Өнөөдөр:2024-05-20

GERHUB YOUNG CHANGEMAKER AWARD хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдлаа

Гэр өргөө ТББ-аас ирээдүйг өөрчлөгч оюутан залууст зориулсан Young Changemaker Award хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чин хүсэл зорилго, санаачилгатай хоёр оюутанд өөрсдийн төслийн санааг амьдрал дээр хэрэгжүүлэх ховор боломжийг олгох зуны хөтөлбөр юм. 

Сонгон шалгаруултад тэнцсэн хоёр оюутан зуны хоёр сарын хугацаанд Гэр өргөө ТББ-ын менторын дэмжлэгтэйгээр төслөө хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрт хамрагдах хугацаанд сонирхсон салбартаа тэргүүлж буй хүмүүстэй уулзана. Тэтгэлгийн дээд хэмжээ нь 3.2 сая төгрөг байх ба өөрийн боловсруулсан төслөө 2022 оны 5-р сараас 6-р сарын эцэс хүртэл хэрэгжүүлж дуусгах шаардлагатай. 

Тус хөтөлбөр нь залууст төсөл хэрэгжүүлэх замаар нийгмийн асуудлыг судлах, шинэ санааг эрэлхийлэх, өөрийн үзэл бодлоо тэлэх, санаагаа ажил хэрэг болгон турших зэрэг амьдралд хэрэгтэй чадвар, туршлага хуримтлуулах боломжийг олгохоороо онцлог юм. 

Хэн хамрагдах боломжтой вэ? 

Хөтөлбөрт хамрагдах оюутан дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

  • 2022 оны намрын улиралд 3 ба 4-р курсэд дэвшин суралцах оюутан буюу 18-22 насны залуус
  • Гадаад ба дотоодын коллеж, техник мэргэжлийн, их, дээд сургуульд сурдаг байх

Гэр өргөө ТББ хувь хүний хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, үндэс угсаа, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл зэргийг үл харгалзан сонгон шалгаруулалт хийдэг. 

Үндсэн шалгуур
  • Асуудлыг шинэ өнцгөөс харж, шинэлэг шийдэл эрэлхийлдэг
  • Өөрийгөө нээх, сорих, хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй
  • Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, бие даан ажилладаг 
  • Хариуцлагатай байдал
  • Шударга байдал
  • Төслийн санааны чанар ба хэрэгжих боломжтой эсэх 
Хэрхэн өргөдлөө илгээх вэ? 
  • Үндсэн шалгуурыг хангасан байх 
  • Өргөдлийн маягтыг тодорхой бөглөж илгээх
  • Намтар (CV)-ын маягтыг тодорхой бөглөж илгээх 

Өргөдөл илгээх холбоос: https://form.jotform.com/211063997757468 

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2022 оны 4-р сарын 19-ний Мягмар гариг

Өнгөрсөн жилийн тэтгэлэг хүртэгч Gej.bich төслийн санаачлагч Б.Үлэмжийн сэтгэгдэл:

Миний бие АНУ-ын Чикаго хотод суралцдаг. Арван жилээсээ л монгол хэл, уран зохиолын хичээлдээ хайртай байсан ба орчин цагт монголоороо ярьж, бичих нь “күүл” гэдгийг үеийнхэндээ сануулж, эх хэлний зөв зохистой хэрэглээг олон нийтэд дэлгэрүүлэхийг хүссэн. 

  1. Төслийн санааг хэрхэн олсон бэ? 

Олон жил эмзэглэсэн асуудлаа энэ хөтөлбөрөөр дамжуулан хөндөж, бодит ажил болгохыг зорьсон. 

  1. Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ? 

Багаа ойр дотны, итгэлт хоёр хүнтэйгээ, хамтран ажиллахад хамгийн тухтай бөгөөд үр бүтээлтэй байхаар бүрдүүлсэн. 

  1. Өргөдлөө бичихэд хамгийн бэрхшээлтэй байсан нэг асуудал? 

Төсөл хэрэгжиж эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авах, замд ямар саад бэрхшээл гарахыг нарийн тааж мэдэхгүй учраас төслийн хүрээнд хийх ажлыг бодит байдалд нийцүүлэн тооцоолж, төлөвлөх хамгийн хэцүү санагдсан.

Gej.bich төслийн тухай энэхүү холбоосоор орж үзээрэй. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!