Өнөөдөр:2024-05-20

IELTS, TOEFL –ийн оноогүй ч гэсэн их сургуульд тэнцэх боломжтой

Энэхүү нийтлэлээр “YETI” сургалтын төвийн үүсгэн байгуулагч ба TOEFL –ийн хичээлийг 15 жил зааж байгаа, Монголдоо “ETS” –ээс албан ёсны эрхтэйгээр TOEFL ITP –ийн хичээлийг заадаг цөөхөн хэдэн багшийн нэг Гомбодоржын Шүр-Эрдэнэтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

“Өнөөдрийн танд тохиолдож байгаа ид шид гэдэг нь таны өчигдрийн хийсэн хөдөлмөрийн үр дүн байдаг.”

Г. Шүр – Эрдэнэ

Хамгийн түрүүнд англи хэлний талаар яриагаа эхэлье. Та Англид сургууль төгсөж ирсэн. Тэгвэл яаж анх англи хэл сурч бас сургуульдаа тэнцэж орж байсан бэ?

Тухайн үед одооных шиг хэл сурах боломж хангалттай байгаагүй. Тэр үед би Монголд аяллаар ирсэн хүмүүсийг гэртээ хонуулаад англиар ярилцдаг байсан ба тэр хүмүүсээс хамгийн анх гадаадын их сургуулийн тухай сонсож, очиж сурахыг хүсдэг болсон. Бас миний хэлээ сайжруулахад, мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн нэг бол миний ээж. Учир нь миний ээж “Очиж үз, хар, сонирх. Би мэдэхгүй, чадахгүй гэж битгий хэл” гэж хэлдэг байсан.

Харин сургуульд тэнцэж орж байсан талаар гэвэл миний сургуульд хандаж байх үед “TOEFL” –ийн оноо шаарддаггүй бас одооных шиг амархан материалыг бүрдүүлэх боломж бага байсан. Интернеттэй айл ховор тул интернет кафенд суугаад материалаа гаргаж аваад бөглөөд, шууданд хийж явуулаад гэх мэт. Өнөөдөр та нарын 5 минутын дотор хийдэг зүйлийг би 3 сарын хугацаанд хийж байсан. Гэхдээ л хүний хүсэл мөрөөдөл л тусалсан байх. Нэг мэдэхэд 10 сургуульд тэнцээд тэндээсээ нэгийг нь сонгоод Англи явчихсан.

Англид сургуулиа төгссөн гэхээр танд мэдээж өөр газар ажилд орох маш олон боломж байсан байх. Гэтэл яагаад заавал англи хэлний багш болсон бэ?

Би Англид “Online ticket reservation” мэргэжлээр төгссөн. Гэтэл намайг сургуулиа төгсөөд Монголд хүрч ирэх үед энэ мэргэжлийн чиглэл хөгжөөгүй, ажлын байр аль эсвэл энэ чиглэлийн зүйлүүд байгаагүй.  Тэгээд тухайн үед надад Дубайд очиж аялах аль эсвэл Англидаа үлдэж ажиллах боломж байсан. Гэхдээ би бүх зүйлээ хаяад Монголдоо хүрч ирсэн ч энэ нь миний өөрийн амьдралдаа хийхийг хүссэн зүйлээ эхлүүлэх боломжийг бий болгосон.

Өөрөө бие дааж хэл сурч байгаа, шалгалтад бэлдэж байгаа хүмүүс юуг анхаарч суралцах хэрэгтэй вэ?

Өөрөө бие дааж хийж байгаа хүнд бол яаж ийгээд арга нь олддог. Тэгэхээр би ингээрэй, тэгээрэй гэж хэлэхээс илүү бэлдэж байх, сурч байх хугацаандаа сайн тухайн хэл дээрх зүйлсийг сонсоорой гэж захья. Учир нь дуу сонсдог, аль эсвэл тухайн хэл дээрх зүйлийг сонсдог хүн дүрмээ мэдэхгүй, үгээ мэдэхгүй ч гэсэн тест хийхээрээ амандаа хэлж үзэж байгаад зөвийг нь сонгодог. 

Хүмүүс ихэвчлэн уншиж, сонсож ойлгож чаддаг хэдий ч ярьж чаддаггүй шүү дээ. Ярьж чаддаггүй хүмүүс хэрхэн ярих чадвараа сайжруулах боломжтой вэ?

Хүн бол маш ухаалаг. Хэрвээ та ярьж чадахгүй байх юм бол та орчиндоо дасаагүй, хангалттай юм сонсож уншаагүй байна гэсэн үг. Өөрийгөө нэг нөхцөл байдалд сайн ярьж чадаагүйгээр өөрийгөө би ярьж чадахгүй байна гэж бодож болохгүй. Жишээлбэл: Та өөрийн сонсдоггүй дууг нэг өдөр өдөржин тоглуулаад сонсъё гэж бодъё. Тэгвэл та хэсэгтээ тэр дууг амандаа аялаад явна. Тэгэхээр та их сонсож, уншиж, орчиндоо дасах юм бол тэртээ тэргүй амнаас чинь үг гарах болно.

Toki аппаас энд дарж боловсролын бүх төрлийн үйлчилгээг аваарай.

“Би чадахгүй, мэдэхгүй” гэж бодоод үйлдэл хийхгүй бол тэр зүйл хэзээ ч биеллээ олохгүй

Ахлах сургуулиа дөнгөж төгсөж байгаа аль эсвэл өөрийгөө олохоор хичээж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?

Ихэнх хүүхдүүд нэг зүйлийг барьж аваад гол зорилгоо болгочихсон байдаг. Жишээлбэл: Би англи хэл л сурна. Аль эсвэл би зөвхөн математик сурна гэх мэт. Гэхдээ дан ганц зүйлээ гол зорилгоо болголгүй хөрвөж сурах хэрэгтэй. Зарим хүүхдүүд “Би дизайнер болно. Тэгэхээр надад түүх хэрэггүй. Би түүх сурахгүй” гэж хэлдэг. Тэгвэл тухайн хүүхэд дизайнер болох ч гэсэн түүхийн мэдлэгтэй бол түүнээс гарах загвар, бүтээл Монголд гэлтгүй Дэлхийд Монгол улсаа төлөөлж гарах боломжтой.

Орчин үед хүүхдүүд гадаадын их дээд сургуулиудаас тэтгэлэг авч сурахыг хүсдэг болсон шүү дээ. Тэгвэл хүүхдүүд юун дээр анхаарах ёстой юм бол?

Хүүхдүүд ихэвчлэн ингэж боддог “Хэлний оноотой болчихвол гадаадад сурна” гэж. Гэхдээ ямар ч “IELTS, TOEFL –ын оноогүй ч гэсэн сургуульд тэнцдэг”. Оноо бол гол зүйл биш. Жишээлбэл: Хэрвээ чи маш өндөр оноо авсан ч гэсэн эсээ чинь сайн биш бол голч чинь муу бол тэр сургууль чамайг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр оноон дээр гол анхаарлаа хандуулах нь өөрөө буруу зүйл. Бас хэрвээ чи хэлний оноогүй ч байсан сайн эсээ бичээд тухайн сургуульд юу өгч чадахаа харуулж чадах юм бол тэр сургууль өөрсдөө чамаас хэлний шалгалт авах боломжтой.

Тэгвэл гадаадын их дээд сургуулиуд тэтгэлэг горилогчдын юуг нь илүү их анхаарч тэтгэлэг өгдөг вэ?

Тэтгэлэг горилогчдын эсээ, CV буюу анкет болон тодорхойлох захиа хоорондоо огтлолцож байх ёстой. Таны CV дээр, эсээ дээр дурдагдсан зүйлс тодорхойлох захиатай хоорондоо уялдаа холбоотой байх юм бол тэтгэлэг тань дээр өөрөө ирэх болно.

Блогийнхоо сүүлд та энэ блогыг уншиж буй хүмүүст хандан зөвлөгөө өгөөч

Ид шид гэж байдаг. Гэхдээ өнөөдрийн танд тохиолдож байгаа ид шид гэдэг нь таны өчигдрийн хийсэн хөдөлмөрийн үр дүн байдаг. Хэрвээ та энэ зүйлийг “Би чадахгүй, мэдэхгүй” гэж бодоод үйлдэл хийхгүй бол тэр зүйл хэзээ ч биеллээ олохгүй. Тэгэхээр бүх зүйлийг болно, бүтнэ гэж хараарай. 

Маш хэрэгтэй, хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!