийг баталгаатай мэдлэг гэж эцсийн дүгнэлт шууд хийлгүй, мэдээллээ сэжиглэх, мэдээллийн эх үүсвэрийг хардах, давхар шүүлтүүрээр оруулах процессыг хэллээ”. Цаашлаад оюуны дээд түвшинд критик хийх (critic гэдэг нь эртний Грекийн критикос буюу сайнаас мууг, сайхнаас муухайг, үнэнээс худлыг, зөвөөс бурууг, алдаанаас оноог ялгах гэсэн утгатай үг) чадварууд дээр мэтгэлцэх, дискурс хийх зэрэг багтдаг аж.

Хэрэв та өөрийн тэтгэлэг авсан, хэл сурсан туршлагаа хуваалцаж, орлого олохыг хүсвэл яг одоо энд дараарай.

Сэжиглэх чадвар эзэмшсэн хүн өөртөө итгэлтэй байдаг. Яагаад гэвэл тэр юу мэдэх, мэдэхгүйгээ сайтар мэдэх учир мэдэхгүй зүйлдээ яаран дүгнэлт өгөхгүй бас мэддэг зүйлдээ жанжин шугамаа алдахгүй.
Сэжиглэдэг хүн дутуу дулимаг мэдсэн зүйлээ бусдад хүчлэхгүй харин дутуугаа нөхөж мэдэхийн тулд бусдын санал бодлыг анхааралтай хүлээж авна. Нэгэнт хүн алддаг, дутуу мэддэг гэдгийг ойлгох учир тэрээр бусдын алдааг уучлах, хамтрахыг илүүд үздэг. Асуудлыг зэмлэж суухын оронд шийдэл олохыг эрмэлзэх нь тэдний түгээмэл шинж.
Сэжиглэх чадварт суралцсан хүний критик хийх чадвар өндөр учраас аливаад хар сохроор итгэж, хууртахгүй, мухар сүсэглэхгүй бас шүтэхгүй. Сэжиглэдэг хүн муу, муухай, буруу, бурангуйг жигшиж, аливааг сайжруулахын төлөө, урагш хамтдаа хөгжихийг эрмэлзэх учир шүүмжилдэг.

Сайжрахыг, сайжруулахыг хүссэн хүн л шүүмжилдэг гэж Плато бичсэн байдаг. Дээр онцолсон шүүмжлэх нь AD HOMINEM буюу бусдын зан чанар, гадаад төрх зэрэг тухайн хэлэлцэгдэж буй аргументад ямар ч хамааралгүй хувь хүний шинж чанар луу дайрч, доромжлох, гүтгэх үйлдэлтэй тэс ондоо болохыг анхаарна уу.
Нэг ёсондоо, хүн байх суурь чадварт сэжиглэх чадвар тэргүүн байр эзлэх ёстой аж. Юуг сэжиглэх вэ гэхээр, юун түрүүнд өөрийгөө. Амьдралыг асууж, шалгааж, сэжиглэхгүй бол тэр амьдралын үнэ цэнэ нь хаанаа байна вэ, өөрийгөө л хуурсан хэрэг биш үү гэж Сократ 2600 өмнө сургажээ.

Хүн бүр амьдралдаа ямар нэг мэдлэгт суралцаж, мэргэжил эзэмших ёстой хэдий ч аливааг хэрхэн хийхийг суралцахаас өмнө хүн байхын суурь чадвар болох сэжиглэх чадварт суралцах ёстой. Суурь боловсрол гэж байгаагийн гол учир нь аливаа фактыг цээжлүүлэх, цээжилснээ дуржигнатал уншиж сургахдаа биш дээрх суурь чадвар буюу сэжиглэх чадварт сургахад оршино. Сэжиглэх нь тэгэхээр боловсролын амин сүнс байх учиртай. Боловсрол нь ардчиллын амин сүнс юм бол сэжиглэх чадвар нь ардчиллын амин сүнс байж таарах нь ээ. Асууж, эргэлзэж, сэжиглэж, шүүмжилж хөгжих эрмэлзэлтэй хүмүүс л ардчилсан нийгмийн иргэд байж таарах нь.

Та TomYo апп дээр ментор болж өөрийн туршлагаа хойш үедээ хуваалцахыг хүсвэл энд дараарай.

Хүн төрөлхтний энэхүү хүн байх суурь чадварыг (сэжиглэх чадвар) эзэмшүүлэх боловсролын тогтолцооны шав тэртээ 2600 жилийн өмнө Афинд тавигдсан ба өнөөдөр асуух, критик хийх зэргээр сэжиглэх нь өндөр хөгжилтэй орнуудад институцичлагдан, институцийн төвшинд хөгжсөөр өдийг хүрчээ. Америк, Англи, Герман, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудад парламентын төвшинд хүртэл аливаа нэг чухал асуудлын талаар сонсгол, зөвлөгөөн явагддагийг бид мэднэ. Төрийн чухал албан тушаалтныг томилохын өмнө тухайн кандидатыг парламентын гишүүдийн өмнө авчирч шалгааж гардаг бодит жишээ бий.

Бизнест хүртэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ эцсийн хэрэглэгчийн гарт хүргэхийн өмнө олон шатлалтай чанарын шалгалт хийж, дахин дахин тест хийж байж сая нэг зах зээлд гаргадаг.
Ирээдүйд технологийн хөгжлийн улмаас олон арван мэргэжил, чадварууд устаж, ямар ч хэрэгцээгүй болох ч харин эсрэгээрээ хамгийн эрэлттэй байх оюуны чадваруудын тэргүүнд эгнээд критик хийх чадвар, асуудлыг шийдэх чадвар зэрэг үндсэн сэжиглэх чадварууд багтаж байна. Техник технологи улам хөгжихийн хэрээр хүний оюуны суурь чадвар улам эрэлттэй болох тренд байгааг онцлох хэрэгтэй болов уу.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад хүртэл, популизм эрчээ авч, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлүүд рүү шившигтэйгээр халдах тренд ажиглагдах болсон нь сэжиглэх чадвар дэлхий даяар уналтад орж буй мэт. Сэжиглэх чадвар бол оюуны дархлаа. Өөртөө эргэлзэж, зөв буруугаа дүгнэж үзэх нь оюуны дархлааны витамин юм уу даа. Монголчууд бид сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэж ярьдаг. Хүн төрөлхтний түүхэнд, сүжиг маргаангүй амьдарлын чухал нэгэн хэсэг байсан. Гэвч айсуй цагийн салхийг ажихад хүн өөрөө бодож, шийдэх чадварт суралцахгүй бол сүжиг байгаад байгаад хангалтгүй болох нь ээ.
Б.Мөнхбат

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!