Өнөөдөр:2024-05-20

И.Анар: Боломж хүнийг зүгээр сууж байхад гараад ирдэг зүйл биш

Англи хэлний багш, TomYo маркетингийн менежер И.Анарын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

Намайг Анар гэдэг. Сошиал дээр хүмүүс @annuir гэдэг нэрээр илүү сайн мэддэг. Одоо 19 настай “Americano English” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, “TomYo EdTech”-ийн маркетингийн менежер, нүүр царайгаар ажилладаг. Өөрийн контентыг хийдэг. Мөн хажуугаар нь суралцдаг.

Generation Z үеийнхний дунд маш их амжилттай, олон зүйлийг хийж бүтээж яваа юм байна. Энэхүү олон ажлыг хэрхэн амжуулдаг вэ?

Олон зүйлсийг зэрэг амжуулахын тулд цаг төлөвлөлт маш чухал байдаг. Цагаа сайн төлөвлөхийн тулд сахилга бат их шаарддаг. Би 1,3,5 дахь өдрүүдэд хичээлээ сонгочихдог учраас өглөөний цагаар эрт бүх хичээлээ дуусгачихдаг. “TomYo Edtech”-ийн хувьд цагийн хуваарь маш уян хатан учир хичээлээ дуусаад хийх ажлуудаа хийдэг. Сургалтын төвийн хувьд хийх ажлын чиглүүлгийг ажилчдадаа сайн өгчихсөн учраас санаа зоволтгүй удирдаад явдаг. 

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Ажил хийх энергиэ хэрхэн зохицуулдаг вэ? Хаанаас эрч хүч авч суралцдаг вэ? 

Өмнө нь би амралтын өдөргүй, өөртөө зарцуулах цаггүй маш удаан ажилладаг байсан. Үүнийгээ ч маш сайн ажиллаад байна аа гэж боддог байлаа. Гэвч энэ нь нэг талаараа бүтээмжгүй өөртөө ямар ч цаг гаргадаггүй байсан. Харин одоо би орой 8 цагаас эхлээд утсаа унтраагаад унтах хүртлээ өөртөө цаг гаргаж амардаг. Зарим өдөр юу ч хийлгүй өдрийн турш унтаад гэрээ цэвэрлэх, хувцсаа янзалж нохойтойгоо цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг. Энэ нь нэлээд их эрч хүч өгдөг дөө.

GAP year буюу завсар жил авч байгаа энэ үед бидэнд ямар боломжууд байгаа вэ? Ер нь юу юу хийж өөрийгөө хөгжүүлэх боломжтой вэ?

Боломж хүнийг зүгээр сууж байхад гараад ирдэг зүйл биш. Хүсэж байгаа, хөдөлмөрлөж байгаа хүн өөрөө өөртөө боломжийг бий болгодог. Энэ хугацаанд өөрийнхөө зорилгыг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ гадагшаа сурах төлөвлөгөөтэй, сайн мэргэжилтэн болох хүсэлтэй, өндөр тэтгэлэг авах зорилготой байгаа бол хэлний оноотой болох, тэтгэлгүүд рүү өргөдөл явуулах, Дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдээс би юугаараа ялгарч чадах вэ гэдэг дээрээ илүү төвлөрч өөрт байгаа цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал. 

Хэрхэн өөрийнхөө зорилго, мөрөөдлийг олсон бэ? Одоогийн хийж буй зүйлсээ яагаад хийхээр болов? 

Би илүү олон хүүхдүүдтэй суралцаж хүрээллээ тэлж эхэлснээр би өөрийгөө бусдаас онцгойрох зүйлгүй жирийн л нэг хүүхэд юм байна гэж бодож эхэлсэн. Харин үүний дараагаар би ямар чиглэлээр явах вэ? юу намайг илүү онцгой болгох вэ? гэдэг дээр ажилласан. Тиймээс би боловсролын асуудал дээр илүү анхаарч ажилладаг, асуудлыг шийдвэрлэдэг хүн болох ёстой юм байна гэж шийдсэнээр өөрийн сургалтын төвийг үүсгэн байгуулж контент хийж эхэлсэн. Чөлөөт цагаараа олон зүйлийг туршиж үзсэн. Хүнд онолын мэдлэг чухал ч практик мэдлэг илүү чухал санагдсан. Илүү олон зүйлс туршиж үзсэний үр дүнд л өөрийн зорилго, мөрөөдлийг олно доо.

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Чиний хувьд яагаад GAP year авахаар болсон бэ? 

Миний хувьд би өөрийнхөө мэргэжлийг бүрэн тодорхойлж чадаагүй байсан. Тиймээс эхлээд цагийн ажил хийсэн. Дараа нь өөрийн хүсэж байсан зоригтой алхмуудыг хийж эхэлсэн. Энэ хугацаанд олон зүйл туршиж, хийсэн нь надад маш их зүйлийг сургаж өөрийн үнэт зүйл, ирээдүйн зорилгоо тодорхойлоход маш их тус болсон гэж боддог. 

Бидний үеийнхэнд би чадахгүй бол яана аа гэсэн шинэ зүйл хийхээс айх айдас байдаг. Ийм үеүдэд хэцүү зүйлсийг хэрхэн даван туулсан бэ?

Хүнд GAP year-ийн үед эсвэл оюутан байхад 2 сонголт гарч ирдэг. Чи байдаг л нэг оюутан, байдаг л нэг залуу хүн болох уу эсвэл эрсдэлтэй, зоригтой алхам хийгээд өөр түвшинд хүрэх үү гэдэг сонголтуудтай чи нүүр тулах болно. Миний хувьд сургалтын төвөө анх нээгээд маш олон сорилтууд тулгарч, мөнгөгүй болоод хаалгаа дотроос нь түгжээд уйлах үеүд байсан. Энэ мэт зүйлс тулгарахад хүн яаж сайжрах вэ, яаж энэ асуудлаас гарах вэ гэдэг арга замыг л хайх хэрэгтэй санагдсан. 

Хамгийн сүүлийн бусдад зөвлөмөөр байгаа зөвлөгөө тань юу вэ?

Ямар нэгэн зүйл хийхдээ заавал зорилготой байгаарай. Мөрөөдлөө мөрөөдөл хэвээр нь битгий үлдээгээрэй. Өөрийгөө яаж сайжруулж болохоор байна тэр бүх талаар нь сайжруулах хэрэгтэй. Хүрээллээ зөв сонгож тэр газраасаа ямагт суралцах нь чухал шүү. Мөн орхигдуулж болохгүй нэг зүйл нь өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, энэ талаар мэдээлэлтэй байгаарай гэж зөвлөмөөр байна. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!