Өнөөдөр:2024-05-20

Герман хэл бие даан сурахад тань туслах үнэгүй 23 эх сурвалж

Аливаа хэлийг бие дааж сурахад тодорхой хэдэн асуудлууд тулгардаг. Тухайлбал олон янзын эх сурвалжаас аль нь бодитой гэдгийг мэдэх, хамтрагчгүй болохоор удаан сурдаг гэдэг ч юм уу. Тэгвэл Герман хэл огт мэдэхгүй эсвэл дээд түвшний мэдлэгтэй эсэхээс үл хамааран, дараах үнэгүй эх сурвалжууд танд тус хэлний талаарх цогц мэдлэгийг олгох болно.

Подкастууд

Австри, Герман, Швейцарь хүмүүсийн Герман хэл дээр өргөн хүрээний сэдвийг хамарсан, сонирхолтой подкаст, радио, өгүүлэл зэргийг дараах эх сурвалжуудаас сонсоорой.

German podcasts: Өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн олон төрлийн сонирхолтой Герман хэл дээрх подкастуудыг сонсох боломжтой.

1st Intergalactic Podcast: Дэлхий дахинд өрнөж байгаа сонирхолтой, олон төрлийн сэдвийг хамарсан подкастуудыг эндээс татаж аваад сонсоорой.

AudibleBlog.de: Улс төр, бизнесээс эхлэн хүүхдэд зориулсан гэх мэт сэдвүүдийн хувьд өргөн хүрээтэй. Мөн сонирхолтой номын хэлэлцүүлгүүд бий.

Slow German: Нэгэн сэтгүүлч бүсгүйн хөтлөн явуулдаг Герман хэл сурахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан. Ялангуяа дээд түвшний мэдлэгтэй суралцагчдад илүү тохирсон подкаст суваг.

Alltagsdeutsch (Deutsche Welle): Германы өдөр тутмын амьдралыг харуулсан хөгжилтэй бөгөөд хачин жигтэй мэдээлэл бүхий радио юм. Онцлог нь бүхий л аудио нь текстэн хэлбэрээр хадгалагдсан байдаг.

Vorleser: Олон төрлийн аудио номуудыг давхар текст хэлбэрээр оруулж өгсөн тул үгний дуудлагыг сурахад их тустай.

Germanpod101: Хичээлийн хэлэлцүүлэг, 1400 гаруй аудио ном, хичээлүүдийг энэхүү эх сурвалжаас аваарай.

Youtube сувгууд

Youtube нь аливаа хэлийг заах хамгийн сайн хувийн багш байж чаддаг гэдгийг бүх хүмүүс мэднэ. Тэгвэл танд дараах сувгууд Герман хэлний, олон цагийн, үр дүнтэй хичээлүүдийг санал болгох болно. Мөн видео хэлбэрээр аливаа хэлийг сурах нь царайны хувирал, биеийн хэл зэргийг эзэмшихэд чухал нөлөөтэй билээ.

GERMAN- NESS: 2015 оноос эхлэн 7 хоног бүр шинэ бичлэгүүд оруулдаг. Энэ сувгаас Герман улсын хотуудын онцлогийг харуулсан чанартай бичлэг үзэх боломжтой.

Jojo sucht das Glück: Энэхүү сувгаас “Deutsche Welle” телевизийн Герман хэл суралцагчдад зориулан гаргадаг цуврал бичлэгүүдийг үзэж болно.

Get Germanized: Долоо хоногт гурван удаа хөгжилтэй, сонирхолтой бичлэгүүдийг цацдаг. Анхлан суралцагчдад зориулан Германы хэлц үг, үлгэр, шүлэг зэргийг тайлбарладаг нь их сонирхолтой.

Easy German: Уугуул Герман хэлтэй хүмүүсийн хийдэг сонирхолтой, чухал сэдвээр хийсэн ярилцлагуудыг энэ сувгаас үзэх боломжтой.

German in Three Minutes: Анхан шатны Герман хэлийг заах 8 цуврал хичээлүүд байршсан. Нэг хичээлийн урт 5 минут үргэлжлэх учраас илүү хялбар, ойлгомжтой байх болно.

smarterGerman: Анхан шатны Герман хэлний дүрмийг маш ойлгомжтойгоор заадаг суваг. Дүрмийн чадвараа сайжруулахыг хүсэж байгаа бол та энэхүү сувгаар зочлоорой.

Цуврал хичээлүүд

MERLOT II World Languages: Олон төрлийн эх сурвалжаас цуглуулсан дүрмийн тест, унших материал, бичлэг зэргүүдийг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй веб хуудас юм. Германаас гадна Англи, Франц, Араб зэрэг хэлнүүдийг судлах боломжтой.

Free Language/ Learn German: Энэхүү сайтаас Герман хэлний онцлогтой холбоотой нийтлэл, сурах аргуудыг сонирхож болно.

Deutsch-Lernen: Энэхүү сайтаас та өөрийн түвшнийг тодорхойлуулан, анхан шатнаас гүнзгий шат хүртэлх хичээлүүдийг үзэх боломжтой. Мөн хичээлүүдээс гадна, түүнд тохирсон дасгал ажлууд ч бий.

Унших материалууд

Nachrichtenleicht: Дэлхий дахинд өрнөж байгаа мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар Герман хэл дээр уншиж болно. Хэлний асуудал тулгарч байгаа хүмүүст Герман хэлний урт үг хэллэг, хэлц зэргийг илүү амархнаар хөрвүүлэн энгийн өгүүлбэрт оруулан хүргэдгээрээ онцлог. 

Neon: Илүү залуу уншигчдад зориулсан сонирхолтой байж болохуйц нийтлэл, мэдээллийг түгээдэг хуудас. Мөн “Хэрэгцээгүй мэдлэг” гэх булан хүртэл байдаг ба үүнд төрөл бүрийн шар, зөвлөгөө мэдээллүүдийг багтаасан байна.

Гар утасны аппууд

HelloTalk: Та ярианы чадвараа сайжруулахыг хүсэж байгаа ч хэнтэй ярилцахаа мэдэхгүй байвал тус апп таны хамгийн сайн хамтрагч байх болно. Уугуул герман хэлтэй хүмүүстэй чатаар харилцаж, холбогдож бүр цаашлан найзууд ч болох боломжтой. Харин эсрэгээрээ өөрийн хэл соёлыг хуваалцахад л хангалттай.

Татах: iOS, Android

Duolingo: Хэл сурахад тусалдаг, хамгийн их хэрэглэгчидтэй, Дэлхийн хамгийн том апп бол Duolingo юм. Судалгаагаар хичээлүүд нь маш үр дүнтэй байдаг нь батлагдсан тус апп зөвхөн Герман хэлнээс гадна бусад орны 34 хэлийг сурах боломжийг олгодог. 

Анхан болон дунд шатны суралцагчид энэхүү аппыг ашиглавал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өдөрт 5 минутыг зарцуулан, сонирхолтой тоглоом тоглон, бусадтай өрсөлдөх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэдгээрээ онцлог. Мөн дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих, сонсох чадваруудаа цогцоор нь энэ аппаар дамжуулан хөгжүүлэх боломжтой. Хэдий сурталчилгааг нуух, интернетгүй үед хичээлүүдээ татаж авах зэрэг үйлчилгээг мөнгө төлж, авдаг ч ихэнх хичээлүүд нь үнэгүй байдаг.

Татах: iOS, Android

Babbel: Энэхүү аппликэйшныг татаж авснаар хялбар үг хэллэг, дүрэм тогтоох, цаашид гадаад хэлийг сонсоод ойлгох чадвар олгох олон тооны хичээлүүдийг үзэх боломжтой. Хичээл тус бүр нь 15 минут үргэлжилнэ. 

Татах: iOS, Android

Drops: Өдөрт тогтмол 5 минут зарцуулан үгээ харж, сонсож мөн зурагтай холбох байдлаар суралцах боломжтой. Мөн ямар нэгэн улс руу аялахад наад захын харилцааны үг, хэллэг зэргийг мэдэх боломжтой минимал апп.

Татах: iOS, Android

Anki: Флашкардын  тусламжтайгаар шинэ үг цээжлэхэд тань туслах апп. Мөн өөрийн сонирхсон хичээлүүдийг сонгон өөрийн гэсэн буланг үүсгэж, түүнийхээ дагуу суралцах боломжтой. 

Татах: iOS, Android


Гэрэл зургийг @monkhoo601

TomYo сар бүр Дэлхийн нэг хэлийг сонгон авч тухайн хэлний онцлог, суралцах арга барил, шалгалтын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх болно. Тиймээс энэ сарыг Герман хэлний сараар сонгосон тул тус хэлийг суралцахад шаардагдах бүх төрлийн дэлгэрэнгүй мэдээллийг “Гадаад хэл” булангаас унших боломжтой.

Хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!