Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн Хятад улсад суралцангаа ажиллах вэ?

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр өөрийн блогийг байршуулахыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


blogger

Сайн байна уу? Намайг Баттулгын Амарсанаа гэдэг. Би Хятадын Nanjing University-г бакалаврын зэрэгтэй төгссөн ба одоо Shanghai хотын Fudan University-д Хятад хэлний хэл бичгийн ухаанаар мастерын түвшинд суралцдаг. 

Дөрөв дэх нийтлэлээрээ та бүхэнд Хятадад суралцах хугацаандаа ажиллах тухай буюу Хятад улсад олон жил суралцаж буй оюутнууд ч төдийлөн мэддэггүй сэдвийг танилцуулж зөвлөхөөр шийдлээ. Мөн та намайг өөр ямар сэдвээр нийтлэл бичээсэй гэж хүсэж байгаагаа миний сошиал хаягуудаар дамжуулж message request явуулан хэлэхийг урьж байна.

Facebook: facebook.com/amarsanaa.battulga/

Twitter: twitter.com/Amarsanaa

Суралцангаа ажиллах шаардлагатай юу?

Их дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил хийх нь орлогын гол эсвэл нэмэлт эх үүсвэр болж санхүүгийн бэрхшээлээс чөлөөлөгдөх, оршин суугаа газрынхаа нийгмийн амьдралд хурдан дасаж цаашлаад гүнзгий ойлголттой болох, гадаад хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, ажлын туршлага олгох зэрэг олон давуу талтай. 

2018 оны байдлаар Хятад улсад суралцаж буй гадаад оюутнуудын зөвхөн 12.81% нь засгийн газрын бүрэн тэтгэлэгтэй байсан ба бусад оюутнууд өөр санхүүжилттэй бүрэн бус тэтгэлгээр эсвэл хувийн зардлаар суралцаж байжээ.1 Тиймээс суралцахын хажуугаар цагийн ажил хийж амьжиргааны болон бусад зардлаа барагдуулах шаардлага гадаад оюутнуудад түгээмэл байдаг. Гэхдээ Хятад улсад суралцдаг оюутнууд хүртэл тус улсад гадаад оюутнууд суралцангаа цагийн ажил хийх нь хуулиар хориотой байдаг гэсэн түгээмэл буруу ойлголттой байх нь олонтоо.

Та TomYo апп дээрээ топ сургалтын төвүүдийн бэлтгэсэн сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Энэ нь 

  1. уг асуудлын талаарх хууль дүрмийн мэдээлэл хангалттай зарлан нийтлэгддэггүй мөн батлагдсан хууль тогтоолууд нь тодорхой бус (хөдөлмөрийн зах зээл хэдийн хангалттай өрсөлдөөнтэй);
  2. их дээд сургуулиуд гадаад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг чухалчлах шалтгаан бага – (их дээд сургуулиудын эрэмбийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг болох төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд гадаад оюутнуудын ажил эрхэлсэн байдлыг оруулж тооцдоггүй2);
  3. оюутнуудын өөрсдийн ойлголт мэдлэг дутмаг (Бээжин хотын 6 их сургуулийн гадаад оюутнуудын дунд хийсэн нэгэн судалгаанд оролцогчдын 53% нь Хятад улсад цагийн ажил хийх тухай хууль дүрмийг “сайн мэдэхгүй,” 14.2% нь “огт мэдэхгүй” гэж хариулжээ3) зэрэг тал талын шалтгаантай.

Суралцангаа ажиллахыг зөвшөөрдөг үү?

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх удирдлагын журам”-ын хорин хоёрдугаар зүйлд “гадаадын иргэн сургуулиас гадуур түр хугацаанд ажил хийж, хэрэглээний мөнгө олох (勤工助学) буюу дадлага хийх (实习) шаардлагыг тухайн сургуулийн зүгээс зөвшөөрсөн тохиолдолд Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас оршин суух үнэмлэх дээр хэрэглээний мөнгө олох буюу дадлага хийх газар, ажиллах хугацаа зэрэг мэдээллийг тодорхойлж тэмдэглэгээ хийж өгөх (加注) хүсэлт гаргах ёстой” гэжээ.4,5 

Мөн адил 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх тухай хууль”-ийн дөчин гуравдугаар зүйлд “гадаад оюутан түр хугацаанд ажил хийж хэрэглээний мөнгө олох тухай журмыг зөрчиж, зөвшөөрөгдсөн ажлын байрны төрөл эсвэл хугацаанаас давсан” тохиолдолд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэнд тооцно гэжээ.6 Уг хуулийн дөчин хоёрдугаар зүйлд мөн 2017 онд батлагдсан “Гадаад оюутныг элсүүлэн сургах удирдлагын зохицуулалт”-ын гучдугаар зүйлд заасны дагуу холбогдох захиргааны албанууд хамтарч түр хугацаанд ажил хийж хэрэглээний мөнгө олоход зөвшөөрөгдөх ажлын байрны төрөл болон хугацааг тусад нь зааж өгөх ёстой байсан хэдий ч одоогийн байдлаар энэ тухай тогтоол, журам батлагдаагүй байна.6-8

Ийнхүү дээд шатны шийдвэр удаашралттай, тодорхойгүй байдлаас үүдэн муж хотын засгийн газрууд мөн их дээд сургуулиуд бие даан өөрсдийн гадаад оюутнуудад зориулан шийдвэр гаргадаг. Зарим сургуулиуд зарчмын хувьд зөвхөн дадлага хийх шаардлагатай оюутнуудад зөвшөөрөл олгодог8 бол зарим нь цагийн ажил хийхийг зөвшөөрдөг ба долоо хоногт ажиллаж болох цагийн тоо нь харилцан адилгүй байна (хичээлийн улирал дунд долоо хоногт 6-20 цаг, амралтаар долоо хоногт 12-40 цаг гэх мэт).9-11 Ихэнхдээ сурч буй мэргэжилтэйгээ холбоотой цагийн ажил, дадлага хийхийг зөвшөөрдөг бөгөөд хэрвээ энэ нь сурлага судалгаанд сөрөг нөлөө үзүүлбэл (хичээл тасалсан, шалгалтдаа унасан гэх мэт) зөвшөөрлийг цуцалдаг.10

Та TomYo апп дээрээ топ сургалтын төвүүдийн бэлтгэсэн сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Миний өөрийн туршлагаас үзвэл, Nanjing University нь дадлага хийж байгаа гадаад оюутнууд тээврийн болон хоолны зардлаас бусад цалин, мөнгөн урамшуулал авахыг хориглодог (гэхдээ ажил олгогчтойгоо тохиролцож чадвал дадлагын цалингаа тээврийн/хоолны зардал хэлбэрээр авч болно) ба цагийн ажил хийж буй тохиолдолд долоо хоногт дээд тал нь 16 цаг ажиллахыг зөвшөөрдөг. 

Цагийн ажлуудын сонголт болон цалин ямар байдаг вэ?

Гадаад оюутнууд ихэвчлэн англи болон бусад гадаад хэлний сургалтын байгууллага, ресторан, фитнес, бар клуб зэрэг үйлчилгээний газрууд, орчуулгын товчоо, мөн гадаадад хөрөнгө оруулдаг хятад компаниудад зөвшөөрөлтэйгөөр эсвэл зөвшөөрөлгүйгээр (оршин суух үнэмлэх дээр тэмдэглэгээтэй эсэх) ажилладаг.3,13

Дээр дурдсан Бээжин хотын 6 их сургуулийн гадаад оюутнуудын дунд хийсэн судалгаанд цагийн ажил хийдэг оролцогчдын дундаж цалин нь 30-50 юань/цаг байсан ба 30.8% нь сарын 2000-3000 юань, 38.5% нь сарын 3000-4000 юанийн цалинтай байжээ.

Хаанаас цагийн ажил/дадлагын мэдээллийг авах вэ?

Цагийн ажил мөн дадлагын ажлын байрны зарыг 实习僧, 51job гэх мэт түгээмэл хэрэглэгддэг гар утасны апп-уудаар дамжуулан харж, өргөдөл гаргаж болно. Гэхдээ олон зуу мянган ажил горилогчдын дундаас ялгаран ажил олгогчдын нүдэнд өртөх нь хэцүү тул 内推 буюу ажиллахыг хүссэн газарт тань ажиллаж байсан/буй хүнээр санал болгуулж, ярилцлага шалгалтад орвол илүү үр дүнтэй. 

Суралцангаа ажиллахад тулгардаг асуудлууд болон анхаарах зүйлс

Хэдийгээр дээр иш татан тайлбарласны дагуу суралцангаа ажиллах нь хуулийн дагуу бүрэн боломжтой боловч, олон ажил олгогчид энэ тухай мэдээлэл муутай байдгаас мөн гэрээ байгуулж, оюутан оршин суух үнэмлэх дээрээ тэмдэглэгээ хийлгэх хүртэл хүлээх хүсэлгүй байдаг учраас гадаад оюутнуудыг дадлагажигчаар эсвэл цагийн ажилтнаар авах эсэхдээ эргэлзээтэй ханддаг. Үүнээс гадна сургуулиас гадуур цагийн ажил хийх нь Хятадад суралцдаг гадаад оюутан бүрийн заавал худалдаж авдаг даатгалын хамрах хүрээнд багтдаггүйг анхаарах хэрэгтэй.2

Эх сурвалжууд:

  1. moe.gov.cn 
  2. kns.cnki.net  
  3. kns.cnki.net/k 
  4. gov.cn/zwgk 
  5. solongonews.mn 
  6. moj.gov.cn 
  7. fgcx.bjcourt.gov.cn 
  8. kns.cnki.net/kc 
  9. bjutcie.bjut.edu.cn 
  10. lxs.szu.edu.cn 
  11. gxust.edu.cn 
  12. ghc.sicau.edu.cn 
  13. kns.cnki.net/kcm 

Хэрэв та Хятад улсын их дээд сургууль сонголт, мэргэжил сонголт, бүх шатны элсэлт болон тэтгэлгийн тухай зөвлөгөө авахыг хүсвэл TomYo апп дээрх миний ментор хуудсанд өөрийн асуултаа үлдээгээрэй. Таны асуулт, миний хариулт бүх хүнд нээлттэй харагдана.

error: Энэхүү контент хамгаалагдсан!