Өнөөдөр:2024-05-20

Орос хэлний бэлтгэлд онлайнаар сурсан тэмдэглэл

Намайг Ундрахбаярын Мөнхтунгалаг гэдэг. Өнгөрсөн жилийн өдийд Орос хэлээр ганцхан “Меня зовут Мунхтунгалаг” гэж л хэлж чаддаг байсан охин төсөөлшгүй байдлаар Москвагийн “Российский государственный социальный университет”-д 10 сараас эхлэн энэ оны 6 сар хүртэл нийтдээ 9 сарын хугацаанд онлайнаар сурчихсан сууж байна.

Хамгийн анх хичээлдээ онлайнаар ороод зөндөө гадаад хүмүүстэй үсгээс нь Орос хэлийг сурахад “Өө ийм амархан хичээлүүд л орох юм уу? Үсгийг нь мэднэ шд ээ” гэж өөртөө итгэлтэй явж байж билээ. Гэтэл жилийн дараа хэл гэдэг тоглоом биш юм байна гэдгийг ойлгосон юм.

Баяр хүргэе, Та ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн байна.

Бүр эхнээс нь дэс дараалалтайгаар бичих юм бол намар намайг Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгчхөөд Монголд их сургуульдаа элсчихсэн, сурч байхад оросын боловсролын яам буюу РЦНК –аас залгаад “Баяр хүргэе, Та оросын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн байна. Та тэтгэлгээ авахын тулд 2 хоногийн дотор эмнэлэгт очиж энэ маягтыг бөглүүлж, шинжилгээ өгөөд түүнийгээ орос хэл дээр орчуулуулаад сайт дотроо оруулах ёстой” гэхэд аль хэдийн сургуульдаа орчихсон надад итгэмээргүй санагдаж билээ.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Тухайн үедээ гайхаад “За юмыг яаж мэдэх вэ? Очиж маягтаа бөглүүлээд оруулаад л үзье” гэж бодогдоод 2 хоногийн дотор онлайнаар сургуулийнхаа хичээлүүдэд суунгаа маягтаа бөглүүлээд өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа мэйлээр та “РГСУ” -д энэ жил хэлний бэлтгэлд сууна гэсэн мэйл ирсэн. Тэгээд л хичээлдээ яаж суух, ямар ангид орсон талаар ямар ч мэдлэггүй, удахгүй мэдээлэл ирэх байх гэж найдаад л 2 долоо хоног хүлээлээ. Гэтэл ямар ч хариу ирдэггүй. Гайхаад манай сургуульд Монгол оюутнууд сурдаг талаар хайж үзээд сургуулийнхаа оюутантай холбогдтол өөрөө мэйл бичиж мэдээллээ авахгүй л бол хариу ирдэггүй шүү гэж хэлэнгүүт нь өөрөө сургуультайгаа холбогдож хичээлдээ сууснаар миний онлайн хэлний бэлтгэл эхэлсэн юм.

Би Монголдоо их сургуулийн хичээлүүдээ үзээд эхэлчихсэн байсан тул дундаас хаяхыг хүсэлгүй хэлний бэлтгэлдээ хичээлийнхээ хажуугаар давхар суухаар боллоо. Дээр дурдсанчлан эхний хэдэн хичээлүүд дээр дандаа үсгээ үзсэн тул хоёр сургуулийн хичээлээ хамт авч явах амархан байлаа. Бүх семинар болон лекцүүдээ өглөө нь шахаад сонгочихсон байсан болохоор бүр амар. Өглөө нь их сургуулийн хичээлээ аваад өдөр нь хэлний бэлтгэлдээ орой нь сургуулийнхаа клубд явах гэх мэт завгүй цагийн хуваариар явлаа. Оюутнууд угаасаа л иймэрхүү завгүй цагийн хуваарьтай байдаг хойно.

Москвагаас онлайнаар хичээл авахын нэг хэцүү зүйл нь Монголоос таван цагийн зөрүүтэй. Манайд өдөр 1 цаг болж байхад тэнд өглөө 8 цаг болж байх жишээний. Хэлний бэлтгэл ороод сар өнгөрөхөд нэмэлт хичээл гэж долоо хоногт 2 удаа Москвагийн цагаар 16 цагаас хичээл орохоор болсон нь Монгол ийн цагаар оройн 21 цаг. Мөн хэдэн сарын дараагаас нэмэлтээр мэргэжлийн суурь хичээлүүд үзээд ирэнгүүт цагийн хуваариа зохицуулах хэрэгтэй болох гэх мэт.

Та хаана байгаа, ямар хэл сурахаас үл хамааран хэрвээ үнэхээр хүсэх л юм бол хаанаас ч сурч болдог юм шүү

Хэлийг орчинд нь биш онлайнаар авч байгаа тул хичээлүүдээ сайн ойлгохгүй аль эсвэл сурах явц нь удаан гэх мэт хүндрэлүүд гарч байсан тул бага багаар өөрийнхөө харж, сонсож байгаа зүйлүүдээ орос болгож эхэлсэн. Жишээлбэл: Инстаграмм дээрээ олон орос хүмүүс дагах, орос дуу сонсох, ойлгохгүй ч гэсэн орос кино англи хадмалтай үзэх гэх мэт. Нэг мэдэхэд анх сонсоод утгыг нь ойлгохгүй байсан дуунуудаа бага багаар ойлгодог болчихсон байсан.

“Гадаадад сурах гарц” номын захиалга энд дарж өгөөрэй. Танд TomYo аппын эрх дагалдах болно.

Ингээд 7 сарын дараагаас хэлний бэлтгэлийн сертификат олгох шалгалт удахгүй болно гэдгийг мэдээд бага багаар бэлдэж эхэлсэн. Учир нь хэрвээ энэ шалгалтыг давахгүй бол их сургуульдаа сурах боломжгүй болох тул үсгээс нь эхэлж үзсэн надад их л хэцүү санагдсан юм л даа. Гэхдээ одоо энэ тэмдэглэлийг бичиж суухдаа аль хэдийн тэрхүү шалгалтаа давчихсан тэр үеийн мэдрэмжүүдээ хүмүүстэй хуваалцахаар сууж байна.

Эцэст нь хэлэхэд та хаана байгаа, ямар хэл сурахаас үл хамааран хэрвээ үнэхээр хүсэх л юм бол хаанаас ч сурч болдог юм шүү гэдгийг хэлэхийг хүслээ. Миний мэдрэмжээр энэ хүртэл аялан, уншиж дуусгасанд баярлалаа.

Хэрэв танд санал хүсэлт байвал надтай дараах хаягаар холбогдоорой.

Facebook: Munkhtungalag

Instagram: @munkhtungalagm

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!