Өнөөдөр:2024-05-20

Япончуудын харилцааны чадвараас суралцах 3 нууц

Ердөө 3 зарчмыг ягштал баримталж чадвал бидний харилцаанд маш олон эерэг өөрчлөлтүүд гарч, ажил амьдрал аль алин дээрээ амжилттай байх боломжтой.

Япон хүмүүс эелдэг, хүндэтгэлтэй, сайхан харилцаатай гэдгийг дэлхий даяар мэдэх байх. Ялангуяа бизнесийн салбарт Япон ажилчид маш хариуцлагатайгаар үйлчлүүлэгчтэйгээ төгс харилцаж чаддаг. Үүний цаана ямар НУУЦ байдгийг та бүхэндээ танилцуулъя. Энэхүү зарчмыг ХОО-РЭН-СОО(報連相)гэж нэрлэдэг бөгөөд доорх 3 үгний нийлбэр юм.

1. ХОО(報)гэдэг нь “хоококу(報告)” буюу МЭДЭГДЭХ гэсэн үгийн товчлол

ХООкоку буюу мэдэгдэх гэдэг нь өөрийн хариуцаж буй ажлын тухай мэдэгдэх гэсэн үг. Явц дундын мэдэгдэл, ямар нэг асуудал гарсан үеийн мэдэгдэл, үр дүнгийн мэдэгдэл гэсэн хэд хэдэн хэлбэр байна. Ямар нэг ажил хариуцаж авсан л бол мэдэгдлийг тогтмол хийх нь өөрийн тань ҮҮРЭГ гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.

2. РЭН(連)гэдэг нь “рэнраку(連絡)” буюу ХОЛБОО БАРИХ гэсэн үгийн товчлол

РЭНраку буюу холбоо барих гэдэг нь харилцагчид тань хэрэгтэй байгаа мэдээллийг зөв цаг хугацаанд нь хэлэх гэсэн үг. Таны хариуцсан ажилтай холбоотой хүмүүстэй холбоо барьж тухайн ажлын явцыг мэдээлэх хэрэгтэй.

Энэхүү холбоо барих аргыг цаг барих асуудал дээр маш их ашигладаг. Жишээ нь, товлосон цагаасаа хоцрох, тайлангаа өгөх хугацаандаа амжихгүй байх зэрэг үеүдэд заавал урьдчилан холбоо барьж хэлэх хэрэгтэй. Улмаар дахин цагаа товлож аль аль тал нь хүлээлтгүй, санаа зоволгүйгээр ажлаа урагш явуулах боломж бүрдэнэ.

Япон хүмүүс 1 минут хоцрох байсан ч нөгөө хүндээ заавал урьдчилан мэдэгдэж 5 минут орчим хоцрох боллоо гэж хэлдэг. Ер нь бидний сэтгэлгээнд байдаг нэг буруу ойлголт нь 5,10 минутын хоцролтыг асуудал гэж хардаггүйд байгаа юм. Харин дэлхийн өндөр хөгжилтэй, соёлтой оронд товлосон цагаасаа 5-10 минутын өмнө бэлэн байх нь цагаа барьж байна гэсэн ойлголт учир 5-10 минутын хоцролт гэдэг байж боломгүй зүйл юм. Гэхдээ мэдээж ямар нэг шалтгаанаар бидэнд хоцрох үе гарна. Гол нь урьдчилаад холбоо бариад хэлчихдэг л байх ёстой.

🌍 ЯПОН ХЭЛНИЙ АНХАН ШАТ: ҮЙЛ ҮГИЙН ҮНДСЭН ДҮРЭМ хөтөлбөрийн эхний элсэлт эхэллээ. Яг одоо TomYo аппын хөтөлбөр хэсгээс өөрийн хүссэн сургалтаа аваарай.

3. СОО(相)гэдэг нь “соодан(相談)” буюу ЗӨВЛӨЛДӨХ гэсэн үгийн товчлол

СООдан буюу зөвлөлдөх үйл явц нь ажлаа үр дүнтэй явуулахад маш чухал байдаг. Жаахан ч гэсэн эргэлзээ төрвөл “ЗААВАЛ ЗӨВЛӨЛД” гэж Япон хүмүүс хэлдэг. Зөвлөлдсөнөөр илүү сайн гарц олж чадах ба хэн нэгнээс хэрэгтэй үедээ тусламж авах боломжтой. Зөвлөлдөлгүйгээр аливаа зүйлийг дур мэдэн хийснээр буруу үр дүн гарч тухайн ажлыг дахин хийх шаардлага ч гарч мэдэх юм. Зөвлөлдөж чаддаг хүн өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг. Хамтрагчтайгаа, даргатайгаа зөвлөлдөхөөс огтхон ч эмээж болохгүй. Тэр тусмаа өөрөөсөө илүү чадвартай хүнтэй зөвлөлдсөнөөр илүү сайн гарц олж, өөрөө ч давхар өсөн дэвжиж чаддаг.

Дээрх 3 зарчим ажил дээрх харилцаанд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Харин хувийн амьдрал дээрээ ч энэ зарчмаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж чадвал ямар өөрчлөлт гарахыг бодоод үзээрэй. Мэдээж илүү хүндэтгэлтэй, илүү дотно харилцаа үүснэ.

Харилцааг хүний биеэр төсөөлбөл бидний биеэр гүйх цустай ижил юм. Хэрэв бидний биед цус бөглөрөх, цус өтгөрөх гэх мэт асуудал гарвал яах вэ? Ойлгомжтой, бие өвдөж маш том асуудал үүснэ. Харин цус шингэн, цусны хэмжээ хангалттай байж биеэр чөлөөтэй урсч байх үед бидний бие эрч хүчтэй, эрүүл байдаг.

Харилцаа ч мөн үүнтэй адил хүмүүсийн хооронд чөлөөтэй урсч байх ёстой. Харилцаанд БӨГЛӨРӨЛ үүсгэдэг зүйл бол юу болж байгаа нөхцөл байдлаа хэлэхгүй, ямар нэг үр дүнг мэдэгдэхгүй, асуудал гарвал зөвлөлдөхгүй  байх явдал юм. Тиймээс байнга мэдэгдэж, хэлэлцэн зөвлөлдөж, холбоо барьснаар хүмүүс бие биенийхээ нөхцөл байдлыг ойлгон харилцаа хэвийн үргэлжилж, тухайн ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг.

Хэрэв хэн нэгэнтэй хамт ярилцаж хийе гэсэн зүйлийнхээ тухай доорх үйлдлүүдийг хийвэл тухайн харилцаа яах вэ?

  1. Өөрийн хариуцаж хийе гэсэн зүйлээ хийсэн үгүйгээ хэлэхгүй байх
  2. Хийж байсан зүйлээ ганцаараа хийж чадахгүй, яахаа мэдэхгүй байх
  3. Тохиролцсон хугацаандаа хийж дуусахгүй болсноо мэдсэн ч “За яахав дахиад 1 хоносон ч яав л гэж” гэж бодох.

Хариулт нь таны харилцаж буй хүн танд итгэх ИТГЭЛ үгүй болно. Тиймээс харилцаа доголдож эхэлнэ. Харин дээрх 3 тохиолдолд ХООРЭНСОО аргаа ашиглаад үзвэл ямар үр дүнтэй байх бол? Та өөр дээрээ нэг бодоод үзээрэй. Дэлхийд өрсөлдөх Монголын залуучууд маань харилцааны өндөр соёлтой, шилдэг боловсон хүчин болно гэдэгт бүрэн итгэдэг шүү.

GTN Mongolia ХХК Гүйцэтгэх захирал

Б.Лхам-Янжин

error: Энэхүү контент хамгаалагдсан!