Өнөөдөр:2024-05-20

Мэргэжлийн дадлага хийх хэрэгтэй юу?

Мэргэжлийн дадлага нь байгууллага, аж ахуйн нэгжээс таны сурч байгаа чиглэлээр эсхүл сонирхож буй чиглэлээр танд санал болгож буй богино хугацааны ажлын туршлага юм.

Мэргэжлийн дадлагыг зөвхөн оюутнууд гэлтгүй ахлах сургуулиа төгсөөд оюутны ширээрүү шилжих гэж буй сурагчид ч мөн адил хийхэд буруудахгүй бөгөөд энэ туршлага нь танд бодит амьдралын талаар мөн ирээдүйд сурах чиглэлийн тань талаар төсөөлөл өгөх болно.

АНУ-д их дээд сургуульд сурах нь зардал өртөг өндөр байдаг учир хууль, анагаах, санхүү гэх нарийн мэргэшил шаарддаг салбар л биш бол тэнд бакалаврын зэргээс илүүтэйгээр туршлага, туршлага бас дахин туршлага хардаг.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Энэ нь таныг сургуульд явахын оронд туршлага хуримтлуул гэсэн үг биш харин туршлага таны дипломтой дүйцэхүйц хэмжээний чухал шүү гэдэг санаа юм.

Одоо харьцангуй дан ганц диплом гэлтгүйгээр soft skill буюу бусадтай харилцах чадвар, хувийн зохион байгуулалт, багаар ажиллах чадвар гээд хувь хүний шинж чанарыг их хардаг болсон. Энэ нь хүний нөөцийн зах зээл дээр байгаа ажиллах хүчний ур чадвар, мэдлэг боловсрол харьцангуй өндөр болсонтой холбоотойгоор дан ганц дипломоор тухайн хүнийг үнэлж дүгнэх хангалтгүй болсонтой ч холбоотой байх.

Оюутан бол төгсөхөөсөө өмнө хичээлүүдийнхээ хажуугаар, зуны амралтаараа цалинтай, цалингүй дадлага мэргэжлээрээ аль болох их хийх нь зүйтэй. АНУ-д бол томоохон хуулийн фирмүүд summer associate гэдэг программтай байдаг бөгөөд энэ нь ирээдүйн боловсон хүчнээ тэр төгсөх ангийн оюутнууд дундаас шигшиж авах зорилготой байдаг. Зуны турш тэдгээр шалгарсан оюутнуудыг фирм болон хийгдэж буй төслүүдтэйгээ танилцуулж, олон сорилт даалгавруудыг өгөх замаар нэгт тухайн оюутнуудыг туршлагажуулж, хоёрт тэр дундаас чадвартай нэг оюутанд тухайн фирмд үлдэж ажиллах санал тавьдаг.

Ингээд та дадлага хийхээр шийдсэн бол хэрхэн дадлага хийх газраа зөв сонгох вэ гэж гайхаж байж магад. Оюутан байх хугацаандаа ганцхан газар дадлага хийхгүй нь мэдээж бөгөөд багадаа 2 төрлийн газар дадлага хийж үзэх хэрэгтэй. Нэгт нь жижиг газар буюу цөөхөн ажилтантай хирнээ ажил ихтэй газар. Тэнд та хэлбэр хөөхөөс илүү ажилд нь гар бие оролцон, өөрийнхөө ур чадварыг дээшлүүлээд зогсохгүй тухайн байгууллагын жинхэнэ ажилтан мэт ажиллах боломжтой байдаг.

Хоёрт нь том газар буюу нүсэр бүтэцтэй том корпорацад ажиллаж, дадлага хийх хэрэгтэй. Тэнд та компанийн соёл, зөв зохистой хувцаслах, биеэ авч явах, бусадтай харилцах гээд компанийн өндөр соёлд суралцах, өргөн хүрээний хүмүүстэй танилцах боломжтой.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Хаана ч дадлага хийсэн бай дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

  1. Дадлага хийж байгаа газрынхаа хүмүүстэй танилц. Энэ нь танилын хүрээгээ тэлэх асар том боломж. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байж огтоос болохгүй. Ядаж л тухайн хүмүүс танд дараа нь “recommendation letter” бичиж өгөх хэмжээнд таныг мэддэг байвал зүгээр.
  2. Хийсэн ажлынхаа талаар дадлагажуулагчаасаа санал бодлыг нь сонсох, дараа дараагийн хийх ажил дээрээ тухайн хүний хэлснийг тусгаад, нэг алдаагаа давталгүй ажлын үр дүнгээ улам сайжруулаарай.
  3. Хувь хүнийхээ хувьд, мэргэжил ур чадварынхаа хувьд нэг ч болтугай шинэ зүйл сурч авахыг оролдох хэрэгтэй. Цагийг зүгээр сууж өнгөрөөж л болохгүй.
  4. Мэргэжлийн бай. Үүнд: цаг барих, зохистой хувцаслалт, бусадтай харилцах чадвар зэрэг хамаарна.

Дээрх зүйлсийг та анхаараад дадлагаа чин сэтгэлээсээ хийх аваас магадгүй таныг тухайн байгууллага чинь үргэлжлүүлээд цалинтай дадлага хийх эсхүл бүр ажилд авах санал тавьж ч болох юм. Тиймээс зогсолтгүй урагшилж, бууж өгөлгүй хичээгээрэй!

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!