Хууль зүйн карьерийнхээ дараагийн аяллаа эхлүүлэх гээд судалж байна уу? LL.M. буюу хууль зүйн магистрын зэргээ гадаад улсад, тэр дундаа АНУ-д хийхээр төлөвлөж байна уу? Ямар сургуульд сурах вэ, сургуулиа хэрхэн зөв сонгох вэ гээд хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд энэ өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрөөж, мөрөөдөлдөө нэг алхам ойртоход тань туслах үүднээс өөрийн бяцхан туршлагаасаа хуваалцая.
1. Эхний алхам
Санхүү, эдийн засгаас өөр мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан хүмүүс шууд MBA зэрэг хамгаалж болдог шиг хуулиар анхлан суралцаагүй хүмүүс хуулийн чиглэлээр магистр хамгаалж болдог эсэх талаар их асуудаг. Тэгвэл товчхондоо хариулт нь “болохгүй” учир нь юун түрүүнд та эхлээд заавал хууль зүйн бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагатай.
2. Том зургаар харах
LL.M. буюу хууль зүйн магистраа хаана, хэрхэн яаж хийх талаараа том зураглалтай болж, хүрэх цэгээ тодорхойлох хэрэгтэй. Хаана гэдэгт дотооддоо юу, гадаадад уу, гадаадад бол ямар эрх зүйн системтэй газар оронд, эсхүл ямар тив, оронд хийх вэ гэдгээ бодох. Жишээлбэл, би заавал нийтлэг эрх зүйн системтэй улс, тэр дундаа АНУ-д магистраа хиймээр байна учир нь би АНУ-д хуульчийн шалгалт өгч олон улсын хэмжээний хуульч болмоор байна эсхүл би Европт тэр дундаа Германд сурмаар байна гэх мэт. Ингэж том дүр зургаар ирээдүйгээ харж шийдвэр гаргах нь сэтгэл хөөрлөөр эсхүл хэн нэгний үгээр шийдвэр гаргах эсхүл өөрт тохирсон сургуулиа олж чадахгүй цаг алдахаас сэргийлнэ.
3. Сургууль сонголт
Хэрэв та дээр дурдсанчлан том зургаар ирээдүйгээ хараад, хүрэх цэгээ тодорхойлсон бол дараагийн алхам болох сургууль сонголтоо хийх нь танд илүү хялбар байх болно. Дэлхийн олон их сургуулиудаас яаж өөрт тохирох сургуулиа сонгох вэ гэвэл таны зорилго, мэргэших салбар, санхүүгийн байдал, цаг агаар, орчин нөхцөл гээд олон хүчин зүйлсүүдийг харгалзаж, дэнсэлж үзсэний үндсэн дээр олон сонголтууд дундаас шигшиж эхэлнэ.
Эхний шатны шигших шалгуур бол таны зорилго Ivy League сургуулиудад орох эсхүл Нью Йорк хотод байрладаг сургууль, эсхүл өртөг бага хотуудад байрладаг сургууль, эсхүл хамаатны ах эгч, танилууд байдаг хотод байдаг сургууль, эсхүл Монголоос олон хүн сурч байсан эсхүл өмнө нь Монголоос огт хүн сурч байгаагүй тийм сургуульд сурна гэх мэтчилэн сонголтуудаа хязгаарлаж эхлэх нь зүйтэй.
Англи хэлний анхан шатны хөтөлбөр эхэллээ. Бүртгүүлэх бол энд дарна уу.
Ингэснээр хамгийн багадаа 20 – 30 сургууль таны сонголтод үлдэх ба эдгээр сургуулиудаа нэг бүрчлэн үзэж танилцана. Дараагийн шатны шигших шалгуур бол тэтгэлэг, хичээлийн сонголт, өргөдөл гаргагчид тавигдах шаардлагууд, багш нар, сургуулийн нэр хүнд гэх зэрэг илүү нарийвчилсан асуудлуудыг анхаарч харах хэрэгтэй болно. Эдгээр үзүүлэлтүүдийн дагуу сургуулиудаас шигшвэл таны сонголтод 5 хүрэхгүй сүргууль үлдэх болно.
Ихэнх гадагшаа сурах гэж буй хүмүүс хамгийн багадаа 2-3 сургуульд өргөдөл гаргадаг ба дунджаар 5 сургуульд өргөдөл явуулдаг. Учир нь нэгэнт цаг зав, хөрөнгө мөнгө зараад сурах гэж буй учир олон сонголтоос хамгийн өөртөө тохирох, сайныг нь сонгохын тулд, мөн өөрийгөө сорьж үзэх үүднээс 2-5 сургуульд өргөдөл гардаг байх нь. Ингээд таны өргөдлөө явуулсан сургуулиудаас 1-2 сургууль таныг сургуульдаа урьж, үлдсэн нь таны өргөдлийг хянаж үзээд татгалзсан хариу өгнө эсхүл хүлээлэгт оруулна. Гэхдээ мэдээж өргөдлөө явуулсан бүх сургуулиуд тан таныг авахыг хүсэж ч болно эсхүл бүгд татгалзаж ч болох магадлалтайг бодолцоорой.
Ингээд эцсийн алхам буюу таныг урьсан сургуулиудаас өөрт хамгийн тохирохоо сонгох нь 100% таны сонголтын асуудал юм шүү.
4. Тэтгэлэг
Гадаадад сурахад 2 төрлийн гол санхүүгийн дэмжлэг байдаг ба нэг нь Засгийн газрын болон хувийн сан зэргээс олгодог тэтгэлэг байдаг бол нөгөө нь сургууль өөрөө сургалтын төлбөрийг 100% хүртэлх хувиар хөнгөлөх (үүнд амьдрах зардал болон сар бүрийн тэтгэмж ордоггүй) замаар тэтгэлэг олгох явдал юм.
Зарим сургууль бүтэн эсхүл хагас тэтгэлэг олгодог бол зарим нь бүр тэтгэлэг олгохгүй гээд биччихсэн байдаг. Тухайн сургууль тэтгэлэг олгох бол “merit based” буюу таны академик болон ажлын амжилтаас хараад таныг тэр сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж явах хэмжээний хүн гэж итгэсэн тохиолдолд олгодог бол “need based” нь санхүүгийн чадамжгүй гэдгээ нотолсон тохиолдолд олгогддог тэтгэлгүүд юм. “Merit based” тэтгэлгийн хувьд ажлын туршлагатай байх тусдаа өндөр тэтгэлэг авах боломжтой гэсэн үг. Гэхдээ заавал шаардлагатай байх албагүй. Тухайн тэтгэлэг олгогдох хамгийн наад захын шалгуур үзүүлэлтүүдийг жагсаачихсан байдаг бөгөөд сургууль сургуулиасаа хамаараад өөр өөр байдаг гэдгийг анхаарна уу. Тиймээс тухайн сургуулийнхаа цахим хуудасруу ороод LL.M program – Scholarships гэсэн хэсэгрүү ороод тэтгэлэг олгодог эсэхийг нь нягтлан, дэлгэрүүлэн судалж үзээрэй.
Жишээлбэл, АНУ-ын топ сургуулиудын нэг болох The George Washington University Law School-ийн олгодог тэтгэлгийн мэдээллийг доорх зурагнаас харвал бүх магистрын хөтөлбөрт доорх тэтгэлгийн сонголтууд байдаг бөгөөд та тусдаа тэтгэлгийн өргөдөл явуулах шаардлагагүй автоматаар тэтгэлгийн өргөдөлд хамрагддаг гэсэн үг. Гэхдээ ихэнх сургуулиуд тэтгэлгийн өргөдөл тусдаа явуулах шаардлага тавьдаг гэдгийг анхаарна уу. Гэхдээ миний туршлагаас үзвэл түрүүлж өргөдлөө явуулах тусмаа илүү их тэтгэлэг авах боломжтой байдаг. Учир нь бүх өргөдлүүдийг авч дууссаны дараа тэтгэлэг олгох эсэх шийдвэр гардаггүй харин өргөдөл ирэх бүрт тэр дор нь тэтгэлэг олгох эсэх, олговол хэдэн хувиар олгох эсэхээ шийдвэрлэдэг учир та хамгийн мундаг өргөдөл гаргагч байсан ч тэтгэлгийн сан аль хэдийн хуваарилагдаад дууссан бол танд бага тэтгэлэг олгох эсхүл тэтгэлэг олгох хөрөнгө үлдээгүй ч байх магадлалтай.
5. Өргөдлөө бэлдэх
Тухайн сургуулийнхаа цахим хуудасруу ороод LL.M program requirements гэсэн хэсэгт бичсэн мэдээллийг олоод, тухайн магистрын хөтөлбөрт орохын тулд та ямар шаардлагуудыг хангасан байх шаардлагатайг харж болно.
Хамгийн их асуудаг асуулт болох ажлын туршлага шаардлагатай юу гэдэг дээр ажлын туршлага шаарддаггүй ч сургууль бүрээс хамаараад янз янз. Гэхдээ ажлын туршлага шаардлагагүй байдаг гээд сургуулиа төгсөөд шууд явах гээд яараад хэрэггүй. Ажлын бага ч гэсэн туршлагатай байх нь илүү ихийг сурч мэдэх, практик дээр гардаг асуудалдаа шийдэл олох гэх мэтээр илүү давуу талтай санагддаг.
CV болон personal statement бол зайлшгүй шаардлагатай баримт бичгүүдийн нэг боловч энийг хэрхэн бэлдэх талаар олон нийтлэл байдаг учир энд дурдалгүй орхиё.
АНУ-д LL.M. хөтөлбөрт сурахад LSAT шалгалт шаардлагагүй харин JD буюу juris doctor хөтөлбөрт сурах бол шаардагддаг.
Таны бүх материалаа бэлэн болоод АНУ дах хуулийн сургуульруугаа өргөдлөө явуулах цаг боллоо гэж бодъё тэгвэл 2 янзаар өргөдлөө сургуульруугаа явуулдаг ба нэг нь, шууд сургуульруугаа имэйлээр эсхүл шуудангаар явуулдаг бол нөгөө нь, LSAC буюу law school admission council-оор дамжуулан өргөдлөө явуулахыг ихэнх том хуулийн сургуулиуд шаарддаг. LSAC нь тусдаа бие даасан байгууллага бөгөөд АНУ-д байдаг ихэнх хуулийн сургуулиудын өргөдлийг хүлээж аваад, бүрдлийг нь (дотоод агуулгыг нь биш учир нь сургууль өөрөө агуулгыг нь шалгана) шалгаад цааш нь холбогдох сургуульруу нь шилжүүлдэг байгууллага юм. Томоохон хуулийн сургуулиуд жилдээ хэдэн мянган элсэх өргөдөл хүлээн авдаг ба тэдгээрийн бүрдлийг шалгаж цаг алдахгүйн тулд уг байгууллагын үйлчилгээг авдаг гэсэн үг. Тиймээс LSAC нь бүрдэл бүрэн, үнэн зөв өргөдөл гэдгийг нь хянаж үзээд, өргөдөл гаргасан сургуульруу нь материалыг шилжүүлмэгц тухайн сургууль өргөдлийн агуулгыг нь хянан үзэж, хариугаа гаргадаг байна.
6. Ажиллах боломж
OPT буюу optional professional training гээд сургуулиа төгсөөд 1 жил АНУ-д мэргэжлээрээ цалинтай дадлага хийх, ажиллах боломж байдаг ба эрдмийн зэрэг хамгаалж буй хэн бүхэнд нээлттэй байдаг. Гол нь цаг тухайд нь ажиллах зөвшөөрөл авах өргөдлөө явуулах нь л чухал. Доорх линкээр ороод та илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
7. АНУ-д хуульч болох боломж
АНУ-д хууль зүйн магистр зэрэг хамгаалсан бол АНУ-ын тодорхой мужуудад (гэхдээ бүгд биш), жишээ нь Нью Йорк мужид, хуульчийн шалгалт өгч, тэнцвэл хуульч, өмгөөлөлч болох боломж байдаг. Энэ талаар та бүхэнд тусдаа нийтлэлээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Ингээд та бүхнийхээ эрдмийн их аянд амжилт хүсье.