Блог бичсэн: Гүнж
Жил ирэх тусам Солонгос хэл сурч байгаа хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байна. Магадгүй энэ нийтлэлийг уншиж суугаа та ч гэсэн Солонгос хэл сурч байгаа эсвэл сурахыг хүсч байж магадгүй. Тийм болохоор Солонгос хэлийг бие даан эсвэл багшаар заалган сурч байгаагаас үл хамааран Солонгос хэлийг анхлан суралцаж буй хүмүүст хэрэгтэй аппликейшнүүдийг танилцуулъя.

1. PopPopping Korean
Энэхүү аппликейшн нь Ханьгыл буюу Солонгос хэлний цагаан толгойг /үсэг/ сурахад хэрэгтэй. Үсэг бичих дараалал, тухайн үсгийг хэрхэн дуудах тухай маш ойлгомжтойгоор тайлбарласан байдаг.
2. PopPopping Korean–Conversation
Энэ аппликейшнаар дамжуулан Солонгос хэлээр өдөр тутмын харилцан яриагаар ярьж сурна. Жишээлбэл 안녕하세요?, 저는 00 입니다, 저는 00사람입니다 (Сайн байна уу, Намайг 00 гэдэг. Би 00 хүн) гэх мэтээр өөрийгөө танилцуулах, хүнээс асуулт асуух, асуултад хариулах зэрэг чадвар эзэмшихэд энэ аппликейшн маш их тус болно. Мөн хийж байх явцад огтхон ч уйдахгүй. Хөгжилтэй аргаар сурах боломжтой.
Жич: Дээр дурдсан 00 бол хүний нэр, улсыг илтгэнэ. Мэдээж энэ 00-ын оронд та өөрийнхөө нэр болон аль улсын хүн гэдгээ хэлнэ шүү дээ.
Та блогоо байршуулж, мэдлэгээ хуваалцмаар байна уу? Тэгвэл яг одоо энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

3. Misheel study
Гадаад хэл сурч буй хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл бол толь бичиг билээ. Орчин үед цаасан толь бичгийг ашигладаг хүн бараг байхгүй шүү дээ. Тийм учир утаснаасаа интернетгүй үед ч ашиглах боломжтой толь бичгийг танилцуулъя. Энэхүү Misheel study аппликейшн нь зөвхөн толь бичиг биш юм. Толь, хичээл,tube гэсэн гурван хэсэгтэй.
Толь хэсгээс үйл үг, тэмдэг нэр, хэлц үг, зүйр үг гэхчлэн бараг бүх үгнүүд гарч ирнэ. Мөн рандомаар өнөөдрийн цээжлэх үг мэдэгдлээр (notificaion) ирдэг. Хичээл хэсэгт нь үсэг тоо, дүрэм, өргөн хэрэглээний үгс, ном сурах бичиг байна. Эндээс бүх шатны дүрэм, үгс болон монголчуудын хамгийн их ашигладаг Монгол хүнд зориулсан сурах бичиг, Сэжун Солонгос хэл гэх мэт сүрах бичгийг pdf –ээр үзэх боломжтой. Tube хэсгээс дэлхийг өөрчлөх 15 минут, хөгжилтэй бичлэг, дуу хөгжим, Солонгос нийгмийн тухай ойлголт зэргийг Солонгос хадмалтайгаар үзэх боломжтой.

4. Naver Dictionary
Энэ толь нь Солонгосоос Монгол, Солонгосоос Солонгос, Солонгосоос англиар орчуулдаг. Мөн Солонгосоос бусад хэл рүү ч орчуулдаг. Энэ толиноос зургаар, аудиогоор үг хайх ч боломжтой бөгөөд үг хайвал тухайн үгтэй холбоотой жишээнүүд гарч ирдгээрээ бусад толиноос ялгаатай. Жишээлбэл 사랑 (хайр) гэдэг үгийг хайвал 나는 당신을 사랑합니다 (Би танд хайртай) гэх мэтээр гарч ирдэг. Харин энэ толийг интернеттэй үед л ашиглах боломжтойг анхаарна уу.
5. Memo Words
Энэ нь үг цээжлэхэд хэрэгтэй аппликейшн бөгөөд зөвхөн Солонгос хэл ч биш Англи хэл, Япон хэл, Испани хэл гэх мэт 7 хэлнээс сонгох боломжтой. Эхний хэдэн үгийг үнэгүй цээжлэх боломжтой ба хэрвээ танд энэ аппликейшн таалагдвал мөнгөөр дараачийн үгнүүдээ худалдан авах боломжтой.
Солонгос хэл анхлан суралцаж буй хүмүүст хэрэгтэй таван аппликейшнийг танилцууллаа. Энэ нийтлэлийг уншаад таалагдсан аппликейшн байсан бол хойшлуулалгүйгээр яг одоо татаад аваарай. Амжилт!
Та салбар бүрийн шилдгүүдийн ур чадвараас суралцахыг хүсвэл яг одоо TomYo Skills-тэй танилцаарай.
