Өнөөдөр:2024-05-20

Хуулийн чиглэлээр улсдаа сурах уу, гадаадад сурах уу?

Би ЭЕШ-ээ өгчхөөд хамгийн түрүүнд өөрөөсөө асууж байсан асуулт бол “би эхлээд хаана хуулийн сургуульд сурсан нь оновчтой вэ?” Учир нь тэр үед би Турк Улсын Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр Турк Улсад сурах эрх авсан байсан юм. Удаан бодож, хуулиар ажилладаг хүмүүстэй ярилцсаны эцэст би Монголдоо үлдэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийг сонгохоор болсон. Тийм шийдвэр гаргахад энд бичсэн байгаа хүчин зүйлс маш их нөлөөлсөн ба би одоо ч гэсэн надаас зөвлөгөө авахыг хүссэн хүүхдүүдээс эдгээрийг л асуудаг.

Та ч мөн өөрөөсөө эдгээрийг асуугаад үзээрэй. Хүн бүрийн зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөл, ертөнцийг үзэх үзэл өөр учир бүгд Монголдоо эсхүл бүгд гадаадад сурах ёстой гэсэн зөв эсхүл буруу хариулт энд байхгүй юм шүү. Ийм чухал мөчид шийдвэр гаргахад тань энэхүү бяцхан зөвлөмж тус болно гэж найдаж байна.

ЭЕШ-ын онцлох хичээлийн хөтөлбөрүүд эхэллээ. Та энд дарж аппаа татаад хичээлээ үзээрэй.

Хэтийн зорилгоо тодорхойл

Та ирээдүйгээ хаана харж байна? Жишээ нь Англид Лондонгийн гудмаар завгүй алхаж яваа хуульч гэдгээр харж байна уу? Таны хаана ажиллаж, амьдрах төлөвлөгөөтэй байгаа тань хаана сурахаа шийдэхэд хамгийн чухал нөлөөтэй. Мэдээж Англид сурлаа гээд Англид амьдрах албагүй ч Англид амьдрах мөрөөдөлтэй эсхүл төлөвлөгөөтэй байгаа бол мэдээж тийшээ хуулийн сургуульд сурах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Монголдоо ажиллаж, амьдарна гэж байгаа бол заавал одоо гадагшаа хуулийн чиглэлээр сурах гээд яараад бас хэрэггүй шүү. Учир нь танд магистр, докторын зэрэг гээд гадагшаа явж сурах өчнөөн боломжууд байгаа.

Now or never

Хүн олдсон боломжийг шүүрч, чанга атгаж байж л амжилтад хүрдэг. Танд Oxford-ын их сургуулийн хуулийн сургуульд сурах боломж олдвол би Монголдоо амьдрах хүн эхлээд Монголдоо сурна гээд хойш суувал би хувьдаа таныг алдаа хийж байна даа л гэх байсан. Тиймээс танд дахиж хэзээ ч олдохгүй боломж гарч ирсэн бол мэдээж түүнийгээ чанга атга.

Эсхүл зүрх сэтгэл тань “now or never” “just do it now” гэж хүчтэй цохилж байгаа бол тэр мэдрэмж бас үнэний ортой байж болох. Гэхдээ сурагчийн ширээнээс буугаад амьдралд хөл тавих үед тухайн олдсон бүх боломжуудыг л алдаж боломгүй боломж мэт хардаг тал бас бий. Тэгэхээр энд сэтгэлийн хөөрлөөр биш харин бодитоор асуудалд хандаарай гэдэг санаа юм шүү.

Хуулийн сургуульд ур чадвар заадаг

Өөр оронд, гадаад улсын хууль сурч ирээд ямар ч хэрэггүй, монголд монгол улсын хууль мэддэг хүн л хэрэгтэй” гэж яахаа мэдэхгүй, шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зөвлөж байгаа хүнийг харж байсан. Энэ хамгийн буруу ойлголт бөгөөд хамгийн буруу зөвлөгөө гэж би хувьдаа боддог.

Нэгт, энэ нь нэг талаараа үнэн бөгөөд та Монголд хуулийн чиглэлээр ажиллах бол Монгол Улсын хуулийг мэдэх шаардлагатай. Жишээ нь Орост та тухайн орны хуулийг л судална. Гэхдээ хүмүүс дунд нэг өрөөсгөл ойлголт байдаг нь “хуулийн сургуульд хууль цээжилдэг” гэх ойлголт. Тэгвэл энэ ойлголтод үүгээр цэг тавих хэрэгтэй. Мэдээж явцын дунд аяндаа цээжлэгддэг ч үүний хариулт бол “үгүй”. Хуулийн сургуульд хууль хэрхэн хэрэглэх тактик, арга барил, худал үнэнийг дэнсэлж сурах, оновчтой тодорхой бичих, бичсэнээ тайлбарлаж, үзэл бодлоо үндэслэлтэй хамгаалж сурах зэрэгт суралцдаг. Тиймээс та дэлхийн аль ч улсад, ямар ч хэлээр сурсан бай дэлхий даяар нийтлэг байдаг хуульчийн ур чадварт суралцана.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Хоёрт, мэдээж орон орны хууль ялгаатай, гэхдээ хуулийн суурь зарчмууд бол эртнээс хөгжиж ирсэн бөгөөд цаг хугацааны шалгарлаар салаалан, илүү сайжирсан бөгөөд ирээдүйд ч улам сайжирна. Хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголтууд, жишээ нь гэрээ хэлцэл, гэмт хэрэг, зөрчил, хүний эрх гэх мэт нь улс орон бүрд хар цагаан өнгө шиг ялгаатай зохицуулалттай байхгүй нь мэдээж. Тэгэхээр хууль зүйн суурь зарчим, онолоо мэдсэнээр аль орны ямар хууль байхаас үл хамаараад та тухайн улсын хуулийг уншиж судлаад, өөрийн болгох бүрэн боломжтой.

Жишээлбэл, намайг оюутан байхад 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийг заадаг байсан бол төгсөөд ажил дээр гарсан чинь 2015 онд Эрүүгийн хууль тэр чигтээ шинэчлэгдээд өмнө нь сурснаас өөр болсон байсан. Гэхдээ ямар ч хууль уншиж судлаад, ойлгох, хэрэглэх чадварыг хуулийн сургуульд сурдаг учир шинэчлэгдсэн Эрүүгийн хуулиа уншаад, ойлгоод, хэрэглэхэд асуудал бол байгаагүй. Тиймээс гадаад улсад хуулийн чиглэлээр сурч Монголдоо ирээд, Монгол Улсынхаа хуулийг судлаад, хуульчаараа ажиллаад явахад тийм ч хүндрэлтэй асуудал байхгүй болов уу.

Эрх зүйн системийн ялгаа

Монгол Улс болон дэлхийн ихэнх улс эх газрын эрх зүйн систем буюу civil law system-д хамаардаг. Уг эрх зүйн системд “хууль” хамгийн дээд хүчин чадалтай бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ баримтлах гол баримт бичиг болдог. Харин нийтлэг эрх зүйн систем буюу common law system-д АНУ, Англи, Австрали гэх зэрэг цөөхөн улс хамаардаг бөгөөд энэ эрх зүйн системд “шүүхийн шийдвэр” дээд хүчин чадалтай байдаг. Эрх зүйн систем өөр байх нь мэдээж уншиж судлах хууль, шүүхийн шийдвэр нь арай өөр байх боловч миний дээр дурдсанчлан та хуулийн сургуульд хууль цээжлэхгүй бөгөөд дэлхийн аль ч улсад хуульчийн эзэмшсэн байх ёстой нийтлэг ур чадвар, ёс зүй, арга техникт л суралцана шүү дээ.

АНУ-ын эрх зүйн боловсролын системийн ялгаа

Хэрвээ та АНУ-д хуулийн чиглэлээр бакалавр хийхээр сонирхож байгаа бол анхаарлаа хандуулна уу. АНУ-д хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг гэж байхгүй. Учир нь тэдний эрх зүйн боловсролын систем дэлхийн “бараг” бүх орноос өөр (Австрали, Канад бас төстэй байх). АНУ-д хуулийн сургуульд орохын тулд та ямар нэг (ямар ч мэргэжил байж болно) мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой бөгөөд тэрний дараа LSAC гэж шалгалт өгөөд тэнцвэл хуулийн сургуульд орж эрх зүйн хамгийн эхний эрдмийн зэрэг болох J.D. (Juris Doctor) зэрэг авдаг. J.D. зэрэг авсны дараа та LL.M. (Master of Laws) буюу магистр, бүр цаашлаад S.J.D. (Doctor of Juridical Science) буюу докторын зэрэг хамгаалах боломж бүрдэнэ. Тиймээс та Монголдоо эсхүл АНУ-д бакалаврын зэрэг ямарваа нэг хүссэн мэргэжлээрээ эзэмшээд тэгсний дараа АНУ-д хуулийн сургуульд суралцах боломжтой болно.

Таны хуульч болох зам нь дардан байг.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!