Өнөөдөр:2025-02-08

Өөрөө түрүүлж цаг үетэйгээ хөл нийлүүлж байж ирээдүйн боловсон хүчинг бэлтгэнэ

Энэ удаагийн ярилцлагаар TomYo сургуулийн хөгжмийн багш, амьд хөгжмийн “Jam house” блюз хамтлагийн гоцлол дуучин Энхтүвшингийн Алтаннамар багштай ярилцлаа.

Яагаад багшаар ажиллах болсон бэ?

Би дунд сургуулиа нийслэлийн 93-р дунд сургуулийг сурч төгссөн. Миний хувьд бага ангидаа дуулах хоббидоо хөтлөгдөн сургуулийн хичээлээс илүүтэйгээр Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланруу гүйх нь их аз жаргалтай байсан нь тод санагдаж байна. Гэвч ахлах сургуулиа төгсөх үедээ  тоо физикийн олимпиад гэж явсаар ШУТИС-ийн барилгын инженерийн ангид орчихсон юм. Яг дуртай зүйлээсээ тэс хөндлөн мэргэжлээр сурч байсан тэр үе минь миний амьдралын төөрөлдсөн он жилүүдийн нэг хэсэг байсан байх. Хэнээс хэрхэн зөвлөгөө авахаа мэдэхгүй, амьдрал гэж ийм л байдаг юм байх даа? гээд л сурч байсан байх. (Инээв) Гэсэн хэдий ч хожим нь хүсэл мөрөөдлөө даган СУИС-д элсэн ороод дуртай юмандаа жинхэнэ сурч мэдэхийн араас явж эхлэв. Удалгүй ХБК дээр байрладаг “GMUB” германы жазз хөгжмийн сургуулийн төсөл дээр зочин оюутнаар суралцаж эхлэхэд тэндэхийн Монгол болон гадаад багш нарын хандлага, хичээлийн агуулгыг нь хараад нүдний хөшиг нээгдэх шиг л болсон. Энэ хугацаанд анзаарсан гол зүйл минь юу вэ? гэхээр яг над шиг урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд зөв, дөт замаа олоход нь тусалж чадах юм шиг байна гэсэн сэтгэгдэл төрж анх багшлах сэдэл минь эхэлсэн.

Багш хүн угаасаа төрмөл байдаг уу? Эсвэл бэлтгэгдэж бий болдог уу?

Сайн багшийн цаана үргэлж үлгэр дуурайлал авсан сайн багш байдаг гэлцдэг. Намайг 10н жилд байхад Отгонтуяа гэж “Монгол хэл”, “Уран зохиол”-ын багш байсан. Тэр багшийг хичээл ороход надад их сонирхолтой санагддаг байсан. Манай ангийнхныг утга зохиолд авттал аз жаргалтайгаар заадаг багш байлаа. Өөрөө ч их гоё хоолойтой хүн байсан л даа. Тэр үед багшийн мэргэжил гоё юмаа, гэсэн мэдрэмжийг тэр багшаас л анх авч байжээ. Түүнээс гадна манай ээж багш хүн. Гэр бүлийн хүмүүжил, найз нөхдийн хандлага ч их нөлөөлдөг юм шиг байна. Цаг хугацааны эрхээр багшийн заах арга зүй минь улам чадваржиж туршлага, дадал, мэдрэмж илүү хөгжинө гэж итгэж байна.

Надад байдаг миний мэдэх том чадваруудын нэг бол өөрийгөө илүү хөгжүүлэх оролдлого, сониуч зан гэж боддог. Өөрөө түрүүлж тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж байж би ирээдүйн сайн боловсон хүчинг бэлтгэнэ гэж бодож байна. Өнөөдөр жишээ нь би BTS, Blackpink гээд K-POP төрлийн хамтлагуудыг сонсож байж  өсвөр насны сурагчдынхаа хөгжмийн ертөнцийг илүү сайн ойлгоно шүү дээ. Шавь нараасаа яг юунд нь татагдаж байгаа талаар нь асууж тэдний сэтгэл зүйг ч давхар ойлгохыг хичээдэг.  Мэдээж багш хүн хүүхэдтэй ажиллахын тулд хүүхдэд хайртай, ээлтэй хүн байх ёстой гэж боддог. Тухайн хүүхдийн давуу талыг олж харан яаж энэ хүүхдийг илүү хөгжүүлэх вэ? талаар боддог байх нь чухал. Хайран сайхан авьяастайгаа тухайн хүүхэд өөрөө ч мэдэлгүй өнгөрвөл яана?

Багш хүн өөрөө хүүхдүүдэд үлгэр жишээ, хариуцлагатай, мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Хүүхдүүд нүдэн дээр өсөөд сайжраад ирэхэд тэрнээс л багш хүн жинхэнэ кайф мэдэрдэг юм байна лээ. 1%-н авьяасаас илүү 99% хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг шиг багшлах чадвараа үргэлж хөгжүүлж байх ёстой гэж боддог.

Монголын багш нарын өнөөгийн нөхцөл байдлын талаар

Энгийн жишээ хэлье л дээ… Япончууд боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийж байна. Боловсролын систем дээрээ ажиллаж байгаа хүмүүс нь ч ажлаа сайн хийж байна. Япон багш нарын дундаж цалин одоогийн байдлаар 3500$ орчим байна. Сайн цалинтай багшийн ажилд орохын тулд тэд өөрсдийгөө илүү хөгжүүлж, өрсөлдөөн улам хурц явагдсаар байна. Эндээс харахад хаана хөрөнгө оруулалт их байна тэр салбар илүү хөгжиж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг л… Дэлхийд өрсөлдөх баялаг бүтээе гэвэл боловсролтой иргэн бэлтгэх хэрэгтэй. Боловсрол хөгжлийг дагуулна.   

Өнөөдрийн Монголын багшийн цалин, сургалтын хангамж, номын сан, сургууль цэцэрлэг, анги кабинет, нэг хүүхдэд оногдох талбайн стандарт ямар байгааг бид бэлээхэн харж байгаа шүү дээ. Гэтэл баялаг бүтээнэ гээд янз янзын хөшөө бариад байна. Ихэнх хөгжингүй улсад нэг ангид 20-25 хүүхэд суралцах стандарттай байдаг. Ийм нөхцөлд тухайн багш 100% хүүхэд бүрд хүрч ажиллаж чадна. Гэтэл өнөөдөр Монголд нэг ангид 40-50 хүүхэд 2 ээлжээр суралцаж байна.

Гэхдээ л манай багш нар хүүхдүүддээ мэддэг чаддаг бүхнээ зааж сургах юмсан гэсэн чин сэтгэлээр ажилласаар байгаа. 

Боловсролын системийг таны бодлоор яаж сайжруулах вэ?

Хамгийн эхэнд бид багш нараа анхнаас нь сайн боловсон хүчин болгон бэлтгэх хэрэгтэй байна. Боловсролын системдээ нэн даруй реформ хийх шаардлагатай үе ирээд байна. Яг мэргэжлийн хүмүүсийг нь яамдууд дээрээ ажиллуулмаар байна. Танил талаараа ажилд ордог системийг халмаар байна. Үүнийг арилгахад сөрөг нөлөө үзүүлж буй хамгийн том дайсан бол авилгал, хээл хахууль гэж би хардаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг дээ.

Манай ЕБС-ийн Хөгжмийн хичээлийн хөтөлбөрийн нийт агуулгын дийлэнх нэгж сэдэв нь тооцоо судалгаагүй, мэргэжлийн бус, яг хөрсөн дээр буудаггүй хөтөлбөр байгаа нь илт мэдрэгддэг. Одоо ч гэсэн аль намайг жаахан байхад л заадаг байсан багш төвтэй хоцрогдсон заах арга барил, хуучирсан сэдвүүд үргэлжилсээр байгаа. Тэр хичээлүүд нь үнэхээр сонирхолтой байсан уу? Хэчнээн хичээл нь миний амьдралд хэрэг болсон бэ? Энэ хөтөлбөрийг бичиж байгаа хүмүүс хэдээс хэдэн насны хүүхдэд юу заавал илүү үр дүнтэй вэ? талаар судлахгүйгээр хүүхдийн толгойруу амьдралд нь хэрэг болохгүй мэдээллээр бөмбөгдөөд байгаа юм шиг санагддаг. Жишээлбэл 2-р ангийн хүүхэд цэцэг жимс дуулж байх нас нь атал Чингисийн Монгол дуулаад явах хэрэг байна уу?

Бас нэг юм нэмээд хэлэхэд сурах бичгийн сонсох хичээлд дагалддаг CD нь хэн нэгний шахааны бизнес, мөнгө идэлт шиг харагдаад байдаг. Одоо цагт хэдэн хүний хэд нь CD сонсдог бол? Youtube гээд маш том үнэгүй платформ байхад яагаад үүнийг ашиглаж болохгүй гэж? Эсвэл яагаад өөрсдийн платформтой улс байж болж болдоггүй юм бол? Уг нь бол өөрсдийгөө цахим үндэстэн гэж яриад байдаг биз дээ? Эцэст нь нөгөө зурагдсан CD нь сургуулийн номын сангийн хог, үргүй зардал болоод дуусдаг гэх мэт хэлмээр байгаа учир дутагдалтай олон зүйл ажиглагддаг. 

Таны сурагчидтайгаа ямар арга барилыг ашиглан харилцдаг вэ?

Ер нь дуу хөгжмийн хичээлийг би хүүхдийн хувьд залхаан цээрлүүлэлтийн цаг бус амьдралынх нь аз жаргалтай мөч нь байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч гэрийн даалгавраар дараад байдаггүй. Харин дундаас дээш ангийн сурагчдад сонирхсон сэдвээр нь бие даан суралцах судалгааны сэдвүүд өгдөг. Хүүхдүүд өөрсдөө дуртай зүйлээ судлан, бусдадаа тайлагнан ойлгуулах нь хүүхэд насанд нь үлдэх том дурсамжуудынх нь нэг юм.

Миний хувьд бага насны хүүхдийн хоолойн өнгө, сонсгол хэмнэлийг нь хөгжүүлэх дасгал дээр илүү түлхүү анхаарч үндэс суурийг нь зөв тавихыг хичээдэг. Эцэг эхчүүд хүүхэд нь ямар ч хамаагүй дуу сурч л байвал манай хүүхэд юм сурч л байгаа юм байна  гэсэн эндүү ойлголттой яваад байдаг. Дуулж сурахын өмнө амьсгалаа зөв хуваарилах техник, хөгжим тоглохын өмнө хурууны зөв тавил эзэмших гэх мэт зайлшгүй сурах ёстой зүйлс бий.

Сүүлийн үед багш, сурагч, гэр бүл гэсэн гурвалсан уялдаа маш чухал болоод байна. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ аль нэг сургуульд өгөөд л хаячихдаг. Эсрэгээрээ хүүхдэд нь тухайн багш яг хэрэгтэй юм зааж байна уу? Багштай яаж хамтран ажиллах вэ? Хүүхэд нь хэн болж өсөж байна вэ? гэдгийг нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй санагддаг. 

Ерөнхийд нь хэлэхэд аливаа хүүхэд хөгжмийн хичээлийг судалснаар урлагийн зөв төлөвшилттэй, дуурь балет үзсэн ч биеэ зөв аваад явчихдаг, үндэсний урлагаа бусдад сурталчихдаг, хөгжмийн түүх, онолын үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй, ямар төрөл жанрын хөгжим сонсож байгаагаа бусдаар хэлүүлэлтгүй мэддэг, мэдэрдэг,  соёлтой нэгэн болж хүмүүжээсэй гэж хүсдэг дээ.

Үндэсний томьёо 2022 сорил хэр үр өгөөжтэй байх бол?

Үндэсний Томьёо 2022 багш нарын дундах сорил нь зурагтаар олон нийтэд хүрэх учир хүүхдүүд тухайн нэвтрүүлгийг үзээд багш гэдэг ийм гоё мэргэжил юм байна гэсэн мэдрэмжийг авна гэж итгэж байна. Мэдээж энэ сорилд бусдаасаа ур чадвар, мэдлэг, заах арга зүйн хувьд сайн багш нар л шигшигдэн үлдэж сургалтын систем, заах аргыг дараагийн түвшинд аваачсан, багшийн үнэлэмжийг өндөрт өргөсөн сорил болно гэж итгэж байна. Бидний зохион байгуулж буй уг сорилд та өөрийгөө сориод үзэхэд алдах юм байхгүйгээс гадна өөрийгөө харуулах сайхан боломж гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд оролцож буй бүх багш нартаа өндрөөс өндөр амжилт хүсье!


Үндэсний томьёо 2022 багш, сурагчдын их сорилын бүртгэл хийгдэж байна. Яг одоо доорх линкээр орж бүртгүүлээрэй.

👉 https://test.tomyo.edu.mn/

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!