Өнөөдөр:2024-05-20

HSK шалгалт гэж юу вэ?

HSK шалгалт буюу хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт өгөх гэж буй залуусдаа зориулан энэхүү шалгалтын талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэхүү шалгалтыг БНХАУ-ын Боловсролын яамны харьяа, мөн Күнзийн институтийг хариуцдаг Ханбан (汉 办)-аас зохион байгуулдаг билээ. Бусад хэлний түвшин тогтоох шалгалтын адилаар HSK-ийг Хятадын их дээд сургуулиуд гадаад оюутан элсүүлэх шаардлагаа болгон ашигладаг. Үүнээс гадна Хятад хэлний түвшин тогтоолгох, баталгаажуулахыг хүссэн хүн бүрд нээлттэй.

HSK ШАЛГАЛТЫН ШИНЭЧЛЭЛТ

HSK шалгалтын 1990-2009 оны хугацаанд ашиглагдаж байсан анхны хувилбар нь HSK үндсэн, HSK анхан шатнаас дунд, HSK ахисан гэсэн гурван дэд шалгалтаас бүрддэг байжээ. Шалгалт 11 хүртэлх түвшний онооны системийг ашиглахаас гадна Ази оюутнуудад чиглэсэн хандлагатай байв. Тиймээс 11-р түвшинд дорнын түүх болон соёлын мэдлэггүйгээр хүрэх бараг л боломжгүй гэгддэг байсан аж. 

Харин өрнийн оюутнууд HSK шалгалтыг дорнын түүх, соёлын мэдээллийг хэт ихээр ашигласан, практик бус хэмээн шүүмжилсний улмаас 2009 оны сүүлээр шалгалтын бүтцэд асар их хэмжээний шинэчлэлт хийгдсэн гэдэг. Уг өөрчлөлтийн хүрээнд тестийн үндсэн загвар болон үнэлгээний систем шинэчлэгдэж, үгийн сангийн хэмжээ ч илт мэдэгдэхүйцээр багассан байна. 

Үүнээс хойш саяхныг хүртэл хятад хэлний мэдлэгийг HSK 1 (үндсэн)-ээс HSK 6 (ахисан шат) хүртэлх зургаан түвшингээр хэмждэг байсан ч өнгөрсөн оны тавдугаар сард HSK тест дахин шинэчлэгдэх гэж байгаа тухай мэдээлэл гарсан билээ

ШИНЭ HSK

Шинэчлэгдсэн HSK нь анхан, дунд, гүнзгий гэсэн гурван шатнаас бүрдэх бөгөөд анхан шатанд 1-3-р түвшин, дунд шатанд 4-6-р түвшин, гүнзгий шатанд 7-9-р түвшин харьяалагдана. Мөн энэ удаад ярианы шалгалтыг түвшин бүрд өгөх ёстой болсон.

HSK ШАЛГАЛТЫГ ӨГӨХ ДӨРВӨН ШАЛТГААН

1. ХЯТАДЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖ

Хэрэв та Хятад Улсад дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа бол хятад хэлний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Харин уг хэлийг чухам ямар түвшинд эзэмших нь суралцах сургууль болон мэргэжлээс тань хамаарах юм. 

Мөн HSK-ийн өндөр оноотой бол тэтгэлэгт хамрагдах боломжууд ч нээлттэй байна. 

2. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ

Улс орнууд бие биенээсээ харилцан хамааралтай болж байгаа хэдий ч олон хэлээр ярих ур чадвар танд олон олон давуу талыг бий болгоно. Мөн HSK шалгалтаар дамжуулж Хятадын соёл, түүх, ард иргэдийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой. 

3. БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ  

Хятадын компаниуд бизнесийн дийлэнх төрөлд ноёрхож байгаа өнөө үед зах зээлээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл хятад хэл сурч, гадаад түнштэй болох нь таны хийх ёстой нэн тэргүүний зүйл байх болно. 

4. ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИД АЖИЛД ОРОХ

Эх орондоо эсвэл Хятад улсад ажиллах эсэхээс тань үл хамааран HSK шалгалтын оноотой байх нь таныг ажилд ороход томоохон давуу тал болох болно. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!