Блог бичсэн: Энхбаяр
Аливаа гадаад хэлийг сурахдаа бид хүүхэд өсгөж байгаа мэт өдөр бүр анхаарлаа хандуулж, арчилж, тордох нь чухал. Гэвч хэл гэдэг хүүхэд шиг нүдэнд байнга харагдахгүй, анхаарлаа сулрууллаа гэхэд аюулд орох зүйл биш учраас мартах гээд байдаг талтай. Харин бид хэл сурах аяллаа өөрийнхөө өдөр тутам хийдэг зуршил болгож өгснөөр зорилтоо бодит болгож үр дүнтэй суралцах боломжтой болно.
Ямар хэлийг, аль түвшингөөс эхлэн сурч байгаа, өөрийн зорилтот түвшинд хүрэхэд хэр хол зайтай байна гэдгээс хамааран өдрийн хэдэн цагийг хэл сурахдаа зарцуулах уу, ямар зуршлыг өөртөө суулгах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Мөн түүн дээр нэмэн яг өөрийнхөө зан чанар амьдралын хэмнэлдээ тохирсон өөрийн хэл сурах арга барилаа олж чадвал тууштай, өөртөө ачаалал багаар үргэлжлүүлж чадна.
Та блогоо байршуулж, мэдлэгээ хуваалцмаар байна уу? Тэгвэл яг одоо энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Тиймээс энэ нийтлэлээр хэл сурахад хэрэгтэй хэд хэдэн үр дүнтэй шинжлэх ухааны үндэслэлтэй аргуудаас хуваалцъя. Та бүхэн санаа аваад өөрт тохирох аргаа туршаад үзээрэй. Тэгээд өөртөө хамгийн тохирсон, дарамтгүйгээр үргэлжлүүлж чадахаар аргаа сонгон дээрээс нь өөрийн арга барилаараа баяжуулан өөрийн гэсэн оригинал аргаа нээгээрэй. Хэлээ сураад дууссаны дараа /зорилтот түвшиндээ хүрсний дараа/ аль хэдийн чамд зуршил гэсэн шинэ чадвар суух учир дараагийн хэлээ сурахдаа, эсвэл өөр хичээлдээ ашиглан хэл сурсны бонусанд ирэх энэ шинэ чадвараа насан туршдаа ашиглаарай.
Дээр дурдсанчлан одоогийн байгаа түвшин болон зорилтот түвшин нь хүн бүр өөр учир түүнийгээ тодорхойлж өөрийнхөө хэл сурах урт хугацааны болон богино хугацааны зорилгоо тодорхойлж хийх зүйлээ тодорхой болговол илүү зүйлд сатаарахгүй үр дүнтэй байх болно.
Зорилгоо тодорхойлохдоо анхаарах зүйл нь ихэвчлэн хүмүүс одоогоос ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө гаргадаг бол, ирээдүйгээс одоо руу чиглэсэн эсрэг төлөвлөгөө гаргах нь нэг өдөрт хэр их хэмжээний хичээл хийх хэрэгтэй маань тодорхой болж өгдөг давуу талтай.
Жишээлбэл: “2022 оны 4 сард Японы их сургуульд элсэн орохын тулд 2021 оны 11 сард элсэлтийн шалгалт өгнө. Сургуулийн шаардлага нь япон хэлний N2 түвшин авсан байх шаардлагатай учир 2021 оны 7 сард JLPT N2 түвшин шалгалт өгөөд 9 сард хариу гарвал элсэлтийн материал өгөх үед амжина. Тэрний өмнө 2020 оны 12 сард N3 түвшнөө авах. Одоо 2020 оны 7 сар учраас 5 сарын дотор N3 түвшинд очихын тулд энэ номыг дуустал хийнэ. Энэ сургалтын төвд явна. Өдрийн 2-3 хичээл үзвэл 11 сар гэхэд дуусна” гэх мэт ихээс бага руу төлөвлөснөөр өдөр тутам хийх зүйл тодорхой болно.
За төлөвлөгөөгөө гаргасан бол бүгдээрээ өөрийн зуршлаа бүтээцгээе.
Та салбар бүрийн шилдгүүдийн ур чадвараас суралцахыг хүсвэл яг одоо TomYo Skills-тэй танилцаарай.

15:30:15-ын дүрэм
Өглөө босоод өмнөх өдрийн сурсан зүйлээ 15 минут давтаад, өдрийн завсарлагаараа 30 минут шинэ зүйл сураад орой унтахын өмнө өдөр үзсэнээ 15 минут дахин давтаад маргааш өглөө нь ижилхэн дарааллаар хийнэ.
Хүний тархинд богино хугацааны ой санамж болон урт хугацааны ой санамж байдаг. Аливаа мэдээллийг богино хугацааны ой санамжаас урт хугацааны ой санамж шилжүүлэхийн тулд олон дахин давтамжтайгаар цээжилснээр тархи энэ мэдээллийг цээжлэх ёстой юм байна гэж хүлээн аваад удаан хугацааны санах ой руу явуулдаг байна. Үр дүнтэйгээр цээжлэхийн тулд 15 минут гэсэн богино хугацаанд сайн төвлөрч давтсаны дараа хэсэг хугацаанд тархиндаа боловсруулах боломж олгон амраасны дараа дахин давтах нь нэг дор их давтахаас илүү үр дүнтэй байдаг байна.
Дуртай кино, Youtube бичлэгээ үзэж хэл сурах
Давтамжийн хувьд 1 хоног, 7 хоног, 14 хоногийн дараа гэсэн хоорондын зайгаар давтах нь мартагдахгүй цээжлэгдэх магадлал хамгийн өндөр. Тиймээс дараагийн алхам нь 14 хоногийн алхмаар хэрхэн сурсан зүйлээ санах вэ гэдэг талаар нэгэн санаа өгье. 14 хоногийн өмнө үзсэн хичээлээ нээгээд харах нь мэдээж үр дүнтэй бөгөөд миний хувьд санал болгох нь өөрийн дуртай Youtube бичлэг эсвэл киног өөрийн сурч буй хэл дээрээ үзээд мэдэхгүй үгээ дэвтэр дээр эгнүүлэн бичин толиноос харж цээжилсний дараа, 14 хоногийн дараа дахин тэр кино бичлэгээ үзээд үзээрэй.
Өмнө үзсэнтэйгээ ижилхэн байна уу? Эсвэл шинэ үгүүдээ бүгдийг цээжилсэн учир асуудалгүй ойлгодог болсон байна уу? Бичлэг болон кино үзэхэд харах, сонсох мэдрэмж мөн сэтгэл хөдлөл бидэнд үүсдэг тул тархинд илүү сууж өгдөг сайн талтай. Сэтгэл хөдлөл буюу баярлах, гуниглах, айх зэрэг мэдрэмжүүдийг хүн ой ухаандаа хамгийн удаан хадгалдаг тул суралцах явцдаа энэ мэдрэмжүүдийг ашиглаж өгөх нь үр дүнтэй. Олон жилийн өмнөх ч гэсэн тэр хүн надад тэгж хэлж байсан гээд яагаад ч юм мартагдаагүй мөч байдаг даа.
Хэрэв та өөрийн тэтгэлэг авсан, хэл сурсан туршлагаа хуваалцаж, орлого олохыг хүсвэл яг одоо энд дараарай.

Өдрийн тэмдэглэл
Өдрийн тэмдэглэл бичих гэхээр та нарт нөгөө л улиг болсон арга гэж санагдаж байвал түр хүлээгээрэй. Дүрмээ гайгүй мэддэг сонсоод ойлгодог, уншаад ойлгодог мөртлөө яг ярих болохоор нэг л болж өгөхгүй, хэлэх гэсэн үг амнаас шууд гарахгүй байвал доорх аргаар өдрийн тэмдэглэл өдөр бүр бичсэнээр хэрэгтэй үед хэлэх гэсэн үг амнаас шууд урсаад гардаг болно. Ингээд тэр ид шидийн аргыг танилцуулъя.
1-р алхам: Эхлээд өдрийн тэмдэглэлээ Монгол хэлээрээ бичих. Шууд тухайн хэлээрээ бичнэ гэвэл өөрийн хэдэн үгэндээ баригдаад хэлэх гэсэн үгээ санасныхаа зоргоор хэлж чадахгүй учир эх хэлээрээ бичих нь чухал.
2-р алхам: Өөрийнхөөрөө орчуулна. Мэдэхгүй үгээ эхлээд толиноос хараад, ингэж хэрэглэх нь зөв үү гэдгээ шалгахын тулд твиттерээс англиар нь бичээд хайвал англи хэлээр ярьдаг хүмүүс тэр үгийг хэрхэн энгийн яриандаа хэрэглэдэг нь жинхэнэ амьд хэрэглээгээр гарч ирнэ. Ингэж өөрийнхөө хүчээр чармайлт гаргаж орчуулсан үг өөрт илүү тогтож үлддэг.
3-р алхам : Чадвал native багшаар эсвэл өөрийнхөө Монгол багшаар бичсэн өгүүлбэрээ засуулна.
4-р алхам: Энэ засуулсан өгүүлбэрээ Google translate дээр эсвэл iphone-ий memo дээрээ хуулж тавиад дуудлагыг нь сонсонгоо ойролцоогоор 80-100 удаа дагаж хэлж, цээжлэх.
5-р алхам: Ингээд энэ өгүүлбэрүүд чинь бүгд чиний талаар өгүүлбэр учраас дараа нь хэрэглэх шаардлага заавал гарах ба тэр үед шууд амнаас чинь урсаад гарах болно. Энэ байдлаар өдөрт нэгээс хоёр өгүүлбэртэй болоод тэдгээрийг наана цаана нь оруулаад хэрэглээд байвал маш олон өөрийнхөө талаар хэлэх өгүүлбэртэй болно. Бодоод үзвэл хүн өөрийнхөө хийсэн зүйл болон бодсон бодлыг л хамгийн их ярих шаардлага гардаг. Тэр нь өдөр бүр өдрийн тэмдэглэл бичих арга юм.

Өөрийнхөө одоогийн зуршилтайгаа нэгтгэх
Одоо эдгээр аргаа яг зуршил болгож өдөр болгон хийхийн тулд өөрийнхөө өдөр тутмын routine-дээ оруулж өгөх хэрэгтэй. Өглөө босоод нэг аяга ус уугаад, цай буцалж байх хооронд 15 минут хичээлээ давтана. Орой шүдээ угаасны дараа нь давтана гэх мэтчилэн. Оруулж өгөх биш бүр хамтад нь нэг зүйл гэж бодох хэрэгтэй. “Өглөө босоод ус уух=өглөөний хичээл” гэсэн үг гэж тэр үйлдэлтэйгээ нэг үйлдэл болгож тархиндаа суулгах. Метронд суувал энэ бичлэгийг үзнэ. “Метронд суух=англиар 20 минутын бичлэг үзэх” энэ 2-ыг нэг үйлдэл болгож бодно. Мөн өөртөө амар байхаар бүх бэлтгэлийг хийгээрэй. Орныхоо хажууд дэвтрээ тавих, үзэх видеоныхоо жагсаалтыг татаж бэлдэх зэргээр өөртөө төвөггүй байдлаар бүх бэлтгэлээ хангаарай.
Та TomYo апп дээр ментор болж өөрийн туршлагаа хойш үедээ хуваалцахыг хүсвэл энд дараарай.

Хэл сурах сэтгэхүй (Mindset)
Хамгийн сүүлд нь толгойдоо хором бүр суулгах зуршил нь одоо сурч буй зүйлээ хэцүү уйтгартай хичээл биш дуртай зүйлээ хийж байгаа хөгжилтэй процесс гэж бодож байгаарай. Англи хэлийг 3000 цаг орчим, Япон хэлийг 3500-4500 цаг А-гаас эхлэн сурч эхэлсэн ч ер нь сурчихдаг гэдэг. Хэл сурах процесс бол бариа нь харагдахгүй зам биш хийх л юм бол хэн ч сурч болдог зүйл. Харин түүнээсээ их өгөөжийг өгдөг гайхалтай хэрэглүүр юм шүү. Балетчин болно гэж бодоод, зураач болно гэж хичээгээд ч хүн бүр мэргэжлийн балетчин, алдартай зураач болж чаддаггүй ч хэл бол хичээх л юм бол үр дүн баталгаатай гардаг. Хамгийн гол нь үр дүнтэй аргаар өөртөө дарамтгүйгээр дуртай байж сураарай.
Энэ аргуудыг би өөрөө яаж хэрэглэдэг бодит туршлага болон илүү нарийн мэдээллүүдийг TomYo аппликэйшнд видео хичээл болгон удахгүй оруулах учир Япон улсын хичээл дотроос хайж олоод үзээрэй.
Хэл сурах аялалаа өдөр бүр хөгжилтэй байлгаарай. Амжилт хүсье.
Хэрэв та өөрийн чадвараа бусадтай хуваалцаж, орлого олохыг хүсвэл яг одоо энд дараарай.
