Өнөөдөр:2024-05-20

Ичимхий байдлаас салахад тань туслах зөвлөгөө

Та өөрийнхөө тухтай бүсээсээ гарч, олон нийттэй харилцахдаа энгийн үед байдгаасаа ихээр сандарч, хэвийн байдгаасаа өөр болдог уу? Хэрвээ тийм бол энэ нь өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг ичимхий зан юм.

Ичимхий хүмүүс нь интроверт хүмүүсээс ялгаатай нь тэд нээлттэй байхыг хүсдэг ч өөрийнх нь санааг няцааж, өөрийг нь шүүмжлэх вий гэсэн айдсаасаа болоод өөрийгөө дүгнэх дүгнэлт буурдаг. Тийм учраас шинэ орчин, шинэ хүмүүстэй харилцахдаа өөрийгөө нээлттэй байлгахаас илүү бүхий л бодол, сэтгэгдлээ дотроо хадгалахыг илүүд үздэг. Тэгвэл та бүхэндээ хэрхэн ичимхий байдлаасаа зайлсхийж, өөртөө итгэлтэй байдлыг бий болгоход тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

Өөртөө үүрэг оноож, хариуцлага хүлээлгүүл

Сэтгэлзүйчдэд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь ажлын байран дээрээ өөртөө итгэлтэй байдаг ч бусад орчинд ичимхий болчихдог гэнэ. Жишээлбэл, эмч, сувилагч нар өвчтөнтэйгөө харьцахдаа өөртөө болон мэдлэгтээ их итгэлтэй байдаг ч нийгмийн өөр бүлгийн, өөр салбарын хүмүүсийн дунд орохоороо ичимхий болдог хандлагатай байна.

Чи ч мөн тэдний нэг бол олон нийтийн харилцаанд орохдоо өөртөө ямар нэгэн үүрэг оноогоорой. Жишээлбэл, бусдад туслах нь миний үүрэг. Бусдад тухтай мэдрэмж төрүүлэх нь миний үүрэг гэх мэт. Өөртөө ийнхүү үүрэг оноовол элдэв зүйл бодохоосоо илүүтэйгээр өөрийн тэрхүү “үүрэг”-тээ төвлөрч чадна.

Өөрт мэдрэгдэж буй мэдрэмжээ хүлээн зөвшөөр

Бусад бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдийн адилаар ичих нь ч гэсэн хэвийн. Аз жаргалтай байх хэвийн. Гунигтай байх ч хэвийн. Ичимхий байх ч мөн адил. Тиймдээ ч ичимхий зангаасаа салахыг хүсвэл үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Би ичимхий. Гэхдээ үүнийгээ нэг их хүндээр хүлээж авдаггүй. Энэ тухай бодлуудад ч автдаггүй” гэж бодоорой. Ийм сэтгэлзүйг өөртөө суулгаж чадвал ичимхий байдал тань багасна.

Toki аппаас энд дарж боловсролын бүх төрлийн үйлчилгээг аваарай.

Анхаарлыг өөрөөсөө холдуул

Анхаарлаа бусдын бодолд бус ярьж буй зүйлд нь хандуулаарай. Тэд чиний зан чанар болон гадаад байдлын талаар сөрөг бодолтой байгаа эсэхийг тааж суухын оронд тэдний ярьж буй яриа, амьдрал, түүхийг нь чухал хичээлийнхээ лекцийг сонсож байгаа мэтээр чин сэтгэлээсээ сонсож, сониучирхаарай.

Өөртөө хэт хатуу хандах хэрэггүй

Мэргэжилтнүүдийн өгч буй дараагийн зөвлөгөө бол ямар ч орчин нөхцөлд орсон бай өөртөө зөөлөн хандах юм. Буруу зүйл хийснийхээ дараа бодол дотроо өөрийгөө буруутгаж, зүхэх хэрэггүй. Энгийнээр бол бид өөрсдийгөө хэчнээн хатуугаар зэмлэх тусам хүмүүс биднийг тэгж бодож байгаа байх гэж таамаглах нь их байна.

Өөрийнхөөрөө байхыг хичээ

Өөрийнхөөрөө бай гэдэг зөвлөгөөг та залхтлаа л сонссон байх. Гэхдээ магадгүй хамгийн үр дүнтэй зөвлөгөө энэ ч байж магадгүй юм. Тэгвэл өөрийнхөөрөө байх гэж ямар байхыг хэлдэг вэ? Өөрийгөө хэвийн үед байдгаасаа хэт дөвийлгөх ч үгүй, хэт дарах ч үгүй байхыг хэлнэ.


error: Энэхүү контент хамгаалагдсан!